Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь Сайханы хөтөлд дүүжин гүүр барьж, энэ сарын 24-нөөс ашиглалтад оруулжээ. “Өргөн Сэлэнгэ үйлчилгээ” ОНӨААТҮГ болон хувь хүмүүс үүнийг барих санхүүжилтийг бүрдүүлсэн байна. Гүүрийн урт 60, өндөр нь 10 метр аж. 2020 онд тус газарт улсын төсвийн хөрөнгөөр шилэн гүүр барихаар төлөвлөж байсан ч хэрэгжүүлээгүй аж. Тиймээс эцэстээ иргэд санаачилгаараа ажил хэрэг болгохоор шийдсэн байна. Дүүжин гүүрээр явж, олсоор дамжин буухад 15-20 мянган төгрөгийн төлбөртэй.
“Өргөн Сэлэнгэ үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын захирал И.Чулуунболд “Сэлэнгэ аймгийн Сайханы хөтөлд зуны улиралд 40-50 орчим мянган аялагч ирдэг. Гэвч тэдэнд зориулсан үйлчилгээ дутмаг. Иймээс дүүжин гүүр барих санаачилга гаргасан. Цаашид агаарын шүхэр, Орхон, Сэлэнгийн бэлчрийн цутгалыг дэргэдээс нь очиж үзэх завьтай аялал, хаданд авиралтын зам зэрэг цагийг зугаатай өнгөрөөх үйлчилгээ нэвтрүүлэхийг зорьж байна” гэв.
Бэлтгэсэн: А.Тэмүүлэн