Гэгээн хайрын валентиний баяр аравхан хоногийн дараа болох гэж байна. Энэ баяр нь арьс өнгө, шашин шүтлэг үл хамааран хосууд бие биедээ хайраа илчилж, нэгнийгээ баярлуулдаг хамгийн гэгээхэн мөч байдаг. Тэгвэл УДЭТ-ынхан хайрын баярыг угтаж "Хэлж зүрхлээгүй хайр" уянгын драмын жүжгээ энэ сарын 13-15-нд тоглох гэж байна. Өмнө нь “Нууц амраг чинь болъё” нэртэйгээр тайзнаа тавигдаж байсан энэхүү жүжгийн гол дүрд соёлын тэргүүний ажилтан Ц.Баясгалан, Г.Эрдэнэбилэг,Г.Амгаланбаатар, С.Болд-эрдэнэ, Д.Баттөмөр
М.Тогтохжаргал, Б.Одончимэг нар тогложээ.
С.Жаргалсайханы зохиол, найруулагч төрийн соёрхолт Н.Наранбаатарын
"Хэлж зүрхлээгүй хайр" жүжиг нь залуусын хайр дурлалын ээдрээ, нөхөрлөл, нэг нэгнээ хүндэтгэх зэрэг тэдний олон талын харилцааг өгүүлжээ.
Соёл Урлагийн Их Сургуулийн жүжигчний төгсөх курсийн нэг ангийн оюутнууд, азгүй дурлалын эзэн болж хаягдсан Жавхлан, хөнгөн хийсвэр явдалтай гэгдэх Шүр, “өвгөн” гэж ангидаа хочлогддог ч үүндээ ердөө сэтгэл гутардаггүй ангийн дарга Дэлгэр, хайртай хэрнээ нэрэлхүү зандаа хөтлөгдөөд одоог хүртэл уучлал гуйж чадахгүй дөлж яваа Оргил, “хаачсан ч яахав, яасан ч яахав” гэсэн уриатай Цогт, хашир хэрсүү нь дэндсэн Хулан зэрэг залуус өөрсдийн бяцхан завиа амьдралын их далайд хэрхэн залахыг уг жүжгээс үзэх боломжтой.