Өнөөдөр Жеймс Жойсын төрсөн өдөр. 1882 оны энэ өдөр мэндэлсэн тэрбээр Ирландын зохиолч, яруу найрагч, өнгөрсөн зууны эхэн үеийн дэлхийн уран зохиолын ертөнцөд модернизмыг тунхаглаж, цахиур хагалсан нэгэн юм. Тэрбээр “Үлисс” романаараа өөрийгөө дархалсан. Энэ зохиолыг англи хэлээр бичигдсэн 100 шилдэг романы нэг гэж үздэг бол “Дэлхий дээрх хүмүүсийг “Үлисс”-ийг уншсан, уншаагүй гэж хоёр л ангилж болно” гэсэн хэлц хүртэл бий. Олзуурхууштай нь Жеймс Жойсын бүх гол бүтээлийг буюу “Үлисс”, “Залуу зураачийн хөрөг” роман, “Дублинчүүд” өгүүллэгийн түүврийг бид эх хэлээрээ унших боломжтой билээ. Энэ нийтлэлийг Америкийн зохиолч, зураач Джуна Барнс “Vanity Fair” сэтгүүлийн 1922 оны дөрөвдүгээр сарын дугаарт хэвлүүлжээ. Тэрбээр өмнөх жил нь Парис хотноо Жеймс Жойстой хэд хэдэн удаа уулзаж, тэр тухайгаа бяцхан тэмдэглэл хийсэн нь хожмоо нэрт ирланд зохиолчийн хамгийн илэн далангүй ярилцлага гэгдэх юм чинээ хоёр ярилцагчийн хэн хэн нь таамаглаагүй биз. “Сайхан хоолойтой дуучнаа алдсан” гэж шогшрох эрстэй Дублины хаа ч тааралдана.
Үүн дээр эмс хүүхнүүд хошуу нэмж “Нэг л өдөр дуулахаа больсон доо. Түүнээс хойш аятайхан дуучин гарсангүй” гэлцэнэ. Тэдний санагалзаад буй ер бусын дуучин бол “Залуу зураачийн хөрөг”, “Үлисс” зэрэг романы зохиолч Жеймс Жойс юм. Ирландчуудын ярих нь түүн шиг хоолойтой хүн өөр хаа ч байхгүй гэнэ. Жойс нэгэн цагт дуучин явсан гэдэг нь түүний уншигчдад огт садаа болдоггүй. Аль нэг номыг нь уншаад жигтэйхэн гуниглаж, юм бүхнээс өөрийгөө тусгаарламаар санагдсан бол, “Үлисс”-ийн аль нэг хэсэгт шимтэж, хэдэнтээ давтан уншсан бол та энэ эрхмийн өвөрмөц ая дан, үг хэллэгийнх нь этгээд хачин “салхи”, хөг эгшгийг талархан мэдэрсэн нь лавтай.
Гэхдээ Жойс ердийн дуучин байсангүй. Түүний дотор гагц тайз биш, хорвоо дэлхий, оюун санааны ертөнц бүхлээрээ багтаж байжээ. Түүний “Дублинчүүд” номыг би дайны үеэр хэдэн аяга кофе нэг дор уунгаа уншиж билээ. Тэр үед миний бие түүний амьдралдаа бичсэн ганц жүжиг болох “Цөллөг”-ийг хоёр ч театрт санал болгоод байв. Тэр бол “Залуу зураачийн хөрөг” хэвлэгдээд удаагүй, гараас гарт дамжиж байсан цаг. Харин би Жойсын доторх дуучныг тун хожуу өөртөө нээсэн юм.
“Хэн хэнийгээ уй гунигт автуулах гэсэн шиг тэд өөд өөдөөсөө харан цонхийж зогслоо” гэсэн хачин дүрслэлээс эхлээд “Ламбугай шалбааг дээр унахдаа хүртэл чин сүсэгт загалмайтны ёсоор өвдөглөв” гэх зэрэг егөөдөл нь түүнийг нэг л өөр болохыг мэдрүүлж байсан ч өчнөөн олон зохиолыг нь хэд дахин уншсаны дараа л би түүнийг дуучин байсныг, дуучин дуучиндаа маш уянгалаг хоолойтой байсныг нь мэдэрсэнсэн. Амьдралын хатуу хүтүүг давж гарах, тэгэхдээ өөрийгөө эвдэхгүй байх тийм агуу суу билэг нь түүнийг үзэг, цаас нийлүүлэхэд хүргэсэн нь лавтай. Гэхдээ түүний зохиолч болсон нь дуулахаа больсноос нь үүдсэн, тэр л нам гүмээс ургасан “эрдэнийн чулуу” байсан гэж бодохыг би илүүтэй хүсэж байна.
