УИХ-ын гишүүний бүрэн эрх дөрвөн жил үргэлжилдэг гэж та боддог уу. Хуульд зааснаар бол тийм. Гэвч үнэндээ тэдний зарим давуу эрх таван жил байдаг аж. Хэрэв энгийн нэг иргэн ажлаасаа гарсан, чөлөөлөгдсөн бол улсаас дөрвөн сарын ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй. Үүний тулд хоёр жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, мөн сүүлийн 12 сард нь огт тасалдуулаагүй байх шаардлага тавьдаг. Ингэхдээ авч байсан цалингийнх нь 45-70 хувийг ажилласан жилээс буюу татвар төлсөн хугацаанаас нь хамаарч тооцон олгодог юм. Харин УИХ-ын гишүүн дараагийн сонгуульд өвдөг шороодвол, эсвэл намаас нь дахин нэр дэвшүүлээгүй бол нэг жил “гэдсээ илээд” амарч болно. Учир нь тэдэнд УИХ-ын гишүүний цалинг нь жилийн турш үргэлжлүүлэн олгодог.
Төрийн бодлогыг батлалцаж явсан гавьяаг нь ийнхүү үнэлж буй хэрэг. Гэвч УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүн бүр бүх ард түмний төлөөлөл болох үүргээ сайн гүйцэтгэж, хариуцлагатай ажилладаг бил үү. Эрх ямба эдлэх гэж буй бол үүргээ хэр зэрэг биелүүлснийг нь давхар хянах учиртай. Харамсалтай нь, манайд ийм хяналт алга. Бас энэ нь өнгөрсөн онд л гэнэт нэмсэн шинэ зохицуулалт биш юм.
28 дахь жилдээ мөрдөж буй заалт
76 гишүүнтэй сүүлчийн парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, сонгуулийн тогтолцоог холимог болгосон. Мөн УИХ-д 126 гишүүн сонгох өөрчлөлт хийсэн билээ. Тиймээс Үндсэн хуулийн эл өөрчлөлтөд бусад хуулийг ч нийцүүлсэн. Үүний дагуу 2024 оны тавдугаар сарын 16-нд УИХ-ын тухай хуулийн шинэчлэн найруулсан хувилбарыг парламентаар баталсан байдаг. Уг хуулийн 41 дүгээр зүйлд УИХ-ын гишүүний бүрэн эрхийн баталгааг зохицуулсан юм. Тодруулбал, 41.9-д “Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, гишүүнээр сонгогдохоосоо өмнө оршин сууж байсан газартаа шилжвэл өөрийнх нь болон гэр бүлийн гишүүний замын зардал, ачаа, тээшний хөлсийг авто тээврийн тарифаар тооцож олгоно” хэмээн заажээ. Эл заалтыг дээрх шинэчилсэн найруулгаар л гэнэт оруулж ирсэн мэтээр зарим сайтад бичиж, нийгмийн сүлжээнд иргэд бухимдаж байна. Гэтэл Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент бий болсон 1992 оноос л УИХ-ын тухай хуульд ийм агуулгатай заалт байсаар ирсэн юм билээ. Дараа дараагийн УИХ агуулгыг нь бага зэрэг өөрчилж, тэтгэмж олгох хугацааг нь харин сунгаж ирсэн байна.
