Бүсгүй минь бүсгүй минь Бүр холын гэрэл гэгээ минь... хэмээн дуулж, дурлалаа илэрхийлж явсан залуус 1990- ээд оныхон дунд олон болов уу. “Элкондор” хамтлагийн нэрийн хуудас болсон “Бүсгүй”, “Тавилан” зэрэг дууны хөгжмийг бичсэн ая зохиогч Ч.Төгсбаяр Архангай аймгийн Хөгжимт драмын театрт ажилладаг. “Мотив” хамтлагийн “Чи минь ганцхан”-аас эхлээд дуучин Г.Чинболорын “Зүрхэнд тэмүүлэх сэтгэл”, ноён Бондгорын “Дүү минь” гээд оюутан, залуусын аманд “хүлхэгддэг” олон сайхан дууны эзэн тэрбээр энэ сарын 11-нд Улаанбаатарт анх удаа тоглолт хийхээр ирээд буй. Сүүлийн үед жүжгийн хөгжим рүү сэтгэл нь алдуурч, дууны уран бүтээлээс дутахааргүй тэмүүлэн татагдах болсон түүнтэй ярилцлаа.
-Орон нутгийн уран бүтээлчид, тэр дундаа хөгжмийн зохиолч, яруу найрагчид хотод тоглолт хийх амаргүй байдаг гэдэг. Тан тоглолтын бэлтгэлээ хэр хангаж байна даа?
-Хотод суурин байдаггүй учраас дуучидтайгаа холбоо тогтоохоос эхлээд хөдөөгийн бидэнд хүндрэл, бэрхшээл байна аа. Гэхдээ ямар ч байсан “Мөнх тэнгэрийн орон” нэртэй тоглолтын маань бэлтгэл 80 шахам хувьтай байгаа. “Элкондор”, “Мотив”, “Классик жем” хамтлаг болон гавьяат жүжигчин Ө.Уянга, Х.Болормаа, соёлын тэргүүний ажилтан Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, Э.Төрмандах, А.Түмэн-Өлзий, Д.Ариунбаатар, Г.Чинболор, М.Отгонгэрэл, ноён Бондгор тэргүүтэй дуучин, “Болор цом”-ын эзэн яруу найрагч А.Эрдэнэ-Очир зэрэг уран бүтээлч оролцох юм. Мөн манай Архангай аймгийн хөгжимт драмын театраас уран бүтээлчид ирнэ.
-Хөгжмийн зохиолч, яруу найрагчид нэг тоглолт хийх гэж дуучдаа их царайчилдаг юм шиг санагддаг. “Миний уран бүтээлийг дуулсан юм чинь ирэх байлгүй дээ” гээд сурталчилгаан дээрээ нэрийг нь оруулчихдаг. Гэтэл яг цагаа тулахаар нөгөөдүүл нь ирэхгүй байх тал бий. Танд цаадуул чинь “үнэд орж” байна уу?
-Үнэндээ би сарын өмнөөс л тоглолт хийе гэж шийдээд, зүтгэсэн юм. Тиймээс цагийг нь нэлээд тулгаж хэлсэн болохоор ганц нэг дуучны хувьд ийш тийшээ тоглолтоор явахаар эрт төлөвлөсөн зүйл байгаа юм шиг байна. Гэхдээ аль болохоор нэр заасан дуучдаа бүгдийг нь тоглолтдоо оролцуулахаар хичээж байгаа.
-Ч.Түвшин найруулагч та хоёр нэлээд хэдэн жүжиг дээр хамтарч ажилласан. Таны тоглолтыг тэр найруулж байгаа юу?
-Улсын драмын эрдмийн театрын найруулагч Ч.Түвшин, “Гэгээ” уран бүтээлийн нэгдлийн захирал, миний багын найз Цогтбаатар хоёр тоглолтыг минь найруулж байгаа. Ч.Түвшин найруулагч бид хоёрын хувьд нийтдээ найман жүжиг дээр хамтарч ажилласан. Сүүлд 2013 онд “Норовын намтар” хүүхдийн жүжгийн хөгжмийн зохиолчоор ажиллаж байхад туслах найруулагч нь Э.Ёндоншарав байсан юм. Тэр үед зан зангаа таньсан юм байлгүй, өнгөрсөн жил намайг “Буруугүй буруутан” жүжгийнхээ хөгжмийг бичээд өгөөч гэж санал тавьснаар Э.Ёндоншарав найруулагчтай хамтарсан. Байнга хот руу орж ирээд байж чадахгүй учраас төв газрынхаа уран бүтээлчидтэй ойр дотно ажиллах боломж бидэнд хомс байдаг л даа.
