Улсын филармонийн “Монгол уран бүтээл” төслийн цуврал тоглолт үргэлжилсээр байна. Пүрэв гаригийн үдэш тэд Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлээр үзэгчдийнхээ сонорыг мялаахаар төлөвлөжээ.
Монголын орчин цагийн хөгжмийн урлагийн тулгын чулууг тавилцаж ард түмнийхээ хөгжмийн уламжлалыг өрнө дахины соёл иргэншлийн гол ололт болсон сонгодог урлагтай холбож түүхэнд шинэ хуудас нээсэн Төрийн шагналт хөгжмийн зохиолч Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, С.Гончигсумлаа, Э.Чойдог, Ж.Чулуун, Ц.Намсрайжав нарын симфони найрал хөгжимд зориулсан бүтээлүүд энэ үдэш эгшиглэх юм. Энэ сарын 29-ний 19.00 цагт Улсын филармонийн концертын танхимд болох сонгодог хөгжмийн тоглолтыг соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжим судлаач Ч.Буянхишиг тайлбарлах бөгөөд симфони найрал хөгжмийг урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Бүтэнбаяр болон Д.Нямдаш, Б.Батбаатар нар удирдан тоглуулна.
Ж.Чулууны “Уран хас” бүжгэн жүжгийн удиртгал, Ц. Намсрайжавын “Говь гурван сайхан” симфони зураглал зэрэг монголчуудын сэтгэлд хоногсон аялгууг эгшиглүүлэхээр уран бүтээлчид бэлтгэсээр байна.