1992 оны хуульд “УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан бол сонгогдохоос өмнө нь хийж байсан ажилд эгүүлэн томилох, тухайн албан тушаал нь байхгүй бол мөн үед авч байсан цалинг нь бууруулахгүйгээр ажил олгоно” гэж оруулж байсан аж. Тэтгэмж өгнө гэсэн зохицуулалт энд бол алга. Харин 1997 онд дээрх агуулга дээр нэмээд “Ажил эрхлэх хүртэл зургаан сарын хугацаанд УИХ-ын гишүүн байсан үеийнхээс бууруулахгүйгээр тэтгэмж, хэрэв бага цалинтай ажил эрхэлж буй бол зөрүүтэй нь тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно” хэмээн оруулсан байна. Өнөөдөр шүүмжлээд буй заалтыг 28 жилийн өмнөх УИХ анх санаачилж хэрэгжүүлсэн гэсэн үг. 2006 онд зургаан сарын хугацааг нь жил болгон нэмжээ. Мөн сонгогдохоосоо өмнө оршин сууж байсан газар луугаа шилжих бол өөрийнх нь болон гэр бүлийнх нь замын зардал, ачаа тээврийн хөлсийг төр хариуцах заалт нэмсэн юм байна. Гэхдээ энэ үед зөвхөн гишүүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй хүний замын зардлыг төр хариуцахаар зааж. 2020 оны өөрчлөлтөөр “хөдөлмөрийн чадваргүй” гэсэн үгийг хасаж, гэр бүлийн бүх гишүүний нүүх зардлыг төр гаргахаар болгосноороо ялгаатай. 2024 онд бол эл заалтаа хуулаад тавьсан байх нь. Тэгэхээр УИХ-ын гишүүний бүрэн эрх нь дуусаж, энгийн иргэн болсон ч жилийн турш цалинг нь хэвээр олгох “халамжийн заалт”-ыг анх нэмсэн 1994-1998 оны парламенттай л иргэд “заргалдах” хэрэгтэй болж буй юм. Гэхдээ хуульд УИХ-ын гишүүн байх хугацаандаа хууль зөрчиж эгүүлэн татагдсан хүнд 41.9 дэх заалт үйлчлэхгүй байхаар тусгасан байна лээ.
Нэг хүнд 46 сая төгрөгийн тэтгэмж
Гишүүдийн цалин, нэмэгдэл, албан томилолт, бичиг хэргийн болон үйл ажиллагааны бусад зардлыг УИХ-ын жил бүрийн төсөвт тусгаж санхүүжүүлдэг. Гишүүн М.Нарантуяа-Нара “Бид сард 3.9 сая төгрөгийн цалин авдаг” хэмээн зарласан нь бий. Үүн дээр ажилласан жил, зэрэг цолны нэмэгдэл нь хүн бүрд өөр байгаа биз. Мөн хууль санаачилсны, сурталчилсны төсөв гэх мэтээр нэмэлт мөнгө гишүүд авдаг. Юутай ч үндсэн цалингийнх нь хэмжээгээр тооцоход 2028 оны долоодугаар сараас эхлэн “визээ сунгуулж” чадаагүй хүмүүст жилд 46.8 сая төгрөгийн тэтгэмж олгох юм байна. Энэ УИХ-ын 126 гишүүний 80 нь шинэ хүн. Тэдний дотор хэлд ороогүй хүн олон бий. Намын жагсаалтаар “нисээд” ороод ирсэн, товчлуур дарахаас өөр үүрэггүй гишүүдийг иргэд дахин сонгохгүй гэж найдна. Тэгэхээр тэд “тэтгэмж авагчдын” эгнээнд шилжинэ гэсэн үг. Нийт гишүүний 50 хувь нь улирч сонгогдохгүй, сонгуульд хүч үзэхгүй гэж үзвэл төсвөөс бараг гурван тэрбум төгрөгийг ажилгүйдлийн тэтгэмж болгон олгох аж. Үүн дээр орон нутгаас сонгогдсон гишүүн аснууд, тэдний гэр бүлийн нүүдлийн зардлыг төр төлнө гэхээр “хөөрхөн” мөнгө гарах нь.
