Өвөөгийн маань хувьд хамгийн сайхан баяр Цагаан сар. Учир нь энэ л өдөр үр хүүхэд, ач гуч нараа тойруулан суугаад бүл нэмэн шинээр ирсэн бэр хүргэн, хүн нэмэн шинээр мэндэлсэн бяцхан үрсээ үнэрлэн инээмсэглэж суух нь жаргал. Ёстой л үртэй хүний жаргалыг эдлэн, хүн болж төрөөд нас явж, өтөлснийхөө баярыг тэмдэглэж буй ганц өдөр нь болдог юм.
-Тэр хүү чинь өнөө манай хэний хүргэн, энэ охин чинь манай тэрний том нь гэж ирээд л бүгдийг нь өөр хооронд нь танилцуулна. Өвөө дээр ирсэн хөгшид “Манайх тэр нутаг ус дамжин нүүдэллэж, энд нутагшиж ирсэн юм. Манайхан чинь тэдний удам юм шүү дээ” гээд л удам судраа магтан сайрхаж, далимд нь үр хүүхэддээ ургийн мэдээлэл түгээнэ. Бидний хувьд бараг л гудманд явж таарвал мэндлэхгүй зөрөх цусан холбоо, ясан төрөлтэйгээ цагаан сараар л уулздаг.
Харин цагаан сараар уулзсан бол хожим нь таарвал их л танимхайран мэндэлнэ. Цагаан сар ийм л өргөн дэлгэр, сайхан болдог байж билээ. Гэвч жилийн жилд л цагаан сар ёслол төдий болж, ирэх зочин цөөрсөөр л.
Би өвөөгийнхөө хамгийн сүүлчийн Цагаан сарыг мартдаггүй юм. Эмээ маань хоймортоо суучихаад хэдэн хүүхдээ хүлээж суусан. Том өрөөнд томчууд, жижиг өрөөнд залуус, гал тогооны өрөөнд эмэгтэйчүүд, коридорт хүүхдүүд гээд ёстой л бөгс эргэх зайгүй шинэлдэг байсан нь жилээс жилд цөөрсөөр тэр жил л хамгийн цөөхөн хүнтэй байсан санагдана. Эхэлж ирсэн хэд нь хурдхан золгочихоод “хадмындаа золгохгүй бол болохгүй нь” эсвэл “одоо над дээр хүүхдүүд эхнэр, нөхрөө дагуулаад ирнэ. Очоод хүлээж байлгүй горьгүй”, “ажилтай” гэх зэргээр шалтаг тоочоод гараад явчихна. Ингэж ээлж дараалан цуварсаар эмээ бид хоёр үлдсэн. Өвөө маань данхгар том ууц тавьсан ширээний ард жижигхээн болчихсон, нүдэндээ нулимс цийлэлзүүлэн сууж байж билээ. Аргагүй дээ, бужигнах хүүхэдгүй тэмдэглэх цагаан сар ирнэ чинээ санаагүй биз ээ.
-Хэдэн хүүхдүүд маань том болоод, цөмөөрөө ажил төрөлтэй болохоор хэцүү ч юм аа даа. Яахаараа шинийн 1-нд ажилладаг байна аа гээд л хүүхдүүдийнхээ бурууг ажилд нь тохон сэм өмөөрөн, өмөлзөн суусан атигар жаахан биетэй хэрнээ уул шиг ухаантай өвөө минь одоо ч нүдэнд харагдах шиг болдог юм. Тэр жилээ өвөө маань бурхан болсон юм. Харин одоо манай ах дүү хамаатан садан нэгэн дороо цугларах ховорхон завшаан тохиохоо бараг л больжээ. Хувь хувьдаа, дор бүрнээ өөр өөрсдөө ёсыг бодон гар зөрүүлж шинэлэхчээ аяддаг болж.
Үүнтэй адилаар жил ирэх тусам цагаан сарыг тээршаах хүмүүс элбэгшиж, бараг л “тэмдэглэхээ боливол яасан юм” гэх үгс ч хааяа цухалзах болжээ. Гэвч үр хүүхдийнхээ алгыг тэнийлгэн өгдөг атгахан чихрээ даахгүй бэлэг болтол нь өсгөж, амар мэндээ мэдэлцэн зөрүүлдэг хөөргөө даахаа байтлаа томруулж, ахмад настандаа барьдаг алд цэнхэр хадгаа арав хорин мянгатын дэвсгэртээр сольсноороо цагаан сар бус харин Та бид л буруутай биш гэж үү. Цагаан сар гэдэг бэл бэнчингээ гайхуулдаг баяр бус харин ураг төрлөө танилцаж, амар мэндээ мэдэлцэж, ерөөлийн сайныг хэлэлцдэг ардын маань уламжлалт сайхан баяр юм шүү.
Монгол хүн гэдгээ энэ л өдөр мэдэрч, хахир хатуу, хүйтэн өвлийг давж урин хавартай золгосны баяр болгон билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг өнө эртнээс өвөг дээдэс минь тэмдэглэн ирсэн. Үндэснийхээ өнгө төрх, ёс жудгаа хадгалан үлдсэн Монгол түмэн та бидний баяр яах аргагүй Цагаан сар. Ганц баяр гэж туйлшралгүй энэ ёс жудгаа цаашид хадгалан үлдэх нь залуус та бидний эрхэм үүрэг бөгөөд Монгол түмний минь соёлын үнэт өв болох юм.
Тиймээс эрхэм Монгол түмэн Та бүхэн Сар шинийн баярын өдрүүддээ өтгөс буурлуудынхаа ачийг санан хүндэтгэж, тэднээс ухаант үгс, захиас сургаалийг нь сонсож, үр хүүхдүүддээ садан төрлийг нь таниулж элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан сайхан шинэлээрэй. Ирж буй жилдээ өөдөө бадамлах гал шиг, өдөр болгон өөдлөн мандаж явахын өлзийтэй сайхан ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлж байна.