Язгуур урлагийн хамтлагууд хамтран жил бүр сар шинийн баярын өмнө тоглолт хийдэг уламжлалтай. Ерөнхийлөгчийн ивээл дор, Төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам санаачлан, дөрөв дэх жилдээ зохион байгуулах тоглолтын талаар “Домог” хамтлагийн морин хуурч Д.Шинэцогоос утсаар тодрууллаа.
-Сайн байна уу. Та яг одоо хаана юу хийж байна вэ?
-Ардын урлагийн хамтлагууд нэгдэж 2012 онд “Монгол-Язгуур урлаг”, 2013 онд “Монгол төгсөшгүй”, өнгөрсөн жил “Монгол мөхөшгүй” тоглолт зохион байгуулсан. Энэ жил “Монгол мохошгүй” нэртэйгээр ирэх сарын 9, 10-нд тоглохоор боллоо. Тэр үеэр үзэгчдэдээ шинэ бүтээлүүдээсээ толилуулах гээд бид бэлтгэлээ хийж сууна.
-Энэ удаагийнх юугаараа онцлог вэ?
-Төрийн ордонд болно. Өмнөх тоглолтуудад ес, долоон хамтлаг оролцож байсан бол энэ удаа “Домог”, “Жонон”, “Хөсөгтөн”, “Алтайн оргил”, “Их Монгол”, “Увертюра” тоглохоор болсон. Улаанбаатар чуулгын бүжигчид, ҮДБЭЧ-ын уртын дуучид гээд 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна. Тайз, гэрлийн шийдэл, найруулга нь өвөрмөц. Үзэгчдэд тэр үед нь гэнэтийн сонин байлгах үүднээс энэ тухай дэлгэрэнгүй хэлмээргүй байна.
-Танай хамтлагаар сонин сайхан их биз?
-Энэ сарын 30-наас хоёрдугаар сарын 5 хүртэл Хайнанд тоглолттой. Швейцарьт дөрөвдүгээр сард бие даасан тоглолтоо хийхээр болсон.
Б.ДӨЛ