Хиргүй, тунгалаг, элдэв хар санаагүй тийм нэгэн гэгээлэг бүсгүйтэй танилцаж, ярилцах боломж тохиосонд үнэхээр их талархаж байна. Түүнийг Туулайхүүгийн Оргилцэцэг гэдэг. Дуурь бүжгийн эрдмийн театрын залуухан хөгжимчин тэрбээр аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөн, мэдрэмжээ хөглөн, амьдарч яваа нэгэн. Тэр анх шувуудын жиргээтэй ижилхэн сонсогдох нэгэн хөгжимд дурлаж, байсан бол өдгөө энэ хөгжмийг таниулан сурталчлахыг зорилгоо болгоод байгаа. Түүний аав нь ДБЭТ-ын ерөнхий удирдаач Н.Туулайхүү, харин ээж нь мөн л энэ театрын хөгжимчин Ц.Дэлгэрмөрөн. Н.Туулайхүү гуай хоёр охинтой. Охид нь аав, ээжийгээ дагаж театрт өссөн болоод ч тэр үү урлагийн зам сонгон, өдгөө тэдэнтэйгээ мөр зэрэгцэн ажиллаж байна. Том охин Т.Гэрэлцэцэг нь балетийн концертмейстрээр энэ театрт 16 дахь жилдээ ажиллаж байгаа бол бага охин нь тэдний эгнээнд нэгдээд долоон сарыг ардаа үджээ.
-ДБЭТ-ын хөгжимчин болоод удаагүй ч гэсэн багадаа л энэ театрын албан бус гишүүн болсон байх. Анх хэдэн настайдаа дуурь, балет үзэж байсан бэ?
-Аав, ээж хоёр минь насаараа энд ажиллаж байгаа болохоор тэднийгээ дагаж 3-4 настай байхаасаа л дуурь, балет үздэг болсон. Үзэгчийн суудлаас ХБК-ийн сурагч болон долоон настайдаа элсэж байлаа. Жаахан байсан болохоор сонирхол маань өөрчлөгдөж, нэг үе энгийн сургуульд сурч байв. Гэсэн ч нэгэнт урлагийн ертөнцөд эргэлт, буцалтгүй татагдаж, бас флейт хөгжимд дурлан тавдугаар ангиасаа эргээд ХБК-доо сурах болсон. Надад энэ хөгжмийн аялгуу яг л шувуудын жиргээ шиг санагддаг байж билээ. Аавдаа ийм хүсэл, сонирхолтой байгаагаа хэлэхэд намайг их дэмжсэн. Аав маань бас үлээвэр хөгжимчин шүү дээ. Кларнет тоглодог байж байгаад дараа нь удирдаач болсон юм. Үлээвэр хөгжимчинд шүд, уруул чухал үүрэгтэй байдаг. Тийм болохоор дахиад ХБК-д шалгуулж, тэнцээд Тунгалаг багшийн шавь болсон.
-Жилдээ 400 орчим хүүхдээс 10 гаруйхныг л сонгодог төгөлдөр хуурын ангид тэнцсэн гэхээр хөгжмийн мэдрэмж сайтай байжээ.
-Гурван настай байхаасаа сонгодог тоглолт үзэж эхэлсэн болохоор би энэ театр дотор “хөглөгдөж” л дээ. Тийм болохоор сонсгол сайтай байсан байх.
-Ээж нь хөгжимчин, аав нь удирдаач, эгч нь төгөлдөр хуурч, хүргэн ах нь балетийн жүжигчин гээд танай гэр бүлийнхэн энэ ягаан байшин дотор өдрийг хамт өнгөрүүлдэг юм байна. Орой гэртээ цуглаад ч ажил, уран бүтээл, сонгодог урлагийн талаар л түлхүү ярилцдаг байх даа.
-Тийм шүү. Бүгд урлагийн хүмүүс болохоор ярианы сэдэв нь хүртэл адилхан.
-Оркестрын хөгжимчин хүн удирдаачдаа хүлээн зөвшөөрөгдөх нь чухал уу?
-Чухал байлгүй яах вэ. Удирдаач хүн л анхны шалгалтыг авна шүү дээ. Намайг анх ажилд ороход энэ театрын гурван удирдаач, удирдлагууд болон оркестрын нэгдүгээр хийлч шалгаж байсан. Мэргэжлийн хувьд тэнцэх эсэхийг ийнхүү үзээд дараа нь ажиллах хугацаандаа бусадтайгаа хэр зэрэг нийцэж байгаа нь ч бас шалгуур болно.
