Морин хуурын чуулгынхан жил бүр сар шинийн баярын үеэр “Гайхамшигт ардын дуу” тоглолтыг үзэгчдийн хүртээл болгодог байсан. Ард түмнийхээ урлан ургуулах их авьяас билгээр бүтсэн олон үндэстэн ястны ардын дуунуудыг дан хөгжмийн бүтээл болгон найруулан тоглодог уламжлалаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ тоглолтынхоо нэрийг “Торгоны хээ” болгон шинэчилжээ. Ардын дууны арвин их өв санг судлан, сурвалжилж, мартагдаж буй дууг нийтэд ил болгон хүргэх, өвлүүлэх зорилготой тайлбарт тоглолтод Б.Дамдинсүрэн “Жаргалын зам” дуурийн “Найрын дуу “, Г.Жамьянгийн “Дүүжий хуар”, “Сандуйтай мод”, буриад ардын дуу “Адуушин”, дарьганга ардын дуу “Торгоны хээ” зэрэг 10 гаруй ардын дууны найруулга багтжээ.
Тоглолтын удирдаачаар Д.Түвшинсайхан, найруулагчаар ардын жүжигчин Ц.Батчулуун ажиллажээ. Ц.Батчулуун гуайн бие тааруу, эмчлүүлж байгаа хэдий ч шавь нартайгаа уран бүтээлээрээ үргэлж холбогдож, зөвлөгөө өгсөөр байгаа юм.