Сар шинийн баяр хаяанд ирлээ. Цагаан сар, наадам зэрэг уламжлалт баярын өдрүүдэд хүмүүс үндэснийхээ дээл хувцасаар гоёх нь сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Дэвжих төрийн дээл, мандах төрийн малгай, бадрах төрийн бүсээрээ гоёсон монгол түмэн сар шинийн өглөө настан буурлуудаа зорин очиж, золгуут хийдэг. Цагаан сар дөхсөн энэ өдрүүдэд зах худалдааны төвүүд дээр дээлний материалын эрэлт их байв.
Хонхны баяр, сар шинэ зэрэг баярын өдрүүдэд л “Нарантуул” худалдааны төвийн бүс барааны тасаг хөл хөдөлгөөнд дарагдагийг худалдаачид хэллээ.Энгийн өдрүүдэд хүмүүс дээл өмсөх нь ховор.
Харин “Дээлтэй ах” гэдгээр бидний танил болсон Н.Баасандорж гуай Төв шуудангийн өмнө байнга үндэсний хувцасаараа гоён, ном зарж зогсдгийг хүмүүс андахгүй. Н.Баасандорж гуай 1997 оноос эхлэн Төв шуудангийн өмнө ном зарж эхэлсэн бөгөөд одоогоос 22 жилийн өмнө энэ төрлийн худалдаа эрхлэхээр шийджээ. Нийслэлийн хүндэт иргэнээр тодорсон тэрбээр энэ ариун цагаан, шударга хөдөлмөрийнхөө үр шимээр амьдардаг.
- Та өдөр бүр дээлээрээ гоёсон байдаг нь их сайхан харагдах юм. Хүмүүс таныг “дээлтэй ах” хэмээн андахгүй болжээ
-Тийм шүү. Би Монгол хүн. Надад европ хувцас байдаггүй. Тиймээс би үндэснийхээ хувцасаар гоёдог. Монгол дээл хятадын куртка, палитоноос хэд дахин илүү дулаахан байдаг шүү дээ. 80 мянган төгрөгөөр ганцхан куртка л авах бол тэр мөнгөөр дээл, хантааз, цамц зэргийг хийгээд өмсчихөж болно. Энэ ч утгаараа эдийн засгийн хэмнэлттэй байдаг юм. Эхнэр, охин хоёр маань дээл хийдэг. Монгол дээлээрээ бахархах, үндэсний хувцсаараа гоёх үзлийг хүүхэд багачуудад сургах нь эх орондоо оруулж байгаа бас нэгэн хувь нэмэр гэж би боддог. Тэр ч утгаараа ёс, уламжлалаа хадгалж үлдэхийн тулд охиндоо дээл хийхийг эхнэр маань зааж байгаа.
-Таныг харж байхад нийслэлчүүд энгийн өдөр хэр их дээл өмсөж байна вэ?
-Сүүлийн үед залуучууд дээл өмсөх их дуртай болжээ.Энэ нь сайшаалтай юм. Залуус төрөл бүрийн хийц, загвартай дээл өмсөж байгаа харагддаг. Гэхдээ голдуу хятад загварын дээл рүү хэлбийгээд байгаа нь харамсалтай юм.
-Сүүлийн үед хүмүүс “гоёлын дээл” их хийлгэх болжээ. Ялангуяа эмэгтэйчүүдийн өмсөж буй дээл нь үндэсний хэв маягаас бага зэрэг хазайчихсан мэт санагддаг. Таныхаар энэ нь дэвшил үү, ухралт уу?
-Дээлний олон хийц, загвар гарч ирж байгаа нь сайн. Гэхдээ дээл гэдэг бол маш их утга учир, ёс заншлыг өөртөө агуулдаг. Манжийн хаан монголчуудад дээлний нударга, зах хоёр хийж өгсөн. Зах нь монголчуудыг боож алах, нударга нь гарыг нь хөдөлгөхгүй байх утгатай. Гэтэл “болдоггүй бор өвгөн” бид тэнгэрээс заяат ард түмэн юм шүү гээд хантааз, малгай хоёрыг хийсэн гэсэн домог бий. Тиймээс хантааз, малгай хоёрыг нударгатай дээлэн дээр өмсөх ёс ч байна. Малгай, бүс, хантааз зэрэг бүхий л зүйлсэд өөрийн гэсэн утга учир буй. Монголчууд бид дээлний захыг тав, долоо, есөн эгнээгээр ширдэг. Оюутнуудын хонхны баяр болон “дээлтэй Монгол” наадмын үеэр тэгш тоогоор ширсэн захтай дээл өмссөн хүмүүс явж байдаг. Бас хэт их хээ хуартай торгон дээл монгол гэхэсээ илүүтэй хятад маягтай харагдуулдаг.
-Эхнэр тань дээл урладаг гэлээ. Сар шинийн баяр болох гэж байна. Захиалга хэр байна?
-Манай эхнэр саяхан охин, бага хүү бид гуравт дээл хийсэн. Хүмүүс дээл хийлгэх гээд захиалж л байна.
-Та цагаан сараар ямар дээлээр гоёх вэ?
- Эхнэр маань бага хүү бид хоёрт цагаан сараар өмсөх цэнхэр өнгийн хүннү захтай ижилхэн дээл оёж өгсөн.
-Хүмүүс ямар загварын дээл их хийлгэж байна. Нодинонгоос эрчүүд Хүннү захтай дээл сонирхож, өмсөх болсон байна лээ
-Хүннү захтай дээл их утга учиртай. Ханцуй нь харвалдах, дайтахад ямар ч саад болдоггүй. Монголчууд XVI зууны өмнөх үе хүртэл хүннү дээл өмсдөг байсан.
-Таныг зогсож байхад гадаадынхан ирж зураг татуулж байна уу. Энүүгээр жуулчид их явдаг шүү дээ.
-Үндэснийхээ хувцасыг өмсөөд зогсож байхад хүмүүс ирж зургаа татуулдаг л юм. Хэд хэдэн сэтгүүл надад бий. Африкаас ирсэн нэг сэтгүүл байдаг. Хэлийг нь л ойлгохгүй болохоос биш тэр сэтгүүлд миний зураг бий.
-Таны хамгийн үнэтэй зарж байсан ном 2.5 сая төгрөгт хүрсэн гэж сонссон. Ямар ном байсан юм бол оо?
-Бямбын Ринчен гуайн бичсэн “Монголчуудын Алтай хэл аялгуу” гэсэн ном бий. Дээд монголчуудын ярьдаг байсан хэл аялгууг манж хэлээр бичсэн. Энэ нь ховор номын тоонд орно. Тэр үед 1000 ам.доллараар зарж байсан. Тухайн үед нэг сая 200 мянган төгрөг болсон. Түүнийг маань хоёр сая таван зуу мянга гээд биччихсэн байна лээ.
М.Болорцэцэг