Хятадын Чэнжоу хотын нэгэн зоогийн газарт хачирхалтай ч гэмээр төлбөрийн хэлбэрийг туршиж байгаа гэнэ. Эл зоогийн газар үйлчлүүлэгчдэдээ төлбөрөө өөрсдийнхөө гаднах төрхөөр төлөхийг санал болгож байгаа аж. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр нийтийн хоолны эл газар үйлчлүүлэгчээ ширээний ард суухаас өмнө зургийг нь авч гоо сайхны мэргэжилтнүүдээр үнэлүүлдэг юм байна. Ингээд царайлаг хэмээн үнэлэгдсэн хүмүүс үнэгүй хооллох гэнэ.Эл мэдээ нийтийн сүлжээнд маш их тарж байгаа агаад хүн болгон л өөрсдийнхөө хямдралын хувийг тооцох болжээ. Жишээ нь нэг хүн “Миний царай магадгүй нэг хувийн л хөнгөлөлт авах байх” хэмээн хошигносон бол өөр нэгэн “Над шиг царайтай хүнээс давхар үнэ нэхэх биз” гэж бичсэн байна. Гэвч эл туршилт хүн болгонд таалагдаагүй бололтой. Хотын удирдлага эл зоогийн газрыг гаднаа тавьсан “Царайлаг хүмүүс үнэгүй хооллоно” гэсэн зараа авч хаяхыг шаардсан байна. “Бид цаашид зар сурталчилгаандаа болгоомжтой хандах болно. Харин уг туршилтаа зогсоохгүй” гэж зоогийн газрынхан мэдэгджээ.