ЖОЙСЫГ ХУВЬ ХҮНИЙХ НЬ ҮҮДНЭЭС ТАНИХУЙ
Жеймс Жойсыг хувь хүнийх нь хувиар таньж мэдэх хүн цөөн ажээ. Цамцныхаа товчийг хоолойдоо тултал “бэхэлж”, залууд нь өтгөн байсан, одоо нэгэнт шингэрсэн сахалынхаа цаана нуугдсан гэмээр түүний зургийг би өмнө нь олонтаа харж байв. Харин түүнтэй холбоотой мэдээлэл цуглуулж байхдаа бараг сохрох дөхсөнийг нь олж мэдэв. “Жойс бол өвчин эмгэгтэй, дутуу гуцуугийн зовлонтой ч өдөрт 8-16 цаг ажилладаг, Европын ганц зохиолч” гэж Эзра Паундын хэлсэн нь ортой бололтой. Жойс Италид хэдэн жил амьдрахдаа Триест хотод англи хэлний багш байжээ. Харин түүний сонирхол, дадал зуршил, ер юуг таалж, юуг эс таалдаг гээд аар саархан ч болох нь ээ зүйлсийг нь үүнээс цааш сөхөж чадсангүй.
Гэтэл нэг өдөр надад Парис явж, Жойстой уулзах завшаан олдов. Тэндхийн Сен-Жерменде- Пре дүүрэг дэх жижигхэн сүмийн эсрэг талд орших “Два маго” кафед (Уг кафе зохиолч, зураач, сэхээтнүүдийн цугладаг газар гэдгээрээ алдартай) сууж байтал манан будан дундаас гэнэт тодров уу гэлтэй нуруулаг эр дөхөж яваа нь харагдав. Хөх саарал хүрэмтэй, сайтар лавшруулж харвал хүрмээ хөөргөж бүсэлсэн нь бөгтөрдүү харагдуулах тэр эрийг алмайран харж суухад далдын нэгэн хүч биеэр минь гүйж “Мэдрэмждээ цовдлогдсон хүн” гэж намайг амандаа бувтанахад хүргэсэн. Тэрхэн зуур би өөрийгөө шоолж, “Урьд нь нэг ч хараагүй хүнээ ингэж таних гэж байдаг аа” хэмээн бодож амжсансан.
“Үлисс” роман анх “The Little Review” сэтгүүлд цувралаар нийтлэгдэж, хожим уг зохиолтой холбоотой нэлээд олон шүүмж, нийтлэл хэвлэгдсэн нь багагүй хэл ам дагуулсан тухай би сайн мэдэх учраас ноён Жойс надтай уулзахыг зөвшөөрсөн болов уу. Тэрбээр ширээнд сууж, цагаан дарс захиалав. “Олон нийт яаж ийж байгаад, хүчээр шахам номыг минь ёс зүйд нийцүүлчихнэ. Эсвэл хэтэрхий нухацтай хандсанаасаа болж нэг ч өөдтэй мөр олж уншсанг үй гэх вий” гэж ирланд эр яриагаа эхлэв. Тэгснээ хэсэг дуугаа хураан суулаа. Түүний гар байсхийгээд үл ялиг салганах аж. Суудлаа засан суухад нь хүрмийнх нь цаанаас нохой, туулайны толгой бүхий хатгамалтай хантааз үзэгдэхэд би мушилзахгүй байж чадсангүй. Гэтэл зохиолч эр хариу инээмсэглэж байна. “Эмээ маань оёж өгсөн юм. Их олз омогтой байхыг ерөөсөн байх” гэж хэлээд тамхиа асаалаа. Тэрбээр хэсэг хугацааны дараа “Агуу хэлэлцэгчид” гэсэн хачин нэр томъёо гаргав.
Түүнийхээр агуу хэлэлцэгчид буюу хэл амаа билүүдсэн гэлтэй цэцэн цэлмэг хүмүүс үнэн хэрэгтээ Стерн, Свифт нарын зохиол бүтээлийг, эсвэл Сэргэн мандалтын үеийн чиг хандлагыг л ахин дахин хуулбарлаж, тэдний хэлийг суралцдаг гэнэ. Оскар Уайльд ч гэсэн тийм сурагчдын нэг аж. “Уайльд Сэргэн мандалтын урлагийг өглөө нь микроскопоор шинжиж байгаад үдэш нь телескопоор тусгадаг хүн” гэж Жеймс Жойс хэллээ. “Харин “Үлисс”-т иймэрх үү зүйл бий юү” гэсэн миний асуултад “Өнөө агуу хэлэлцэгчид бүгд багтсан. Тэднийг өөрсдийнх нь санахаа байсан, мартагдсан зүйлстэй нь хамт багтаасан. “Үлисс” бол хүний хэлж, харж, бодож болох бүхнийг, тэр бүгд Фрейдийг шүтэгч та бүхний дотоод ухамсар гэж нэрийдээд байгаа зүйлд хэрхэн нөлөөлдгийг хураангуйлах гэсэн зохиол. Сэтгэл зүйчдийг бараг л сүрдүүлсэн гэмээр бүтээл дээ” гэж хариулав.
