Францын нэрт хөгжмийн зохиолч А.Аданы романтизмын үеийн шилдэг бүжгэн жүжиг болох “Жизель” хайр дурлалын эмгэнэлт балетыг ирэх сарын 1-ний өдөр Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглохоор болжээ.
Энэхүү бүжгэн жүжгийг анх 1841 оны зургадугаар сарын 28-нд Жин Коралли, Юлис Перрот нарын дэглэлтээр Францын Парис хотноо “Гранд Опера” театрын тайзнаа амилуулж байжээ. Харин 1884 оноос эхлэн балетмейстер Мариус Петипагийн дэглэлтээр тавьсан байдаг аж. Манай улсад анх 1979 оны арванхоёрдугаар сарын 22-нд тоглож байжээ.
Ирэх сарын 01-нд тоглогдох “Жизель” балетын симфони найрал хөгжмийг урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх удирдах бол туслах найруулагчаар МУГЖ Х.Гэрэлчимэг ажиллах гэнэ. Дүрүүдийн хувьд Жизельд СТА Ч.Ганчимэг, Альберт гүнд СТА О.Ганцоож, ойн захирагч Гансын дүрд СТА А.Өлзий-Орших, Батильдад СТА Р.Байгальмаа, Вильфридэд Ц.Төмөрсүх, Миртад Б.Саруул нар тус тус тоглох юм байна