ДБЭТ-ын уран бүтээлчид Австрийн хөгжмийн зохиолч И.Штраусын бүтээлүүдээр “Оргилуун дарс” нэртэй шинэ балет дэглэснээ энэ амралтын өдрүүдэд үзэгчдэд толилууллаа. Энэхүү бүжгэн жүжгийн гол дүрийг бүтээж буй Б.Саруултай бэлтгэлийнх нь өмнөхөн ярилцсан юм. ДБЭТ-ын шинэ үеийн уран бүтээлчдээс өөрийн авьяас, ур чадвараар эрхгүй тодорсон түүнийг үзэгчид “Залуу од” хэмээн өргөмжилдөг. Эрхэмсэг тансаг Цагаан хун, энхрий турьхан Жизель, “Нойрссон гүнж”-ийн Аврора, “Щелкунчик”-ийн Маша охин гээд үзэгчдийн хайртай олон дүрийг өөрийнхөөрөө бүтээсэн Б.Саруулын хувь ертөнцөд тавтай морил.
-Уран бүтээлч хүний хувьд “Оргилуун дарс” балетаар дамжуулан үзэгчдэд юу мэдрүүлэхийг хүсэж байгаа вэ?
-Оргилуун дарс ямар байдаг билээ. Дээрээс нь Штраусын хөгжмүүд шинэ жилийн уур амьсгал мэдрүүлсэн, эрч хүчтэй, сайхан аялгуутай байдаг. Тиймээс үзэгчдэд өдөр тутмын амьдралын хэмнэлээс нь өөр зүйл мэдрүүлж, шинэ эрч хүчээр цэнэглэх байх. Манай тоглолт 17.00 цагт эхлэх хэдий ч түүнээс өмнө театрынхаа үүдний хэсэгт шинэлэг, сонирхолтой орчин бүрд үүлж, үзэгчдэд зориулсан олон гэнэтийн бэлэг бэлтгэх юм.
-Гэр бүл зохиож, үр хүүхэдтэй болсноор өмнө нь ганц бие явсан Саруулын амьдралд нэлээд өөрчлөлт, эргэлт гарсан байх. Үүнд хэр удаан дасан зохицов?
-Урьд нь би зөвхөн бэлтгэл сургуулилалтаа хийгээд л, өөртөө анхаарал хандуулаад явдаг байсан бол одоо охин, нөхрийнхөө өмнө бас давхар хариуцлага хүлээх болсон. Үнэнийг хэлэхэд эхэндээ ядарч, түүртдэг байсан. Төрөөд хоёр сарын дараа ажилдаа ороход, бэлтгэл сургуулилалтаа хийх, дундуур нь хүүхдээ хөхүүлэх, бас ханьдаа анхаарал халамж тавих гээд ачаалал их байсан. Яваандаа дассан л даа. Одоо бол амьдрал хэвийн шүү (инээв).
-Сүүлийн үед манай зарим охид, бүсгүйчүүд “Ажил мэргэжилдээ амжилт гарган, нийгэмд байр сууриа бэхжүүлсний дараа тохирох нөхөр олдвол гэрлэнэ” гэдэг болсон байна лээ. Хувийн эрх чөлөөгөө нөхөр, хүүхдээр “хязгаарлуулсан” гэрийн эзэгтэй байх танд ямар байна вэ?
-Үнэхээр тийм хандлага ажиглагдаж байгаа. Гэхдээ миний эргэн тойронд бол харьцангуй бага л даа. Миний найзуудын олонх нь гэр бүлтэй болж, хүүхэд төрүүлсэн. Бид ажлаа ч, амьдралаа ч хоёуланг нь зэрэг амжуулахыг хичээдэг. Үр хүүхэд бол хүний амьдралын гол утга учир юм билээ. Айлын эхнэр, хүүхдийн ээж болсноор илүү их хариуцлага нэмэгдсэн ч тэр нь эргээд аз жаргал байдаг юм байна. Хүүхэд, гэр бүл бол эмэгтэй хүний хувьд аз жаргалтай хариуцлага гэдгийг ойлгож эхлээд байгаа. Аав, ээжтэйгээ байхдаа “Ядарч байна”, “Ямар хоол хийсэн бэ” гээд л аливаа ажлаас хойш суугаад байдаг би гэр бүлтэй болсноосоо хойш огт өөр хүн болсон. Адаглаад орой гэртээ ирэхэд нэг юм бохир харагдвал “Энийг одоохон цэвэрлэхгүй бол болохгүй” гэдэг юм билээ. Бүх зүйл өөрийн толгой дээр ирэхээр хүн бүр тэгдэг юм уу, эсвэл би тийм муухай зантай юм уу мэдэхгүй (инээв).
