Монголын хөгжим зохиогчдын холбоо, Монголын морин хуурын төв, Монголын морин хуурын “Икэл” сан, Морин хуур урлалын “Хан мюзик” компанитай хамтран өчигдөр морь жилийн шилдэг есөн хуурчийг нэрлэлээ. Морин хуурын чуулгын үүсгэн байгуулагч, уран сайхны удирдагч, ардын жүжигчин, профессор Ц.Батчулуун, ҮДБЭЧ-ын морин хуурч, ардын жүжигчин Ч.Батсайхан, морин хуур урлаач Б.Энхболд, Говьсүмбэр аймгийн "Боржигон" театрын морин хуурын багш Д.Нацагдорж, Төв аймгийн "Монгол туургатан" театрын гоцлол хөгжимчин Х.Азжаргал, Завхан аймгийн морин хуурч С.Түмэнбаяр, “Домог” хамтлагийн морин хуурч Д.Шинэцог, СУИС-ийн багш, морин хуурч П.Мөнхжин, Хөгжим бүжгийн коллежийн морин хуурын багш Ё.Батбаярыг шилдэг морин хуурчаар нэрлэлээ. Шилдэг хуурч шалгаруулахдаа морин хуур хөгжимд зориулсан зохиол бичиж, олон улсад энэ хөгжмийн зэмсгийг алдаршуулж, бие даан уран бүтээл туурвиж, хойч үедээ өв соёлоо уламжлуулж яваа зэрэг шалгуурыг харгалзан үзжээ. Монголын морин хуурын “Икэл” сангийн эрхлэгч Ц.Пүрэвхүү "Энэ жилээс эхлэн шилдэг морин хуурчдыг жил бүр тодруулан урамшуулна" хэмээн ярилаа.
Морин хуур урлалын “Хан мюзик” компани шилдэг морин хуурчдад 1.500.000 төгрөгийн үнэтэй ширэн цартай морин хуур хийлгэх эрхийн бичиг гардууллаа. Шилдгээр тодорсон П.Мөнхжин “Би долоон настайгаасаа эхлэн морин хуур тоглож байгаа. Энэ хөгжим миний сэтгэлийн хоосон орон зайг дүүргэдэг. Залуу хүн учир цаашдаа өөрийн бүх хүчээ дайчлан, дэлхийн тавцанд Монгол морин хуурыг таниулах болно” гэлээ.
Т.Дэлгэрцэцэг