Иран улсын “Шалале дэнс” хамтлаг монгол ардын “Сэр сэр салхи” дууг дэлхийн үзэгчдэд хүргэв
Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциацаас Азийн ардын урлагийн наадмыг өнөө жил дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас цахим хэлбэрээр зохион байгуулж буй бөгөөд тусгай хэмээн онцлон тодотгож буй аж. Зөвхөн Ази тив бус, дэлхийн бүх орны уран бүтээлчдэд нээлттэйгээр зарласан уг наадмын хамтран зохион байгуулагч нь “Артлар соёл урлаг” төрийн бус байгууллага болон Б.Цацрал захиралтай “Монгол урлаг” агентлаг юм. Монголын талын эдгээр байгууллагын зүгээс энэ удаагийн цахим наадамд оролцогч олон үндэстний төлөөлөлд монгол ардын “Сэр сэр салхи” дууг өөр өөрсдийн хувилбар, найруулгаар, үндэсний хөгжмийн зэмсгээрээ тоглох, дуулахыг санал болгон удирдамж гаргасан аж. Үүний хүрээнд нийт 30 шахам хамтлаг, дуучин бүртгүүлснээс 13 нь заасан хугацаанд амжиж бичлэг ирүүлжээ. Заримаас нь сонирхуулахад, польшууд хийл болон бусад утсан, болгарчууд үндэсний зэмсгээр, беларусь бүсгүй ёочин төст хөгжмөөр тоглосон байна. Тэдгээрээс Малайзын “Туни рандави” хамтлагийн уран бүтээлчдийн тоглолтын бичлэгийг зохион байгуулагчид хамгийн түрүүнд олон нийтэд хүргэлээ. Хамтлагийн уран сайхны удирдагч, хөгжмийн найруулагч нь Жорж Бин Марибал. Олон үндэстний ардын урлагийнхан монгол ардын дууг хэрхэн тоглосныг үзэх бол eaff.eu хуудсанд зочлоорой. Ташрамд сануулахад, Азийн урлагийн анхдугаар наадмыг манай улсад 2018 оны зун дээрх байгууллагууд Засгийн газрын дэмжлэгтэй зохион байгуулсан билээ.
Бэлтгэсэн: Р.Жаргал