-Нэгэн хэвийн мэт үргэлжилж байгаа амьдралаа сонирхолтой болгохын тулд хүмүүс өөрсдөө хичээх хэрэгтэй гэдэг юм билээ. Таныхаар залуу гэр бүлүүд амьдралаа хөг аялгуутай, сонирхолтой байлгахын тулд яавал зүгээр вэ?
-Нийгмийн хурдацтай хөгжил, нөхцөл байдлаасаа шалтгаалаад ч тэр юм уу, өнөөдөр манайхны амьдрал ерөнхийдөө нэгэн хэвийн үргэлжлээд байх шиг санагддаг. Би л гэхэд өглөө ажил дээр ирээд, бэлтгэл сургуулилалтаа хийнэ. Үдээс хойш “Khongoroo” гээд балетийн сургуульд багшилж байгаа. Хичээлээ дуусгаад, аль болохоор хурдан харьж, гэр бүлийнхэнтэйгээ цагийг хамт өнгөрүүлэхийг хүсдэг ч заримдаа санаснаар болдоггүй. Хамгийн гол нь манайд гэр бүлээрээ цагийг үр бүтээлтэй, зугаатай өнгөрүүлэх газар ховор байна. Тиймээс нөхөр бид хоёр зав гарахаараа кино л үзэх жишээтэй. Хааяа охиноо авч гарахаараа тоглоомын төв оруулах юм даа. Бас хоёр талынхаа аав, ээжүүд дээр очиж, халуун ам бүлээрээ тойроод, ярилцаж суух сайхан амралт болдог.
-Зарим хүн хэчнээн аз жаргалтай хором мөчийг анзааралгүй өнгөрүүлснээ хожим мэддэг гэдэг. Таны аз жаргалын богц хэр зэрэг ганзагатай байна вэ?
-Одоогийн амьдралдаа би сэтгэл хангалуун, аз жаргалтай байна. Гэхдээ үүнээс илүүг бүтээхийн төлөө зүтгэх ёстой л доо. Хамгийн түрүүнд намайг эрүүл саруул төрүүлж, өдий зэрэгтэй өсгөж, хүмүүжүүлсэн ээж, аавдаа маш их баярладаг. Энэ бол аз жаргалын минь үндэс. Эндээс цааш нь хэрхэн аз жаргалын модоо үндэслүүлэн дэлгэрүүлж, богцоо дүүргэх нь хувь хүнээс өөрөөс нь шалтгаалах болов уу.
-Ажил мэргэжлийн талбарт бусдаас илүү гэдгээ батлах шаардлага танд хэр олон удаа тулгарч байв?
-Манай театрт одоо дөрвөн эмэгтэй гоцлол бүжигчин байгаа. Боловсон хүчин цөөтэй учраас бидний дунд хэн нэгнээсээ илүү гэдгээ батлах шаардлага, тийм ширүүн өрсөлдөөн бараг байдаггүй. Гаднын театруудад бол өрсөлдөөн маш их л дээ. Манай гоцлооч нар төгсөлт төгсөлтийн төлөөлөл байдаг учраас нэгнийхээ дутууг гүйцээх, давуу талыг нь илүү сайн дэмжих зэргээр харин ч бусдадаа зөвлөдөг.
-Та хор шартай хүн мөн үү?
-Огт хор шаргүй хүн балетийн урлагт өсөж дэвших боломжгүй гэж боддог. Ялангуяа Хөгжим бүжгийн сургуульд байхад би нэлээд хор шартай байсан. “Би энэ эргэлтийг заавал хийж сурах ёстой” гэх мэт мэргэжлийн талын өрсөлдөөн ангийн охидын дунд их байсан.
-Хүмүүсийн хайрын тухай үзэл бодол нас наснаасаа хамаараад өөр байдаг шиг санагддаг. Таны хувьд одоо хайрыг юу гэж тодорхойлох вэ?
-Нэгэндээ дурлаад, үерхэж дотносоод явж байхад хайрын тухай төсөөлөл их л гэгээн дэврүүн, хийсвэр ч гэж болохоор байж. Харин яг амьдрал зохиогоод ирэхээр хайр гэдэг бол нэгнээ ойлгох, хүндэтгэх ухаан, бас итгэл юм байна гэж бодогдох болсон. Намайг ажилтай байхад заавал эмэгтэй хүн хоолоо хийх ёстой гээд нөхөр маань хүлээгээд сууж байвал утгагүй. Бас би нөхрийгөө ажилтай байхад нь “Чи охиноо цэцэрлэгээс нь ав” гээд тулгаад байх хэрэггүй гэдэг ч юм уу, иймэрхүү энгийн зүйлээс хайр эхэлдэг байх.
