Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодотголтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
Ринчиндоржийн Батболд. Энэ нэр иргэд, сонгогчдын хувьд тийм ч танил биш. Нөгөөтээгүүр, улс төрийн тавцан ч Р.Батболд гэдэг хүний хувьд цоо шинэ юм. УИХ-ын ээлжит IX сонгуулийн үр дүнд бүрдсэн 126 гишүүнтэй парламентын босгоор алхсан нь, бас улс төрд хөл тавьсан нь ч түүний хувьд анхных. Түүнчлэн 2016 оноос хойш парламент дахь орон зай нь эзгүйрээд байсан Иргэний зориг ногоон намаас сонгогдсон дөрвөн гишүүний нэг гэдгээрээ онцгойрох учиртай.
Холимог тогтолцоогоор явуулсан, парламентын ээлжит сонгуулиар иргэд ИЗНН-ынханд итгэл хүлээлгэн саналаа өгсний ачаар тус намын жагсаалтын гуравдугаарт бичигдсэн Р.Батболдод УИХ-ын босгоор алхах боломж олдсон. Өнгөрсөн найман жилийн турш нэг намын дарангуйллыг тэвчиж залхсан иргэд арга ядсандаа л ИЗНН-ынханд итгэл хүлээлгэсэн гэхэд болно. Гэвч тэд олны итгэлийг бүрэн дааж, парламент дахь сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадахгүй л байна. Ялангуяа сонгуулийн үеийн уриа болох “Зоригтой бай” гэдгээ ч биелүүлэхгүй, харин намын дотоод зөрчлөөрөө л олонд илүүтэй танигдаад буй гэхэд болно. Уг нь тус намаас УИХ-д сонгогдсон дөрвөн гишүүн хэвлэлийн бага хурал хийж, сүүдрийн Засгийн газар байгуулан, сөрөг хүчний үүрэг гүйцэтгэнэ гэж сүржин гэгч нь мэдэгдэж байсан билээ.
Р.Батболд эдийн засагч мэргэжилтэй. Намын дарга Б.Батбаатартайгаа адил МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг эдийн засагч мэргэжлээр 1999 онд төгссөн. Түүнээс хойш УИХ-ын гишүүн болох хүртлээ хувийн хэвшилд, тухайлбал, “Разноимпэкс”, “Эйртранс”, “Би Эм Би Икс”, “Ти Пи Эм смарт системс” зэрэг компанид удирдах албан тушаал хашиж байжээ. Өөрөөр хэлбэл, төрийн албанд төдийлөн ойртож байгаагүй тэрбээр өнгөрсөн оны сонгуулийн өмнө намынхаа ерөнхий нарийн бичгийн дарга болж гэнэт гарч ирсэн юм.
Тэрбээр эдийн засагчийн хувиар өдгөө УИХ-ын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр ажиллаж байна. Гэвч энэ оны төсөв болон улсын эдийн засагтай холбоотой асуудлуудыг хэлэлцэх, шийдвэрлэх, бодлого боловсруулах явцад Р.Батболд гэдэг гишүүний дуу хоолой, санал, шаардлага, улмаар сөрөг хүчний байр суурийг нь бид олж сонссонгүй. Бас ногоон хөгжлийг эрхэмлэдэг гэх намын гишүүн атлаа тартагтаа тулсан агаарын бохирдлын эсрэг чангахан шиг дуугарахыг нь ч үзсэнгүй. Харин намын дарга Б.Батбаатар, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара нарын маргааны асуудлаар “Намын удирдлагуудын хоорондын асуудал” гэх байр суурь илэрхийлсэн удаатай. Товчхондоо, байгаа, байхгүй нь мэдэгддэггүй, суудал бөглөсөн нэгэн. Уг нь тэрбээр чуулган тасалдаггүй идэвхтэй гишүүдийн нэг юм байна.
Ямартай ч “будаг нь ханхалсан” гишүүнд цаашид төрөл арилжин хувирах гурван жилийн хугацаа бий. Намд нь хүлээлгэсэн олны итгэлийг дааж, сөрөг хүчний үүргээ гүйцэтгэх үү, эсвэл дотоод зөрчилдөө дарлагдаж, ирэх гурван жилийг дэмий өнгөрөөх үү гэдгийг Р.Батболд сонгох учиртай.
М.Оч