Монголчууд эртнээс олон төрлийн ургамлыг төөнүүр болон эмийн журмаар хэрэглэж ирсэн түүхтэй. Аливаа орны ард түмний уламжлалт эмчилгээний арга барил нь оршин буй газар нутгийн онцлогоос хамаарч ялгардаг. Эрс, тэс уур амьсгал, жилийн дөрвөн улиралтай манай орны хувьд уламжлалт эмчилгээг өдгөө ч өргөн ашигласаар байгаа. 1261 онд Хубилай сэцэн хаан Монгол отчийн сургууль байгуулсан тухай түүхэнд тэмдэглэжээ.
Улмаар XVI зуунаас Монголд шарын шашинтай хамт Энэтхэг, Төвдийн анагаах ухаан нэвтэрч, монгол оточ нар өвчин оношилж, эмчлэх аргаа боловсруулан ичга буюу анагаах сурах бичгийг төвд хэлээр бүтээх болсон байдаг. XVII зуунд Ламын гэгээний анхдугаар дүр Лувсанданзанжанцан Манба дацан хэмээх отчийн сургууль байгуулжээ. Энэ сургуулийг дүүргэсэн хүн тусгай багаж буюу эмийн манхаг авах эрхтэй болдог байжээ.
Эмийн манхаг гэдэг нь эм агуулах уут гэсэн утгатай төвд үг юм. Эрт үеэс оточ маарамбыг найман наснаас нь эхлэн хориод жил бэлтгэж, шалгалт авч эмчлэх эрх олгон, эмийн манхаг өгч байжээ. Ингэхдээ эхлээд судас барих эрдэм зааж, 10-20 нас хүртэл нь эрүүл хүний судас бариулаад, дараа нь өвчтэй хүний судас бариулах зэргээр харьцуулан сургадаг байв.
Мөн эмийн ургамал таних, эм найруулах, хануур төөнүүр хийх эрдэм ухааныг зааж сургаж байжээ. Тэр үед манхаг буюу эмийн сав нь нэг төрлийн диплом болдог байж. Манхгийг ямар материалаар хийснээр нь эмчийн зэрэг дэвийг мэдэж болно. Цол зэрэг нь маарамба, аграмба гээд шат шатаар ахидаг бөгөөд таван ухаанд нэвтэрсэн хүнд бандида цолыг олгодог байжээ.
Хэнтий аймгийн музейн сан хөмрөгт буй энэхүү эмийн манхаг нь дотроо 20 ширхэг (янз бүрийн хэмжээтэй, арьсан болон савхин) ууттай, төмөр, зэс, гуулиар хийсэн таван ширхэг, тунгийн халбагатай аж. Халбаганы урт 14.9-21.9 см. Арьсан уутнуудад төрөл бүрийн эм, тан хийж амсрыг нь сураар хумьж боосон бөгөөд уутны амсарт төвд бичигтэй модон пайз зүүсэн байна. Уг төвд бичээсүүд нь тухайн уутан доторх эм тангийн нэр байж болох бөгөөд мөн зарим уутанд даавуунд боолттой будаа байдаг гэнэ.
Ж.СОЛОНГО