Төрийн шагналт, ардын зураач Гэлэгийн Одонгийн уран бүтээлийн ховор эх загварууд, усан, тосон судалбар, хар зургууд гээд 120 орчим урлал багтаасан үзэсгэлэн өнөөдөр “Бест” арт галерейд нээлтээ хийлээ. Монголын соёлын хосгүй үнэт өв “Ажлын дараа” бүтээлээрээ Төрийн шагнал хүртэж байсан энэ эрхмийн эдгээр зураг болон эд зүйлсийг Дорнод аймгийн Дашбалбар сумын музейд хадгалж байсан бөгөөд Улаанбаатар хотноо анх удаа дэлгэж буй юм.
Ардын зураач Г.Одон амьд сэрүүн ахуйдаа өөрийнхөө уран бүтээлийн ганцхан хувь байдаг эх загвар, зохиомж болон усан, тосон судалбар, хар зургаа төрж өссөн нутгийнхаа музейд бэлэглэж, тус сумын музейд “Г.ОДОН” гэсэн танхим бий болжээ.Түүнийг бурхны оронд одсоны дараа буюу 1999 оны долдугаар сарын 14-нд Дашбалбар сумын удирдлага, нутгийн зөвлөлийн дарга Л.Дамдинжав нарын оролцоотойгоор хүү О.Нямдаваа, охин О.Нямаа нар нь тус сумын музейд эмэг эх П.Сэвжид болон аав Г.Одонгийнхоо хөрөг, өмсөж эдэлж явсан үндэсний дээл, малгай, бүс, мөнгөн аяга болон түүхэн бичиг баримт, “БУХ” сийлбэр, гипсээр цутгаж хийсэн баруун гарынх нь хэв зэргийг нэмж хүлээлгэн өгчээ. Эдгээр зүйлсийг тус сумын иргэд болон зорин очсон зочид л үздэг байсан бол энэ удаа “Г.Одон” үзэсгэлэн энэ сарын 5 хүртэл зорин очиж, ардын зураачийн нандин зүйлсийг үзэж болох нь ээ.