Манайд нярайн эндэгдэл 1000 амьд төрөлтөд 7.7 байгаа нь олон улсын дунджаас тав дахин өндөр үзүүлэлт юм. Иймд нярайн эрт илрүүлгийг сайжруулах, оношилгоо, эмчилгээг өргөжүүлэх бодлогын хүрээнд энэ онд үндэсний баг байгуулсан билээ. Тус багийнхан нярайн тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, үр дүнтэй хүргэхэд анхаарч ажиллаж буй. Үүний хүрээнд тэд нярайн тархи өргөх эмчилгээг “Өргөө” амаржих газарт хийж эхлүүлснээ өчигдөр мэдээллээ. Тус эмчилгээг бүтэлттэй буюу хүчилтөрөгчийн дутагдалтай төрсөн нярайн тархийг хөлдөөх замаар хийдэг бөгөөд цаашид гарч болзошгүй олон хүндрэлийг уг аргаар зогсоох давуу талтай аж.
Үндэсний багийн ахлагч Б.Өлзийхишиг “Манай улсад тархины хүчилтөрөгч, цусан хангамжийн дутагдлын шалтгаант эмгэг сүүлийн 10 жил нярайн өвчин, эндэгдлийг тэргүүлж байгаа. Хүүхдийг эхийн хэвлийд байхад нь, эсвэл нярай үед нь тохирсон эмчилгээг чанартай хийснээр хөгжлийн бэрхшээл үүсэхээс 70 хувь сэргийлэх боломжтой. Харамсалтай нь, манайд нярайн эрт үеийн зарим эмчилгээг нэвтрүүлээгүйгээс өнгөрсөн хугацаанд хөгжлийн хоцрогдолтой есөн сартай хүүхдүүдийн ес, хоёр настнуудын 12 хувь нь л шаардлагатай тусламж, үйлчилгээ авсан байна. Харин өнөөдрөөс бид хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглан нярайн өвчлөл, эндэгдлийг бууруулах, хөгжлийн бэрхшээл үүсэхээс сэргийлэх эмчилгээг нэвтрүүллээ. Чанартай тусламж, эмчилгээг цаг алдалгүй хүргэснээр хүүхдийн дархлаа багаасаа зөв тогтож, эд, эсийг хамгаалан, эрүүл саруул өсөж торних үндэс болдог” хэмээсэн юм.
Салбарын яамнаас нярайн эндэгдлийг 1000 төрөлт тутамд 5.5 болгон бууруулах зорилт тавиад буй. Бүтэлттэй төрөлтөөс үүддэг олон өвчнийг бууруулахад 72 цагийн туршид хийгддэг дээрх эмчилгээ чухал нөлөөтэй гэж албаныхан үзэж байна. Ингэснээр төрөнгүүтээ эндэх, бүтэлтээс үүдсэн уналт таталт, саажилтаас урьдчилан сэргийлэх боломжтой аж. Ташрамд дурдахад нярайн тархи өргөх эмчилгээний таван аппаратыг эхний ээлжид “Өргөө” амаржих газарт нийлүүлжээ. Цаашид бусад төрөх эмнэлэгт нийлүүлэх аж.
О.Оргилох