-Нэгэнт л ая зохиодог юм чинь хөгжмийн бүх төрлөөр бичиж үзье, томоохон хэмжээний бүтээл рүү оръё гэдэг бодол танд байдаг уу?
-Би аравдугаар анги л төгссөн хүн шүү дээ. Тиймээс хөгжмийн томоохон хэмжээний бүтээл хийхэд миний боловсрол арай чамлагдана л даа. Дуу, жүжгийн ая зохиогоод, хөгжмийн найруулгаа хийгээд явахад л болно.
-Хөгжим бичихэд боловсролын диплом чухал гэж үү. Сэтгэлийн гал, онгод, мэдрэмжээр төрдөг юм биш үү?
-Аль аль нь чухал. Дууны ая, жүжгийн хөгжмийг мэдрэмжээр биччихэж болно. Харин томоохон хэмжээний бүтээл бол өөр.
-Одоо ч болов их, дээд сургуульд сурахыг хүсдэг үү?
-СУИС-д эчнээгээр сурна гэж боддог. Энэ жил амжсангүй.
-Та дуучдад хэр өгөөмөр загнадаг вэ. Таны зохиосон дууг олон түмэнд хүргэж байвал болно гэдэг үү, эсвэл зах зээлийн нийгмээ дагаад үнэ хөлсөө эхэлж тохирдог уу?
-Хүн хүнээсээ л шалтгаалах байх. Миний хувьд дуучдаас мөнгө нэхэж чаддаггүй юм аа. Тэд чинь надаас дуу авлаа гэхэд хөгжмийн найруулга, хоолойны бичлэг хийлгэх, дараа нь дүрсжүүлэх гээд нэг уран бүтээл олон дамжлага давж байж үзэгчдэд хүрдэг. Тиймээс үнэ хөлсөө түрүүнд ярих аргагүй. Яах вэ, тэр хүн өөрийнхөө сэтгэлийн хэрээр хэд гурван төгрөг өгвөл татгалзахгүй.
-Танай гэр бүлийн хүн дуучин болохоор дуучдын зовлонг сайн ойлгодог байх даа?
-Тийм ээ. Манай гэр бүлийн хүнийг Ж.Нямсүрэн гэдэг. Аймгийн Хөгжимт драмын театрт дуучин. Би гэртээ дуу бичлэгийн жижиг студи ажиллуулдаг юм. Тэндээ театрынхаа дуучдын уран бүтээлийг аль болохоор бага зардлаар хийж өгөхийг хичээдэг.
-Манай зарим томоохон хөгжмийн зохиолчдийг “хоёр гартай” гэдэг юм билээ. Ахиухан мөнгө өгвөл чанартай, сонсголонтой аялгуу хийдэг, бэлээр жаахан ядмаг оюутнуудад бол нэг тиймэрхүү бүтээл өгдөг гэж. Таныхаар урлагт ийм зүйл байж болох уу?
-Арай үгүй байлгүй дээ. Уран бүтээл гэдэг чинь хүний сэтгэлээс урган гардаг зүйл. Тиймээс дуу хийнэ гэдэг бол мөнгөнд нь тааруулаад барьдаг барилга биш. Үнэхээр сайн шүлэг байвал аялгуу нь аяндаа урсаад л гарна. Гэтэл “Өө, энэ ая илүү гоё болох гээд байна. Дуучин нь мөнгө өгөөгүй юм чинь хэр тааруу юм хийнэ ээ” гэж болохгүй.
-Таны анхны дуу “Элкондор”- ын “Тавилан” гэдэг. Энэ дууны шүлгийг дүү тань бичсэн гэл үү?
