Дэлхий дахины ядуурлын үзүүлэлт төдийлөн буурахгүй, 2020-2030 он “алдагдсан арван жил” болж байгааг Дэлхийн банк “Дэлхийн ядуурал, хөгжил цэцэглэлтийн тайлан-2024”-төө дурджээ. Ядуурлыг эцэслэж, хамтын хүч, оролцоонд тулгуурласан хөгжил цэцэглэлтийг дэлгэрүүлэх хүн төрөлхтөн, улс орнуудын нэгдмэл зорилгын хэрэгжилт 2030 он гэхэд онц өөрчлөлтгүй, урагшилсан зүйлгүй байх төлөвтэй гэнэ. 1990 оныхтой харьцуулахад Өмнөд Азийн бүс нутагт (Энэтхэгийг эс тооцвол) нэн ядуу амьдарч буй хүний тоо 141-ээс 20 сая болж эрс буурчээ. Мөн Энэтхэгт нэн ядуучуудын тоо сүүлийн 34 жилийн хугацаанд 431-ээс 129 сая болж цөөрсөн гэнэ. Гэвч дэлхийн хэмжээнд авч үзвэл ядуурлын үзүүлэлт 2010 оноос хойш зогсонги төлөвт шилжжээ. Өдөрт 2.15 ам.доллароос бага цалингаар амьдарч буй хүмүүсийг туйлын ядуу ангилалд багтаадаг. Дэлхийн банк 2030 он гэхэд туйлын ядуурлыг арилгах зорилт дэвшүүлсэн. Мөн НҮБ зэрэг олон талт хамтын ажиллагааны байгууллагууд Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд ядуурлын эцэслэж, хүн төрөлхтөнд амар амгалан амьдрах, хөгжил цэцэглэлтийн үр шимийг ижил тэгш хүртэх нөхцөл бүрдүүлэхийг чухалчилж буй. Тэгвэл өдгөө дэлхийн нийт хүн амын 700 сая орчим буюу 8.5 хувь нь туйлын ядуу, 44 хувь нь ядуу зүдүү амьдарч байна. Судлаачид “2030 он гэхэд энэ тоо бараг өөрчлөгдөхгүй, хамгийн эергээр төсөөллөө гэхэд туйлын ядуу амьдрагсдын тоог одоогийн хүн амын гурван хувьд (250 гаруй сая) хүргэх боломжтой. Ийм үр дүнд хүрэхэд маш их хичээл зүтгэл, хөрөнгө, хүч хэрэгтэй” гэжээ.