Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ сарын 31 буюу бямба гаригт Ж.Пуччинийн “Богема” дуурь тоглоно. Ядуу тарчиг амьдралтай уран бүтээлч залуус болон тэдний хайр дурлал, нөхөрлөлийн тухай хүүрнэсэн энэ дуурийн гол дүрд Б.Гомбо-Очир, Э.Анхбаяр, гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, ДБЭТ-ын гоцлооч Н.Туяа нар дуулна. 1830-аад онд Парис хотноо болж буй үйл явдлыг харуулах энэ дуурийн анхны тоглолт 1896 оны хоёрдугаар сарын 1-нд Туринд болж байсан юм. Харин монголчууд Г.Эрдэнэбаатар найруулагчийн урласнаар 2004 онд “Богема”-тай “танилцжээ”. Тоглолтыг Н. Туулайхүү дохих юм.
Харин хоёрдугаар сарын эхний үзвэр нь алдарт “Жизель” байх гэнэ. А.Аданы бүтээлийн гол дүр Жизельд гавьяат жүжигчин Ч.Ганчимэг бүжиглэж, түүний дурлалт хархүүгийн дүрд М.Од хувирна. Түүнчлэн энэ балетийн олны хэсэгт ХБК-ийн оюутнууд оролцон тоглох юм билээ.