Мод, модны хаягдлаар ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Х.Тунгалаг уг нь эрх зүйч мэргэжилтэй. Гэхдээ хүүхэд байхаасаа л зураг зурах, оёж хатгах дуртай байсан тэрбээр эрүүл мэндэд ээлтэй, гараар урласан, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх чин хүсэлтэй. Түүнтэй уулзахаар 220 мянгатад байрлах “Village house” компанийнх нь байранд очлоо. Компаниа байгуулаад удаагүй байгаа болохоор одоохондоо орон сууцны зоорийн давхарт хоёр өрөө хөлслөн нэгэнд нь үйлдвэрлэлээ эрхэлж, нөгөөд нь дэлгүүрээ ажиллуулж байгаа аж. Гэхдээ уран гартай бүсгүйн ачаар тэдгээр өрөө ердийн нэг подвал шиг харагдсангүй. Эмх цэгцтэй өрсөн моднууд “үйлдвэр”- ийн өрөөнийх нь нэг ханыг эзэлж, нөгөө талд нь гараас гаргаж амжаагүй бүтээгдэхүүнүүд харагдана.
Х.Тунгалагийн хэлснээр ганц модноос 100 гаруй төрлийн бүтээгдэхүүн гардаг гэнэ. Хаягдлын хэмжээнд тааруулж үзэгний сав, ээмэг, бөгжний хайрцаг, хүүхдийн тоглоом, санал хүсэлтийн хайрцаг, самбар гээд олон бүтээгдэхүүн хийдэг аж. “Шүдний чигчлүүр ч гэсэн бүтээгдэхүүн. Тийм болохоор хаягдал бүрээ хадгалж, бүтээгдэхүүн болгохыг хичээдэг” гэж тэрбээр ярьсан юм. Тэрбээр “Эмэгтэй хүн хүүхэд төрүүлээд л амьдрах орчин, аюулгүй байдалдаа өмнөхөөсөө илүү санаа зовж, эрүүл орчинд хүүхдээ өсгөх талаар бодож эхэлдэг юм билээ. Бидний эдэлж хэрэглэдэг тавилгын дийлэнхийг ДСП хавтангаар хийдэг. Энэ хавтанг модны үртсийг цавуутай хольж, үйлдвэрийн аргаар шахаж гаргадаг юм.
Харин цавуу нь химийн янз бүрийн найрлагатай, муухай үнэртэй, хүний биед сөрөг нөлөөтэй байдаг. Хүмүүс үүнийг мэддэг ч хямдхан болохоор нь худалдаж авдаг. Тиймээс би хоёр жилийн өмнөөс цэвэр мод, модны хаягдлаар бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр шийдэн, маш удаан судалж, суралцаж байгаад өнгөрсөн жилийн гуравдугаар сард анхны бүтээгдэхүүнээ хийсэн” гэв. Х.Тунгалагийн анхны бүтээл нь Шинэ жилийн баяраар хүүхдийнхээ гацуурыг тойруулан хатгасан хашаа, сүлд модны төрөл бүрийн модон чимэглэл байжээ. Тэр үед л бага насных нь зурах, чимэглэх сонирхол сэргэж, модоор үйлдвэрлэл эрхлэх санаа олсон байна. Ингээд “Хангай” захаас мод худалдан авч, өчүүхэн ч хаягдал гаргалгүй ажиллаж эхэлжээ.
Х.Тунгалаг бүтээгдэхүүнээ байгальд ээлтэй, хүний биед ямар нэг сөрөг нөлөөгүй болгохын тулд усан суурьтай будаг хэрэглэдэг аж. Ийм будаг модны ширхэг, судлыг маш сайн тодруулахаас гадна хурц үнэргүй, биедээ хүргэсэн ч ганц угаахад арилдаг байна. Х.Тунгалаг бизнестээ дүүгээ “уруу татжээ”. Дүү нь мөн зурах, чимэглэх сонирхолтой болохоор эгчтэйгээ хамтран ажиллаж байгаадаа баяртай байдаг гэсэн. Модоор үйлдвэрлэл эрхэлдэг олон байгууллага бий ч “Village house” компани чамин хийц, содон зураг чимэглэл, тод өнгөтэй бүтээгдэхүүнээр тэднээс ялгарна. Бүтээгдэхүүнийхээ загвар, дизайныг Х.Тунгалаг өөрөө гаргадаг юм байна.
Биднийг очих үед “Village house”-ийнхан цайны аяганы тавиур хийх шинэ захиалга авсан байлаа. Хэрэглэгчдийн дунд үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн үнэтэй гэсэн ойлголт бий. Тиймээс тэдний бүтээгдэх үүний үнийг сонирхсон юм. Шинээр хийж буй цайны аяганы тавиур гэхэд 55 мянган төгрөгийн үнэтэй аж. Цэвэр мод, усан суурьтай будгаар урласан бүтээгдэхүүн эдэлгээний хувьд ДСП, хуванцар эдлэлийг бодвол чанартай, эдэлгээ даадаг. Зарим хүн гадаадаас оруулж ирсэн 100 хувь модон бүтээгдэхүүн авах хүсэлтэй байдаг. Гэхдээ манайхан мод, модон эдлэлийн чанарыг ялгаж мэддэггүйг Х.Тунгалаг хэлж байсан. Жишээ нь, гадаадаас оруулж ирсэн цэвэр модон гэгддэг ихэнх бүтээгдэхүүнийг паниараар хийсэн байдаг аж.
Х.Тунгалагийн хийсэн тоглоом, дурсгалын зүйлс, тавилга зэргийг гадаадын жуулчид захиалж авах нь их гэнэ. Энэ тухай тэрбээр “Гадаадынхан хоол хүнснээсээ эхлээд эдэлж хэрэглэх бүх зүйлийнхээ чанарт их анхаардаг. Тиймээс захиалсан бүтээгдэхүүнд нь ямар материал ашиглахыг маш нарийн мэдэхийг хүсдэг. Анх бид үзэсгэлэн худалдаануудад оролцож, бүтээгдэхүүнээ борлуулдаг байлаа. Одоо фэйсбүүк, твиттер хуудсаар дамжуулж гадаад, дотоодоос захиалга авч байгаа. Зарим хүн модны хаягдлаар хийсэн бүтээгдэхүүн гэхээр голох хандлагатай байдаг. Бидний зорилго бол гаднаас оруулж ирдэг гэр ахуйн модон эдлэлийн тал хувийг ч болтугай дотооддоо үйлдвэрлэх” гэсэн юм.
Э.НЯМДУЛАМ