“Улаанбаатар аялал жуулчлалын холбоо” НҮТББ-аас 2023 оны дотоодын аялал жуулчлалын чиг хандлагын судалгаа хийжээ. Тэдний тооцоолсноор энэ зун 860-883 мянган жуулчин дотоодод аялж, 211.9-220.8 тэрбум төгрөгийг эдийн засагт төвлөрүүлэх гэнэ.
Тус холбооны судлаач Б.Ербахыт энэ талаар “Гэр бүл, найз нөхдөөрөө аялах нь Монгол Улсын дотоодын аялал жуулчлалын үндсэн хэлбэр болох нь судалгааны үр дүнгээс, бодит байдлаас ч харагддаг. Энэ жилийн судалгааны онцлог нь аяллын төрөл, жуулчдын урсгалыг тодорхойлох зорилготой байсан. Аялагчид өмнөх жилүүдийнхтэй адил Архангай, Өвөрхангай, Завхан, Хөвсгөл аймаг болон нийслэл орчимд төвлөрөх төлөвтэй. Сүүлийн жилүүдэд дотоодын аялагчдын тоо нэмэгдэж, эдийн засгийн эргэлт сайжирч буй. Харин хяналт, зохицуулалт сул байгаа нь гадаадын төдийгүй дотоодын аялал жуулчлалын олон асуудалд анхаарах цаг болсныг харуулж байна” гэлээ. Жуулчдын 47.5 хувь нь дунджаар 7-10 хоног аялах бөгөөд дийлэнх тохиолдолд автомашинаар зорчих аж. Олонх буюу 33 хувь нь нэг удаагийн аялалдаа 1-1.2 сая төгрөг зарцуулах тооцоо гаргажээ.
Бэлтгэсэн: Д.Хүслэн