Зохиолч С.Жаргалсайханы “Нууц амраг чинь болъё” жүжгийн нэрийг “Хэлж зүрхлээгүй хайр” болгон өөрчилсөн тухай дуулаад тус жүжгийн найруулагч Н.Наранбаатараас тодрууллаа.
-Жүжгийнхээ нэрийг яагаад өөрчлөв өө?
-Та нар хүмүүст битгий буруу байдлаар ойлгуулаарай. Энэ жүжиг 2007 оноос хойш өдий хүртэл тоглож байгаа манай театрын уран бүтээл юм. С.Жаргалсайхан ах жүжгээ “Нууц амраг чинь болъё” гэж нэрлэсэн хэдий ч энэ жүжигт нууц амраг гэхээс илүүтэй залуусын үнэнч хайр дурлал гардаг шүү дээ. Тэгэхдээ “Чиний төлөө би нууц амраг ч болж чадна” гэсэн санаа байгаа учраас тухайн үедээ ийм нэр өгчээ. Бид зохиолчийн өгсөн нэрийг дураараа өөрчлөх эрхгүй. Тиймээс түүний хүү Ж.Билгүүнтэй ярилцаж, зөвшилцөөд нэрийг нь өөрчиллөө.
-Тэгвэл нэр нь өөр болсон ч хуучин тавилтаараа тоглох уу?
-Тийм ээ. Зарим эмэгтэй гол дүрийн жүжигчид л солигдсон байгаа.
“Хэлж зүрхлээгүй хайр” уянгын драмын жүжиг энэ сарын 13-нд 16.00, 19.00, 14, 15-нд 17.00, 20.00 цагт үзэгчдийн хүртээл болно. Жүжгийн гол дүрд Ц.Баясгалан, Г.Эрдэнэбилэг, Г.Амгаланбаатар, С.Болд-эрдэнэ, Д.Баттөмөр, М.Тогтохжаргал, Б.Одончимэг нар тоглоно. Азгүй дурлалын эзэн болж хаягдсан Жавхлан, хөнгөн хийсвэр явдалтай гэгдэх Шүр, “өвгөн” гэж ангидаа хочлогддог ч үүндээ ердөө сэтгэл гутардаггүй ангийн дарга Дэлгэр, нэрэлхүү зандаа хөтлөгдөөд хайртай охиноосоо уучлал гуйж чадахгүй, дөлж яваа Оргил, “хаачсан ч яахав, яасан ч яахав” уриатай Цогт, хашир хэрсүү нь дэндсэн Хулангийн үерхэл, нөхөрлөл, хайр дурлалын түүхийг та энэ жүжгээс үзэх боломжтой.