-ДБЭТ-т ажилд ороход аавын нөлөө байсан уу?
-Үгүй ээ. Хөгжимчний хувьд л намайг тоглуулж шалгасан. Аавын нөлөө байсан уу гэж асуухаар хүмүүс буруугаар ойлгохоор юм байна шүү. Миний ээж, аав хоёр тийм бодолтой хүмүүс биш ээ. “Миний охин өөрийнхөө чадлаар л яв” гэдэг юм. Намайг сургуулиа төгсөөд ирсэн тухай энэ театрын захирал мэдчихээд аавд хэлж дуудуулж шалгасан юм.
-Хаана, ямар сургууль төгссөн билээ?
-Москвагийн Гнесиний нэрэмжит хөгжмийн академид таван жил сурч, улаан дипломтой төгссөн.
-Тэгвэл хөгжимчин болоод шилдэг удирдаачийн охины хувьд аавдаа хэзээ хүлээн зөвшөөрөгдсөн бэ?
-Би ахлах ангиа төгсөж байхдаа, 15 настайдаа анхны тайлан тоглолтоо аавтайгаа хамт хийсэн. Оркестртой анх удаа хамт тоглож, эхний удаа аавдаа үнэлэгдсэн. Дараа нь Улаан-Үдэд болсон “Найдал 2007” уралдаанд оролцож хоёрдугаар байр эзэлсэн. Ирснийхээ дараа Улсын үлээвэр цохивор хөгжимчдийн III уралдаанд түрүүлж байлаа. Дөрвөн жилд нэг удаа болдог уралдаанд ийм амжилт гаргасандаа маш их баярладаг. Тэгээд л аав минь миний охин чадна, болох юм байна гэж ойлгосон байх. Мэргэжлийн хүмүүс учраас манайхан намайг тоглохыг сонсоод л болох, үгүйг мэднэ л дээ. Тэд ойлгож, дэмждэг учраас л намайг гадаад руу сургуульд сургахаар судалж эхэлсэн. Гэхдээ гэрээсээ хол нэг ч хоног байж үзээгүй бага охиноо явуулна гэхээс сэтгэл нь зовниж л байсан гэдэг. Тухайн үед ОХУ-аас багш нар ирж шалгалт аваад Путиний тэтгэлгээр сургахаар болсон юм. Жилийн 8000 ам.долларын төлбөртэй сургуульд тэтгэлэгтэй суралцаж төгссөн нь бас азтай хэрэг шүү. Тэр үед урлагийн чиглэлээр 20-иод хүүхэд ОХУ-д суралцахаар явсан юм.
-ОХУ-д оюутнууд болон мэргэжлийн хөгжимчдийн хүрээнд өрсөлдөөн ихтэй юү?
-Таван жил сурлаа гээд энэ мэргэжлээ бүрэн эзэмшсэн гэж бодохгүй байгаа. Нэг хэсгээс нь л сурсан. Манай сургуульд олон шилдэг хүүхэд сурдаг. Бас ОХУ-ын нийслэлд дэлхийн алдартай хөгжимчид ирж тоглолт хийх нь элбэг. Тэр бүхнийг яаж, ийгээд үзэж, сонсож, мэдэж сурахыг л хичээдэг байсан.
-ОХУ-д очоод л бие даан амьдарч сурав уу?
-Бие даах чадвартай болсон шүү. 19 настайдаа яваад 25-тай ирсэн. Эхэндээ хэцүү байсан. Өвдөнө, гэрээ санана, уйлна. Москва хот өртөг өндөртэй. Аль болох хямд зүйлийг нь худалдан авч, мөнгөө хэмнэсэн ч гэсэн над руу явуулдаг мөнгө нь аав, ээжид минь багадаагүй. Охиноо өлсгөхгүй, зовоохгүй гээд тэнд бүх боломжоороо надад тусалдаг байсан ч би таван жил амар тайван налайж байгаад ирээгүй.
-Өнгөрсөн жил “Юнико” чуулга анхны тоглолтоо амжилттай хийлээ. Модон үлээвэр хөгжмийн Монголын анхны хамтлаг нь танайх уу?
