Япон улсын Гадаад хэргийн яамнаас зохион байгуулдаг Олон улсын Манга уралдаанд “Нүүдлийн зурган өгүүлэмж” сангийн тэргүүн, хүүхдийн номын зураач, зохиолч Н.Эрдэнэбаярын "Бумбардай аргалд явсан нь" хүүхдийн зурган ном Гранпри шагнал хүртэв.
Тэрээр хүүхдийн зурган номын чиглэлээр 10 гаруй жил ажиллаж хүүхдийн 100 гаруй зурган номыг бүтээж уншигчдын хүртээл болгожээ.
Зохиолд Монголын үнэт өв соёл болох араг, саврын тухай, эх үрийн хайр, хүйн холбоо, монгол домын тухай өгүүлжээ.
Энэхүү уралдааныг дэлхий дахинд түгсэн манга, комиксийн соёл, урлагаар дамжуулан олон улс хоорондын харилцаа, харилцан ойлголцлыг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор зохион байгуулдаг байна. Уралдаанд 60 гаруй орны 300 орчим бүтээл өрсөлджээ.
"Бумбардай 108" цуврал номын төслийг дэлхийд хосгүй нүүдлийн соёл, иргэншлээ даяарчлагдан буй энэ ертөнцөд хэрхэн авч үлдэх хойч үедээ уламжлуулах, өөрийн онцлог хэв шинжээ хадгалах, дархлааг тогтоох зорилгоор 2013 онд эхлүүлжээ. Одоогийн байдлаар эхний 9 цуврал номыг бүтээсэн бөгөөд тун удахгүй Монголын гурван сая дахь иргэнд зориулсан цуврал бүтээл нь хэвлэлтээс гарах аж.
Шагналыг Японы Токио хотод Япон улсын Гадаад хэргийн сайд ирэх сарын 12-нд гардуулах юм. Мөн энэ үеэр Японы хуучин нийслэл болох Киото хотын Манга музейд "Бумбардай" зурган номыг тавих аж.