Бусад ямба
УИХ-ын гишүүн бусдыг гэмт хэрэгт холбогдуулан доромжлох, гүтгэхээс бусад тохиолдолд бүрэн эрхийнхээ хүрээнд нэгдсэн чуулган болон байнгын, дэд, хянан шалгах түр хорооны хуралдаанд хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор үзэл бодлоо илэрхийлж хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй. Ийм бүрэн эрхтэйг нь бол олон нийт мэддэг. Тэд УИХ-ын гишүүн байхаа больсон ч тухайн үед хэлсэн үг, хэлэлцүүлэхээр оруулсан асуудлынхаа төлөө хариуцлага хүлээхгүй байх эрхтэй. Мөн гишүүн гадаадад зорчих, байх хугацаандаа дипломат эрх ямба, дархан эрх эдэлнэ хэмээн УИХ-ын тухай хуульд заажээ. Энд хувиараа, эсвэл албан ажлаар гэж ялгасан зохицуулалт алга. Тэгэхээр зарим гишүүн хувиараа буюу гэр бүлээрээ гадаадад явахдаа ЭСЯ, дипломат төлөөлөгчдийн газрын ажилтнуудыг “зараад” байдаг нь хуулиар олгосон эрх ямбаа эдэлж буй байх нь.
Мөн УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаанд амь насны даатгалыг төр хариуцан төлнө. Хэрэв гишүүн албан үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэндээрээ хохирч, хөдөлмөрийн чадвараа түр алдсан бол эмнэлгийн чөлөөтэй байсан хугацааны тэтгэмж болон авч байсан цалингийн зөрүүг олгодог юм байна. Хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр болон авч байсан цалингийн зөрүү, хиймэл эрхтэн хийлгэх бол түүний зардлыг нь, түүнчлэн гишүүнд тусламж, үйлчилгээ үзүүлэх ажилтны хөлс олгоно гэжээ. Ажлаа хийж яваад гэмтсэн бол энэ бүхэн зүй ёсных биз. Түүнчлэн гишүүд магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаадад эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан үед зардлынх нь 70-аас доошгүй хувийг төр хариуцахаар хуульд тусгажээ. Энэ мэтээр гишүүд тодорхой бүрэн эрх эдэлсээр ирсэн байна.
Парламентын гишүүд хуулиар хамгаалагдсан халдашгүй эрхтэй, хууль тогтоох байгууллагад ажилладаг учраас энгийн иргэдтэй харьцуулах хэцүү. Гэхдээ энэ давуу эрхээ хэтрүүлэн ашиглах гээд байдаг хүн цөөнгүй. Бас дөрвөн жил бүрэн эрхээ эдэлсэн хүнд заавал тэтгэмж олгох шаардлага үнэхээр бий юү. 28 жилийн турш үе үеийн парламентын гишүүд “Тийм” гэж үзэн дээрх заалтыг хадгалсаар, хэрэгжүүлсээр ирсэн юм билээ. Олон нийт одоо л энэ талаар анхаарч байгаа хэрэг. УИХ-ын гишүүн байх хугацааны эрх, ямбыг нь ярихаа больё. Харин энгийн иргэн болсныхоо дараа яагаад бусдаас давуу эрх эдлэх ёстой гэж. Ардчилсан нийгэмд хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй. Гишүүн аснуудад зориулж тусгай, давхар стандарт үйлчлэх учиргүй. Үүнийг л иргэд шүүмжлээд буй юм. Гэтэл үе үеийн парламентын гишүүдээс уг заалтыг хасуулах хүн гарсангүй. Заавал “эрхлүүлнэ” гэж үзэж байгаа бол тэтгэмж, урамшуулал олгохдоо шалгуур тавих ёстой. Тэр хүн УИХ-ын гишүүнээр ажилласан хугацаандаа ямар үр бүтээлтэй хуулийн төсөл санаачлан батлуулав, хэр хариуцлагатай ажилласан зэргийг хянаж байж, тэнцсэнд нь л олгож болох юм. Хуралдаандаа байнга суудаггүй, ард түмний гэхээс илүү хувийн эрх ашиг, бизнесээ өөд татахын төлөө ажилладаг, эсвэл хэлгүй мэт сууж, товчлуур дарах үүрэгтэйгээр дөрвөн жилээ өнгөрүүлсэн хүмүүсийг төсвийн мөнгөөр тэтгэх албагүй. Өөрсдөдөө тэтгэмж олгохдоо ажил үүрэг, хариуцлагатайгаа уялдуулах хэмжээний ухамсартай байх хэрэгтэй байна, УИХ.