-1989 онд тэр дуу төрсөн. Миний төрсөн дүү Ч.Мөнхбаяр дунд сургуулийн сурагч байхдаа шүлгийг нь бичсэн. “Тавилан” дууг анх манай Сэнгээ гэдэг найз дуулсан юм. Тэр үед хөгжмийн найруулгыг нь “Элкондор”-ын Амарзаяа хийж байсан юм билээ. Тэгээд манай хүн хоёр, гурван жилийн дараа хамтлаг байгуулаад, “Тавилан”-г анх дуулж, олонд хүргэсэн түүхтэй.
-Таны дуу хит болж байгааг та өөрөө хэзээ мэдсэн бэ?
-Нэг удаа хотод иртэл найз маань “Чиний дуу FM радиогоор яваад байна” гэдэг юм байна. Тэгтэл үнэхээр “Элкондор” гэдэг хамтлаг дууг минь дуулж байсан. Тэгээд тэднийг сурагласаар яваад “Сансар”-ын тэндэх бэлтгэлийн байранд нь очиж уулзсан даа. Тэр үед Хэрлэн, Амарзаяа хоёр “Хөгшөөн, дахиад дуу байна уу” гэхээр нь зохиолч Г.Аюурзанын шүлгэнд ая хийсэн “Хамжааргагүй дурлал” дуугаа өгч билээ. Тэр дуу маань ч үзэгчдэд нэлээд хүрсэн. “Бүсгүй минь” дууг тэд нэлээд сүүлд авсан.
-Зохиолч Г.Аюурзанын шүлгээр “Хамжааргагүй дурлал” дуу хийсэн түүхээсээ хуваалцахгүй юү?
-Энэ дуу их л хурдан төрсөн юмдаг. Би Архангайд бас нэг амьд хөгжмийн хамтлагтай. Нэг орой хамтлагийнхантайгаа бэлтгэл хийчихээд иртэл ширээн дээр баахан ном байсан. Тэр өдөр дүү маань яруу найргийн наадамд түрүүлээд, тэдгээр номоор шагнуулсан юм билээ. Тэдэн дунд Г.Аюурзана зохиолчийн ном байсан. Өнөөхийг нь эргүүлээд үзтэл “Чинийх болсонгүй” гэдэг шүлэг шууд л нүдэнд туссан. Таван минутын дотор ая нь төрсөн. Ямар ч засвар ороогүй.
-Зохиолч тэр шүлгээ дуу болсныг мэдсэн болов уу. Та хоёр уулзаж байв уу?
-Бид яг нүүр тулан уулзаж байгаагүй. Уулзах юмсан гэж хүсдэг шүү. Би Г.Аюурзана зохиолчийг маш их хүндэлдэг. Хүнээс дам сонсоход “Би ганц дуутай хүн” гэдэг гэсэн. Тэгэхээр ямар ч байсан дуугаа сонссон шиг байгаа юм.
-Эдийн засгийн хямрал орон нутгийн театруудын төсөвт нөлөөлж байна уу. Архангай аймгийн Хөгжимт драмын театрын хөгжил, уран бүтээлийн бодлого, боловсон хүчин ер нь ямархуу байгаа вэ?
-Манай театрын боловсон хүчин хурдацтай залуужиж байгаа. Эрч хүчтэй олон залуус нэг дор ажиллах сайхан шүү дээ. Гэхдээ сүүлийн нэг, хоёр жилд эдийн засгийн хүндрэлээс болоод театрт шинэ уран бүтээлч авах боломжгүй байдаг бололтой юм билээ. Орон нутгийн засаг захиргаанаас бас дэмжих хэрэгтэй юм шиг санагддаг.
-Сүүлийн жилүүдэд хамтлаг, дуучид аймаг, сум, багуудаар их явж тоглодог болсон. Үүнээс болоод орон нутгийн театрын үзэгчдийг “булаах” хандлага ажиглагдаж байна уу?
-Менежментээ сайн хийгээд, төлөвлөгөөтэй байхад тийм зүйл нэг их гарахгүй дээ. Хотоос ирэх уран бүтээлчдийн тоглолтоос зөрүүлж, хөдөөгүүр явахаа төлөвлөнө шүү дээ. Нэг үеэ бодоход манайхан үзвэр их үздэг болсон.
-Та хаана аравдугаар анги төгссөн бэ. Яагаад их, дээд сургуульд ороогүй юм бэ?