-Энэ хамтлаг 2004 онд анх өөр нэртэй байгуулагдаад, өнгөрсөн жил шинэ гишүүдтэй болж “Юнико” нэрээр уран бүтээлээ туурвиж буй юм. Манай вальторн хөгжимчин Хуягаа ах анх санал тавьж хамтлаг байгуулахаар болсон.
-Танай хамтлагт бас Бүрэнбэх удирдаачийн охин, төгөлдөр хуурч Алунгоо байдаг байх аа?
-Тийм ээ. Бас манай сургуулийн төгсөгч. Надаас хоёр жилийн өмнө төгссөн юм. Мөн манай габой хөгжимчин Долгорсүрэн Германы Любек хотод төгссөн. Мөн Хуягаа ах маань Чехийн Прага хотод төгссөн, ДБЭТ-т ажиллаж байгаад Эрхүүд ажиллахаар явсан байгаа. Кларнет хөгжимчин Энхтуул, фагот хөгжимчин Нямдаваа маань ХБК төгсөөд Улсын филармонид өнөө хүртэл ажиллаж байгаа.
-Флейт хөгжмөөр гоцлон тоглож, танигдах боломж бий юү?
-Би модон үлээвэр хөгжмийн квинтит, эсвэл сикстит байгуулах хүсэлтэй байсан болохоор мөрөөдлөө биелүүлж яваа гэхэд болно. Хүмүүс аливаа арга хэмжээний үеэр утсан хөгжмийн квартет тоглуулдаг хэрнээ үлээвэр хөгжмийн чуулгын тухай мэддэггүй. Тийм болохоор энэ хөгжмөө монголчуудад таниулахын төлөө хичээнэ. Цаашдаа бас Монголын хөгжмийн зохиолчдынхоо бүтээлийг гоцлон тоглох хүсэлтэй байгаа. Магадгүй үүнийг зарим хүмүүс карьер хөөх нь гэж харж болох ч би бол тэгж зориогүй. Надад флейт хөгжмөө таниулж, уянгалаг аялгууг мэдрүүлэх нь л чухал. Гэхдээ одоохондоо ажилд ороод удаагүй болохоор дөнгөж суралцаж, ажлаа сурах гэж явна. ДБЭТ ажил ихтэй. Долоо хоногт хоёр тоглолттой байдаг учраас бэлтгэл сургуулилалт их хийдэг.
-Т.Оргилцэцэгийг гэр бүлийнхэн нь дэмжиж ойлгодог гэж дээр ярьсан. Тэгвэл та гэр бүлийнхнээрээ мэдээж маш их бахархдаг байх даа.
-Яривал их юм бий. Би ааваараа маш их бахархдаг. Екатеринбург хотын сургуульд үлээвэр хөгжимчнөөр суралцахаар яваад, удирдаач мэргэжлийг давхар эзэмшээд ирсэн юм. Ээж минь ч бас тэнд төгссөн. Аав минь ажил, уран бүтээлийнхээ төлөө сэтгэлээ зориулсан Монголын хамгийн шилдэг удирдаач. Ээж минь ч гэсэн бахархмаар сайн хөгжимчин. Гэхдээ тэд маань өөрсдийгөө тодруулахыг хүсдэггүй даруухан зантай л даа.
-Эгч нь бас энд удаан ажиллаж байгаа юм байна.
-Тийм ээ. Миний эгч олон жил балетийн концертмейстрээр ажиллаж байгаа. Хөгжимчинтэй хамсарч тоглохдоо хамгийн шилдэг нь. Эгч минь миний хувийн концертмейстр шиг л байдаг. Тэмцээн, уралдаанд оролцохдоо би эгчтэйгээ л тоглодог.
-Танайхны удамд урлагийн хүн олон уу?
-Манай ээжийн талд урлагийн хүн олон бий. Эмээ минь хийлч хүн байсан. Бөмбөгөр ногоон театрт анх шанз хөгжимчнөөр ажиллаж байгаад нь дараа нь хийл хөгжим тоглож сурсан юм билээ. Ээжийн маань дүү нар бүгд л урлагийн хүн. Хамгийн бага дүү нь хөгжмийн аранжровшик Байдраг.
Ж.СОЛОНГО