Бразилийн Сан-Паулод ирэх наймдугаар сарын 11-16-нд болох Дэлхийн ур чадварын олимпод Монгол Улс анх удаа оролцох гэж байна. Эгнээндээ 70 гаруй улс орныг нэгтгэсэн Дэлхийн ур чадварын байгууллагад манай улс өнгөрсөн жил элссэнээр тус байгууллагаас гишүүн орнуудынхаа дунд хоёр жил тутамд зохион байгуулдаг тус тэмцээнд оролцох эрхтэй болжээ.
Олон улсад ур чадварын олимп хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү тэмцээнд оролцох манай багийг Хөдөлмөрийн яам, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/, Солонгосын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /KOIKA/ санхүүжүүлэхээр Харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа.
Гурван талт харилцан ойлголцлын санамж бичигт Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн суурин төлөөлөгч хатагтай Улрике Эбелин, Солонгосын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын суурин төлөөлөгч Хеин-Юл Чой нар гарын үсэг зурав. Санамж бичиг байгуулснаар газар газраас ирсэн, гарын ур, ухааны хүчээрээ гайхуулах шилдэг залуустай дэлхийн түвшинд анх удаа Монголчууд өрсөлдөхөөр болж байна. Дэлхийн ур чадварын 43 дахь тэмцээнд манай улс токарь, цахилгаан, гагнуур, өрөг угсралт, мужаан, тогооч, үсчин, гоо сайхан гэсэн 9 мэргэжлээр оролцохоор урьдчилсан байдлаар бүртгүүлсэн байна. Мэргэжил тус бүрт хоёр оролцогчийг өнгөрсөн жилийн “Монгол ур чадвар-2014” тэмцээнээс шалгаруулсан бөгөөд тэдний дунд дахин шалгаруулалт явуулсны дараа Бразилд өрсөлдөх баг тодрох юм байна.
Ур чадвараараа эх дэлхийгээ хөгжүүлэх зорилготой Дэлхийн ажил мэргэжлийн хамгийн том олимпод Монголын мэргэжилтэй залуусыг оролцоход дэмжлэг үзүүлж манай улсын мэргэжлийн боловсролын салбарын нэр хүндийг дэлхий дахинд таниулахад хувь нэмрээ оруулж байгаа дээрх хоёр байгууллагад Хөдөлмөрийн сайд С.Чинзориг талархал илэрхийллээ. Тэрээр хэлэхдээ, “Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох Монголын багийг дэмжиж Герман болон БНСУ-аас тус бүр 100 мянган ам.доллар өгч буй бөгөөд бид энэ мөнгөөр Бразилийн тэмцээнд оролцогчдод зориулан олон улсын стандарт хангасан багаж тоног төхөөрөмж худалдаж авахаас гадна зургаан мэргэжлээр БНСУ-д залуусаа бэлтгэхэд зарцуулна” хэмээн онцлов.
Энэ үеэр хатагтай Улрике Эбелин болон ноён Хеин-Юл Чой нар дэлхийд Монголын нэрийг гаргах залуусаа бэлтгэхэд Монголын Засгийн газар бидэнд итгэж хамтран ажиллаж буйд талархлаа илэрхийлж, монголчууд энэ тэмцээнд амжилттай оролцох бүрэн боломжтой. Мөн Олон улсын ур чадварын олимпод нэрээ гаргасан хүн дэлхийд хүлээн зөвшөөрөгддөг гэлээ.