УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Монголоо таниулъя” нэртэй тав дахь номынхоо нээлтийг өчигдөр “Интер” номын дэлгүүрт хийлээ. Тэрбээр өмнө нь “Америкт суралцсан тэмдэглэл”, “Миний ажлын ноу-хау”, “Гэрт болсон яриа”, “Ногоон нүдэн лам” ном бичсэн юм.
Соёл, спорт, аялал жуулчлалын сайдаар хоёр жил ажиллахдаа тэрбээр монгол хүн, Монгол Улсын давуу талыг олон улсад танилцуулж байж хөгжинө гэдгийг ухаарсан гэнэ. ССАЖЯ өнгөрсөн арванхоёрдугаар сард татан буугдахад эрхэм гишүүн гүн цочролд орсноо нуусангүй.
“Сул” гишүүн болж ажлын ачаалал буурсан учраас сайдаар ажиллахдаа төрсөн санаа, туршлагадаа тулгуурлаад “Монголоо таниулъя” номоо сарын хугацаанд л бичсэнээ хуучлав. Зочноо ойлгож үйлчлэх ухаан, аялал жуулчлалын зах зээлийн хуваарилалтын талаар түүний номоос уншиж болно.
Уг номонд олон бизнес санаа байгааг зохиогч онцлоод “Миний номыг унших бүх хүн сайдын хэмжээнд сэтгэж, эдгээр санааг хэрэгжүүлээсэй” хэмээн хүслээ. “Монголоо таниулъя” ном жуулчдад гарын авлага, бас “хөтөч” болно.
С.УУЛ