-Би Цэнхэр сумын найман жилийн сургуулийг дүүргээд, Архангайн төвд аравдугаар анги төгссөн. Намайг аравдугаар ангид байхад буюу 1988 онд Багшийн дээдийн Дуу хөгжмийн багшийн ангид оюутан элсүүлж авах шалгалтын комисс ирсэн юм. Бүх сум, аймгийн төвийн хамгийн шилдэг гэсэн уран сайханчид, сурагчид цуглалаа. Би ч чаддагаар нь гитараа үүрээд очсон. Хөгжмийн хэмнэл, сонсгол гээд нэлээд хэдэн зүйлээр шалгахад би нэгдүгээрт жагссан. Тэгээд Багшийн дээдэд шалгалт өгөхөөр аавтайгаа хоёулаа хотод ирж байгаа юм. Гэтэл яагаад ч юм аймгуудаас шалгарч ирсэн хүмүүсийн дунд би ганцаараа сурагч байсан. Бусад нь бүгд Хөгжим бүжгийн юм уу, Соёлын дунд сургууль төгссөн мэргэжлийн хөгжимчин байж таарсан. Шалгарсан 40 гаруй хүнээс эхний шатны шалгалт авч, 12-ыг үлдээхэд би зургаад эрэмбэлэгдсэн. Хоёрдугаар шатанд бас наймд жагссан учраас Багшийн дээдэд орох нь тодорхой гээд бодож байтал эцсийн шалгаруулалтын өмнө “Уучлаарай. Багшийн дээдэд 12 хүн биш, 11-ийг элсүүлэх ёстой байсан юм байна. Энд аравдугаар ангийн нэг хүүхэд байгаа учраас түүнийг хаслаа. Тэр хүүхэд аймагтаа очоод, театртаа шалгалтгүйгээр орох эрхтэй. Тэндээс хөгжмийн онолын талаар мэдлэгтэй болоод ирэх жил Багшийн дээдэд элсээрэй” гээд намайг хассан даа (инээв). Одоогийнхоор бол тэнд нэг бульхай л орсон шиг байгаа юм.
-Танд их харамсалтай санагдсан уу?
-Хүүхэд байсан болохоор сайн учрыг нь олоогүй л дээ. “Дараа жил шалгалтгүйгээр авна” гэдэг үг нь гоё санагдаж билээ. Тэгээд аймагтаа буцаж очоод, аравдугаар анги төгсөх шалгалтаа өгчихөөд театрт бүрээчнээр орсон. Удалгүй ээж маань өөд болсон учраас амьдралын шаардлагаар нөгөө сургуульдаа ч явж чадаагүй.
-Аравдугаар ангиа төгсөөд театрт орсон цагаасаа хойш тасралтгүй тэндээ ажиллаж байгаа юу. Таны урлагийн амьдрал хэр адармаатай өнгөрөв?
-Зах зээлийн үед манай театр их хэцүү байсан л даа. Театртаа дөрвөн жил ажиллаад би 1992 онд цэрэгт явах болсон юм. Гэтэл аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга комиссынхон дээр ирээд “Манайх үлээвэр хөгжмийн анги байгуулах гэж байгаа тул чи цэрэгт явах хэрэггүй. Цагдаад алба хаа” гээд намайг үлдээчихэж билээ. Цагдаад гурван жил ажилласан. Миний хийх ажил биш юм билээ.
-Тэгээд үлээвэр хөгжмийн анги байгуулаагүй юм уу?
-Ямар юмных нь үлээвэр хөгжмийн анги байх вэ. Хөгжимчид нь ч хаана байгаа юм. Би ганцаараа бүрээ үлээгээд зогсож байлтай биш. Тиймээс би жижүүрийн, эргүүлийн, эрүүлжүүлэхийн цагдаа хийсэн дээ. Цагдаагаас гараад, хотод ирж өөр янз бүрийн ажил хийсээн хийсэн. Хараагүйчүүдийн хамтлагт орж, нэг хэсэг орон нутгаар тоглолт хийж явдаг байлаа. Сүүлд нь зах дээр хүртэл наймаа хийж үзсэн. Тэгээд 2000 онд театртаа буцаж орсон.
Л.ГАНЧИМЭГ