Хэдийгээр он солигдоод хорь гаруй хонож байгаа ч гэлээ Дуурь бүжгийн эрдмийн театрт өнгөрсөн амралтын өдрүүдээр шинэ жилийн баяр буцаад “ирэв”. Австрийн нэрт хөгжмийн зохиолч И.Штраусын гайхамшигт бүтээлүүдийн ачаар үзэгчид шинэ жилийн оргилуун сайхан үдшийг дахин мэдэрлээ. ДБЭТ-ын хамт олон вальс хөгжмийн хаан гэгддэг түүний 15 бүтээлийг нэгтгэн, “Оргилуун дарс” нэртэй шинэ балет дэглэснээ толилуулсан нь тэр.
Уламжлалт бүжгэн жүжгүүдийнх шиг нүсэр тайз засалт, чамин тансаг хувцас хэрэгсэл уг балетад үгүй. Өрнүүн үйл явдал бүхий зохиол, манай, танай талынх гэж ялгахаар сайн, муу баатар ч байхгүй. Гэхдээ л “Оргилуун дарс”-ыг зорин очсон үзэгчид тэндээс авах ёстой зүйлээ авсан болов уу гэж найдаж байна.
Хааяа зүгээр л үзэсгэлэнгийн танхимд очоод, уран зургийн олон “хэл”-ээр мэлмийгээ баясгах сайхан байдаг. Хааяа зүгээр л тэр олон “хэл”-ний нэг нь өөрийгөө байна гэж дотроо төсөөлөн зүггүйтэх ч таатай.
Хааяа зүгээр л сайхан хөгжим сонсоод суух гоё байдаг. Хааяа зүгээр л театрт очоод, “юм үзсэн” хүний өөнтөгч нүдээр сонжих бус, хүүхдийнх шиг дэврүүн, гэнэн ертөнцөөр шимтэх ч гоё. Бидний хааяахан зүгээр л хийдэг бүхэн үнэндээ ямар утга учиртай болохыг “Оргилуун дарс” балет хэлж өгснөөрөө үнэ цэнэтэй санагдав.
Үзэсгэлэнгийн танхимд саатсан бүсгүйн сэтгэлд ургасан төсөөлөл, баяр баясгаланг бүжгэн жүжгээр харуулсан энгийн л нэг балет боловч ДБЭТ-ын хамт олон ямар их хүч хөдөлмөр зарцуулсан нь юухнаас ч мэдрэгдэж байлаа. Монголчууд цаг барьдаггүй дутагдалтай ч тус театрын үзэгчдийн хувьд бол огт өөр. “Тоглолт эхлэхээс нэг цагийн өмнө ирж, сонгодог орчинд тухлангаа бидний бэлтгэсэн шинэлэг, сонирхолтой хөтөлбөрүүдтэй танилцаарай” гэсэн саналыг нь ёсчлон биелүүлж, үзэгчид 16.00 цагтаа театрын үүдэнд гозойж байв. Тэд ч амласан ёсоороо театрынхаа үүднээс эхлээд, давхар болгондоо сонгодог орчин бүрдүүлжээ.
Орчин үеийн сонгодог бүжгийг вальстай хослуулсан шинэлэг шийдэл бүхий “Оргилуун дарс” балетад дүр бүтээсэн залуу бүжигчид ч үүргээ сайн биелүүлснийг үзэгчдийн халуун алга ташилт илэрхийлж байв.