Та ч бас авьяастай, таны гар ч бас уран. Өөрийнхөө дотоод ертөнц дэх нууц авьяасаа нээж, багын мөрөөдлөө биелүүлэн басхүү алжаалаа тайлж, хурдацтай нийгмийн хөгжлөөс сэтгэлээ түр холдуулахыг хүсдэг хүмүүс керамик урлалын төвийг зорьдог юм билээ. Монголчууд өмнө нь дотооддоо шаазан эдлэлээ үйлдвэрлэдэг байсан ч үйлдвэр нь татан буугдсанаас хойш Дүрслэх урлагийн сургуульд керамик урлалын анги л үлдсэн. Нэгэн үе энд сурч төгссөн мэргэжилтнүүд хийх ажилгүй, энэ чиглэлээрээ бүтээлээ туурвиж чадахгүй байсан. Тэгвэл өдгөө керамик урлал хийх нь нэг төрлийн хообий болжээ.
Үүнийг зүтгэлтэй уран бүтээлч, сэтгэлтэй хөрөнгө оруулагчдын ач тус хэмээн үзэж болно. Хэдэн жилийн өмнө “Керамик арт студи”-ийг байгуулагдахад тэднийхээр зочилж, оюутнуудтай уулзаж байлаа. Орчин үеийн шатаах зуух, мэргэжлийн багш, зориулалтын байр гээд бүх зүйл нь анхаарал татсан. Тэдний сургалт өдгөө ч амжилттай үргэлжилж, өөр урлангууд ч байгуулагдсаар байна. Саяхнаас “Бүтээлч урлан”-гийнхан энэ чиглэлийн сургалтад хүмүүсийг бүртгэж буйгаа олон нийтийн сүлжээгээр зарласан. Холливудын алдарт “Сүнс” киног үзэхдээ анх керамик урлалын хүрдийг харж байж билээ. Киноны гол дүрийн бүсгүйд тоглодог жүжигчин Деми Мур ваар урлаж суудаг шүү дээ. Хүрд нэгэн хэмнэлээр эргэхтэй зэрэгцэн урлаач нь ч гэсэн жигд хүчээр хэлбэр гарган, анхааралтай ажиллах ёстой юм билээ. Үүнийг “Керамик арт студи”-д очих бүртээ л хардаг. Ваар хийдэг зориулалтын шавар Монголд байхгүй учраас тэд Солонгосоос авдаг. Басхүү өндөр үнэтэйд тооцогдох энэ шаврыг хайхрамжгүйгээсээ болж эвдлээд, юу ч хийж чадахгүй бол харамсалтай.
Шаазан эдлэлийг хүрдэн дээр ажиллахгүйгээр ч хийж болно. Яг л баримлын шавраар дуртай зүйлсээ хийдэгтэй ижилхэн. Давуу тал нь, өндөр градусын зууханд бүтээлийг тань шатааж, хэлбэр нь алдагдахааргүй бат бөх болгочихно. Элс, баримлын шавраар орд харш, машин, бөмбөг хийдэг байсан бага насны дурсамжаа санагалзан урлан бүтээх мэдрэмж, авьяасаа хөгжүүлэх нь хэнд ч таатай. “Керамик арт студи”-ийнхэн бямба, ням гаригт сургалт явуулдгаас гадна саяхан сурагчдын амралтыг тохиолдуулан түргэвчилсэн сургалт зохион байгуулсан юм билээ. Энэ үеэр хүрдний ангийн төлбөр 100.000, үндсэн ангийнх 75.000 төгрөг байжээ. Мөн энэ сургалтад бүх насны хүн хамрагдах боломжтойгоороо давуу талтай. Бага насны хүүхдийг харгалзах хүнтэй хичээллүүлдэг. Хөтөлбөрт хамрагдан суралцахдаа 150-200 мянган төгрөгөөр үндсэн болон хүрдний ангид сурах боломжтой. Сургалтын төлбөрт нь хичээлийн бүх материал багтсан учраас санаа зовох зүйлгүй. Шавраас шаазан эдлэл болохын тулд олон үе шат дамждаг юм билээ.
Эхлээд шавраар бүтээлээ хийж хатаасны дараа 1000-1500 градуст шатаадаг. Шатааж бэхжүүлсэн бүтээлээ будна. Ийнхүү таны 10-14 хоногийн уйгагүй хөдөлмөр бүтээлийг тань бий болгодог юм. Тус урланг төгс өгч Ч.Мөнхбаясгалан “Хүссэн зүйлээ хийж сурлаа. Хүн бүр л хийж үзэхийг хүсдэг зүйлтэй. Эмэгтэй хүн болоод ч тэр үү гоё шаазан аяга харчихаад хийж үзэхийг хүссэн. Багаасаа л элс, гурил бариад элдэв юм хийдэг байсан учраас одоо илүү удаан эдлэх зүйл хийж буйдаа баяртай байна” гэж ярив. Мөн Б.Ундрах “Би дизайнер мэргэжилтэй. Керамик урлал заалгаснаасаа хойш найзуудынхаа төрсөн өдрөөр давтагдашгүй цор ганц бэлэг өгч чаддаг болсон. Анх би шар шувуу хийж сурсан. Дараа нь хүмүүсийн захиалгаар дөрвөн удаа үүнийгээ хийсэн” хэмээв. Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, монгол урлаачдын бүтээлийг амилуулж байгаа керамик урлалын студийн үйл ажиллагаа улам өргөжиж үйлдвэр болтлоо өргөжин тэлэх болтугай. Эдгээр урлангаар зочлон залуусын хийсэн бүтээснийг үзэж явахдаа хэзээ нэгэн өдөр бид эх орондоо үйлдвэрлэсэн шаазан аягаар идээ, ундаа дүүргэн зочдоо угтан дайлдаг болох байх гэсэн итгэл төрсөн шүү.
Ж.СОЛОНГО