ЗОХИОЛЧИЙН ТӨРХ
Хүмүүс түүнийг уруу дорой, ядарч цөхөрсөн царайтай гэдэг. Үнэн л дээ. Гэхдээ түүний гуньж гутарсан төрх тэртээ Дундад зууны үеэс “сугарч” үлдсэн гэмээр, өөрийнх нь цаг хугацаа, орон зайд үл хамаарах онцлог шиг санагдлаа. Хэрэв надаас хэн нэгэн “Жеймс Жойсын гадаад байдлаас хамгийн өвөрмөц шинж нь юу вэ” гэж асуувал би толгойгоо сажилдаг хачин хөдөлгөөнийг нь хэлнэ. Бас туранхай ч гэсэн хүнд, лагс харагдах чацархаг бие, гонзгой царайд нь жижигдсэн ам, янжууртай гараа мөрнийх өө хавиас ер буулгадаггүй нь санаанд тод үлджээ. Түүнд асуулт тавих тун хэцүү.
Хүссэн хариултаа барагтай бол сонсохгүй. Тиймээс түүнийг мэддэг байхад л хангалттай. Парист байсан дөрвөн сарын хугацаанд би Жеймс Жойстой олонтаа уулзаж, гол мөрнөөс эхлээд шашин шүтлэг, тайган хүний хоолой гээд олон зүйлийн тухай ярилцсан. Бас эмэгтэйчүүдийн талаар цөөн үг сольсон. Гэхдээ зохиолч маань эмэгтэй хүнийг нэг их сонирхдоггүй болж таарав. Эсвэл эмэгтэйчүүдээс эмээдэг, тэдэнтэй ер нь яаж харилцахаа ч мэддэггүй байх. Мэдээж хэрэг бид зохиолчдын талаар хамгийн их ярилаа. Ибсен, Стриндберг, Шекспир гээд дурсаагүй зохиолч үгүй. “Гамлет бол маш сайн жүжиг. Сүнсний өмнөөс бичигдсэн гэхэд гайхамшигтай” хэмээсэн Жойс Стриндбергийн тухайд “Шаагиж, шуугилдсан бүхнийх нь ард сэтгэл хөдөлгөх юу ч байдаггүй” гэв.
Бид мөн үхлийн талаар, оготно, морь, тэнгис далай, үг, хэл, уур амьсгал, өргөл барьц, уран бүтээлчдийн талаар, эцэст нь Ирланд орны тухай ярилцсан юм. “Ирландчууд хэзээ ч хүчирхэг удирдагч, жолоодогчтой болохгүй. Яагаад ч юм өөрсдөө тэднийгээ үгүй хийчихдэг зантай. Бид Парнелл гэдэг хүний ганц оронцог төрүүлсэн. Харин жинхэнэ эр хүн бүтээгээгүй” гэж Жойс хэлсэн юм. Бидний зарим уулзалтад түүний эхнэр Нора, мөн хоёр хүүхэд нь түр байлцаж байв. Хүүхдүүд нь эцгээ дуурайсан өндөр агаад эхнэрийнх нь улаан хүрэн үс хамгийн түрүүнд нүдэнд тусаж билээ. Жойс цөөн хэдэн найзтай. Гэхдээ цэвэрхэн цагаан хүрмээ тайлж орхичихоод, бичгийн ширээнээсээ холдож, үдэш орой энд тэндхийн уулзалт, цуглаанд очиж, ямар нэг уран бүтээл, шинэ содон зүйлсийн тухай бус, амьдралын эрээн бараан хийгээд байдаг л нэг энгийн зүйлсийн талаар хэнтэй ч хамаагүй ярилцах дуртай.
Харин шөнийн цагаар зохиолоо бичих нь их гэсэн. Эхнэрийнх нь хэлснээр “Үлисс”-ээс эхтэй нөхрийнх нь “солиорол” эдгэх шинжгүй, нар жаргасан хойно бүр ч хурцаар илэрдэг гэнэ. Гэхдээ галзуу, солиотой, авцалдаагүй, хэт уран сэтгэмжтэй гэх зэргээр шүүмжлүүлдэг түүний зохиолууд Жойсын ийн өөрийгөө зольсны үнэд хүрч мэднэ. “Итгэл үнэмшилгүй зүйлдээ би хүчээ шавхахгүй. Миний эх нутаг, орон гэр, сүм хийд аль нь ч бай уран бүтээлдээ өөрийгөө хэр чөлөөтэй илэрхийлэхээс хамааран зохиол бүтээлд минь шингэнэ. Миний өөрийгөө хамгаалах зэвсэг бол биеэ золих, анир чимээгүйд уусах, гэхдээ нэгэн зэрэг ов мэхтэй байх” гэж Жойс хэлсэн. Энэ үгийг нь ахин дахин бодохоор Ирланд нутгаас жинхэнэ эр хүн, баатар төрчихжээ гэж бахдамаар санагдана.
Г.ЛХАГВА