-Таныг нялх биетэй байхад нөхөр тань хүүхдийнхээ даавууг угаадаг байв уу?
-Одоо цагт хүүхдийн даавуу бараг хэрэглэхээ больсон юм биш үү. Гэхдээ манай хүн охиныхоо даавуу, хувцсыг сайн угаадаг байсан. Эхний хэд хоногт шөнө охиноо уйлахаар нь хамт босож ирээд, “Би яах вэ, одоо яах вэ” гэдэг байж билээ. Сүүлдээ би өөрөө хүүхэдтэйгээ хэрхэн харилцах учраа олчихсон тул нөхрөө аль болохоор шөнө сэрээхгүйг хичээдэг байсан. Манай нөхрийн эмээ энэ театрт хөгжимчин байсан учраас урлагийн хүний ажлын онцлогийг их сайн ойлгодог. Багаасаа урлагт дуртай байсан гэдэг.
-Та багадаа хөдөө явдаг байсан уу?
-Явалгүй яах вэ. Өвөө, эмээ маань Хэнтий аймгийн хүмүүс учраас бид зуны амралтаараа очдог байсан.
-Нэгнийх нь хүүхэд урлагийн авьяастай гэвэл хөдөөгийнхөн ямар нэгэн баяр ёслол болохоор заавал түүний “концертыг” үзэх гээд байдаг. Таныг тэгж шалдаг байв уу?
-Яг тэгдэг шүү. Багадаа би дуулдаг байсан. Манай хөдөөгийнхөн “Алив чи нэг дуулаадах аа” гэнэ. Том хүмүүсийн үгнээс зөрөх аргагүй учраас их л дуулж өгдөг байсан даа. Сүүлд намайг сунгалт хийдгийг мэдсэнээсээ хойш “Хөлөө дээш нь өргөөд үзүүлчих л дээ” гэж их шалдаг болсон. Одоо ч зарим нь “Хөлөө дээш нь өргөөд үзүүлээч” гэдэг.
-Та өөрийгөө хамгийн дур булаам эмэгтэй гэдгээ хэдийд илүүтэй мэдэрдэг вэ?
-Тайзан дээр гол дүр бүтээгээд дууссаны дараа хүмүүс алга ташихад мэдэрдэг.
-Шидтэн ирээд таны урьд нь гаргаж байсан нэг том алдааг арилгаад өгье гэвэл та хэзээ хийсэн, ямар үйлдлээ засуулах вэ?
-Санаанд яг тэр гэхээр юм орж ирэхгүй байна. Гэхдээ би сургуульд байхдаа нэг хэсэг аав, ээжтэйгээ ам зөрж, гомдоодог байсан болов уу гэж боддог. Шилжилтийн насан дээрээ хүүхдүүдийн ааш зан хувирч, өөрчлөгддөг тал байдаг шүү дээ. Тиймээс өнгөрснийг буцааж болдог бол өсвөр насандаа очоод аав, ээждээ гаргаж байсан муухай ааш зангаа өөрчилмөөр байна (инээв).
-Нууц биш бол тийм үл ойлголцол ихэвчлэн юунаас болж үүсдэг байв. Магадгүй таныг балетчин хэмээх хүнд, хэцүү мэргэжлийг сонгоход хүргэснээс болсон уу. Бусад хүүхэд шиг гадуур дураараа тоглох эрхгүй гээд л...
-Би багаасаа бүжиглэх дуртай байсан. Үүнийг анзаарсан аав, ээж минь намайг балетийн ангид шалгуулж, тэнцсэн. Үнэхээр л энэ мэргэжлийг сонгосон хүмүүст хүүхэд нас гэж байдаггүй болов уу. Би л гэхэд хүүхэд байхдаа гадаа эрх дураараа тоглож байснаа бараг санадаггүй. Дугуй унах дуртай байснаа больсон. Өвөл найз нөхөдтэйгөө цана, чаргаар гулгая гэхээр аав, ээж зөвшөөрөхгүй. Анх балетаар хичээллээд эхэлсний дараахан өдөрт арав гаруй цаг бэлтгэл хийдэг байсан. Заримдаа хэт оройтохоор эхэн үедээ аав маань ойлгохгүй “Хүн өдөрт 13-14 цаг бэлтгэл хийнэ гэж юу байдаг юм бэ” гэдэг байсан. Сүүлдээ ч аав маань тэгж их бэлтгэл хийсний үр дүнд балетчин болдгийг ойлгосон л доо.
-Сайхан бүсгүйтэй уулзсаных асуумаар санагдлаа. Таныхаар сайхан эмэгтэй гэж ямар хүнийг хэлэх вэ?
-Арван хуруу тэгш хүн байхгүй гэдэг. Гэхдээ бүх зүйл нь өв тэгш гэдэг шалгуурт дөхсөн хүнийг л сайхан эмэгтэй гэх болов уу. Эдгээрийн дотроос хамгийн чухал нь сайхан сэтгэлтэй байх.
-Гадаад гоо сайхнаас илүү дотоод гоо сайхан чухал гэж хүн бүр хэлдэг. Энэ нь ч олон эмэгтэйчүүдийн хүсэл таашаалд нийцдэг. Гэхдээ хүсвэл дотоод, гадаад гоо сайхныг өөртөө цогцлоох боломж бүгдэд байгаа гэдэгтэй та санал нийлэх үү?
-Нийлнэ. Сайхан болох боломж бүгдэд нээлттэй гэж боддог. Гагцхүү өөрсдөө хичээх хэрэгтэй байх. Гоо сайхан гэдэг бол хэн нэгнээс худалдаад авч болдоггүй зүйл.
-Сайхан төрөх заяаных гэж итгэчихээд, өөрсдөө тийм болоогүйдээ бусад руугаа атаархлын сүүдэртэй үг унагадаг эмэгтэй олон. Минийхээр өөртөө итгэлтэй эмэгтэй хамгийн сайхан санагддаг.
-Тийм шүү. Өөрийгөө сайхан эмэгтэй гэдэгт итгэлтэй байгаа хүнийг хэн, яах юм бэ. Тэр хүний сайхан руу хэн ч халдаж чадахгүй. Миний бодлоор эмэгтэйчүүд өөрийгөө тарган, туранхай байгаадаа ач холбогдол өгөөд, сэтгэлээр унаад байх хэрэггүй гэж боддог. Бие галбираа хүссэнээрээ өөрчилье гэвэл манайд өчнөөн фитнесс, аэробек, бүжгийн клуб байна. Хөдөлгөөн хүнд хүссэн гоо сайхныг нь өгнө гэдгийг би мэргэжлийнхээ онцлогоор баталж чадна. Ялангуяа сунгалтын дасгал хүнийг харьцангуй залуужуулдаг.
-Төрөөд хоёр сарын дараа ажилдаа орох ёстой учраас та нар формоо алдахгүйг хичээдэг байх. Жирэмсэн байхдаа энгийн бүсгүйчүүд шиг хүссэн болгоноо идэх эрх байхгүй биз?
-Жирэмсэн байхдаа эмэгтэй хүн хамгийн түрүүнд хүүхдээ л боддог юм билээ. Ялангуяа анхны жирэмслэлтийн үед манайхан учиргүй их дэглэм барихгүйг хичээдэг. Тиймээс төрчихөөд ажилдаа ороход өөр хүний биеэр бүжиглээд байгаа юм шиг нэлээд төсөөрчихсөн байсан. Бүх зүйлээ эхнээс нь сурч байгаа юм шиг л байсан.
-Танай нөхөр тоглолтыг тань байнга үздэг гэсэн байх аа. Тоглолтын дараа ханиасаа сонссон хамгийн сайхан үг юу вэ?
-Португалийн балетмейстер Хьюго Виерагийн “Диваажин энд байна” орчин үеийн модерн балетийн дараа нөхөр маань “Би чамдаа дахиад шинээр дурлаж байна” гэсэн. Тэр үг их сайхан санагдсан. Би тэр тоглолтод бэлтгэж байгаад гэнэт хурц олгойн үрэвсэл болоод, хагалгаанд орсон юм. Ес хоногийн дараа тоглолттой, орлон тоглогч байхгүй учраас би заавал бүжиглэнэ гэж зүтгэсэн. Хоёр талын гэрийнхэн хэчнээн дургүйцсэн ч би зөрүүдлэн, зүтгэсээр байж санасандаа хүрсэн.
-Олгой авахуулсан хүн бүжиглэх нь байтугай олигтойхон тэнэгэр алхаж ч болдоггүй биз дээ?
-Маш сайн эмч нараар оёдол тавиулсан л даа. Миний ойлгосноор булчингуудыг нь айхтар татаж оёогүй юм шиг байсан.
Л.ГАНЧИМЭГ