Манай улсын эрүүл мэндийн салбарт эдүгээ 30 гаруй хууль, эрх зүйн акт үйлчилж байна. Стандартын тоо нь л гэхэд дангаараа 980 гаруй гээд бод доо. Харамсалтай нь, албаныхан үүнийхээ ихэнхийг нь дагаж мөрдүүлдэггүй, хангуулж хянадаггүй атлаа “Энэ ч хууль нь болохгүй байна, нэмж боловсруулъя. Тэр ч стандарт нь хоцрогдсон, шинээр зохиоё” гэж гоншигносон хэвээр. Үнэндээ салбарын өнөөгийн сул дорой байдал, ур чадвар, ёс зүйгүй боловсон хүчин, нооройсон барилга, байгууламжууд, “арчаагаа алдсан” гадаад, дотоод орчин, салж унахаа шахсан тоног төхөөрөмжүүдийг нь сайжруулах 1000 орчим стандарт, хууль, дүрэм журам байсаар атал шүү дээ. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн салбарт, тэр дундаа улсын эмнэлгүүдийн бүтэц, үйл ажиллагаа, тусламж, үйлчилгээний чанар, хүрээлэн буй орчин, хүртээмжийг нэн тэргүүнд сайжруулахын тулд эхний ээлжид одоо хүчин төгөлдөр үйлчилж буй эдгээр стандарт, хууль, дүрмээ даруй мөрдүүлж, хянах шаардлагатай байгаа юм. Үүнийг нийслэл дэх төрийн өмчийн эмнэлгүүдийн бодит дүр төрх ч сүүлийн үед илэрхий “хэлэх” боллоо.
Эмнэлэг гэдэг нь зөвхөн өвчтөн үзэж, эмчилдэг газар бус, харин түүгээр үйлчлүүлэгчид, тэдний ар гэрийнхэн болон эмч, ажилтнуудын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий орчин билээ. Гэтэл мөрдвөл зохих стандартыг хангуулаагүйгээс Монголын эмнэлгүүд үйлчлүүлэгчдэдээ гологдон адлуулж, чанар, хүртээмж нь ч алс хол “цөлөгдөөд” буй. Төрийн өмчийн эмнэлгүүдийн тусламж, үйлчилгээнд ямар стандарт мөрдүүлэх шаардлагатайг удирдлагууд нь мартсан бол энэхүү нийтлэлээрээ сануулаад өгье. Хяналт тавьж, хангуулах үүрэгтэй төрийн захиргааны төв байгууллагынханд ч хэрхэн ажиллахыг нь “заах” хэрэгтэй юү.
Өөдлөх айл үүд хаалганаасаа гэдэг дээ. Харин манай эмнэлгүүдийн гаднах орчин гэж авах юмгүйн дээр хаяг нь дийлэнхдээ тодорхойгүй учраас хаалгыг нь олж очиход ч төвөгтэй болсон. Олонх эмнэлгийн үе үеийн удирдлагууд анхнаас нь заагаад өгсөн газрыг нь хууль бусаар ашиглаж, зарж үрсэн жишээ цөөнгүй. Үүнээс болоод эмнэлгүүдийн хүрээлэн буй орчинд ямар стандарт мөрдөж, дагах ёстойг ч нийтээр мартаж. Эмнэлгийн орчин гэдэг гаднаа ганц сүүдрэвчтэй, дотроо хоёр сандалтай, угааж цэвэрлэсэн байхаас тэс өөр ойлголт. Наад зах нь эмнэлгийн гаднах, доторх орчинд халдвар тархахгүй байх явдал. Даанч улсын ихэнх эмнэлгийн орчны зохион байгуулалт, ариун цэвэр, хог хаягдлын менежмент, агааржуулалт, ариутгал зэрэг нь одоо болтол стандартын зохих шалгуур шаардлагыг хангахгүй, олон улсын жишгээс доогуур түвшинд байгааг Дэлхийн банк, ДЭМБ болон бусад донор байгууллагын судалгаанд дурдсан байна.
Эмнэлгийн хана нь харааны мэдрэлийн цочролоос сэргийлсэн өнгөтэй байна
Тэгвэл эмнэлгийн орчинд ямар стандарт мөрдөж, хангах ёстой байдаг вэ. Үүнийг судлахад, II шаталын эмнэлгүүд гэхэд л Эмнэлгийн барилгын дүрэм ба зөвлөмж БД 31-115-12, Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа MNS 5095:2017, Төв эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандарт MNS 6330-1:2012, Эрүүл мэндийн байгууллагын орчны эрүүл ахуйн шаардлага MNS 6392:2013, Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30-01-04 зэргийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах хуулиар хүлээсэн үүрэгтэй аж. Эдгээрийг хангуулж, хэрэгжүүлж, хянах нь төрийн удирдах шатны байгууллагуудын үүрэг. Харин манайд энэ бүх дүрэм журам эсрэгээрээ үйлчилж буй. Хууль сахиулах үүрэг бүхий төрийн байгууллагынхан нь хүртэл эмнэлгүүдийн газрыг дээрэмддэг, гаднах орчныг нь булаадаг жишиг тогтоогоод удсан гэх.
Эрүүл мэндийн байгууллагын орчны эрүүл ахуйн шаардлага MNS 6392:2013-ыг дээрх стандартуудаас онцгойлон тодруулъя. Тэр дундаа төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдэд уг стандарт хамгийн их хамаатай. Долоогоос доошгүй тусламж, үйлчилгээ үзүүлдэг дүүргийн зарим эмнэлэг ч үүнд хамаардаг аж. Төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг гэдгийг “Улсын бүртгэлд бүртгүүлсэн, тусгай зөвшөөрөлтэй, нэг буюу хэд хэдэн мэргэжлээр улсын хэмжээнд лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлдэг, сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажил эрхлэн, эрүүл мэндийн бусад байгууллагыг мэргэжил, арга зүйгээр хангах чиг үүрэгтэй” хэмээн томьёолжээ. Дээрх стандартад төрийн өмчийн эмнэлгүүдийн гаднах орчны тохижилтыг маш нарийн тусгажээ. Жишээ нь, хүний эрүүл мэндэд харшил үүсгэдэггүй мод, бутыг барилгаас 6-10 метрийн зайд, цонхны хоорондох хананы харалдаа, өрөөнд сүүдэр үүсгэхээргүй, харшлын бодис саармагжих орчинд тарина. Гадна талбайд хогийн савыг салхины доод талд, нарлах талбайн сандал, сүүдрэвчээс 1.5-2 метрийн зайд, 30 метр тутамд байхаар төлөвлөнө. Хогийн сав нь Хог хаягдлын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан холбогдох шаардлагыг хангах ёстой. Түүнчлэн гаднах орчны тохижилт, барилга, байгууламж, өрөө, тасалгаа нь эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байна. Барилгын цонх, хаалга нь зориулалтын хаалт, сүүдрэвчтэй, цайвар өнгөтэй, битүүмжлэл сайтай, түгжээтэй, гадагшаа онгойх заалттай. Мөн эмнэлгийн хана нь төрөх, сэтгэц, мэдрэл, нүд гэх мэт тусламж, үйлчилгээний төрлөөс хамаарч харааны мэдрэлийн цочролоос сэргийлсэн, оношилгоо, эмчилгээнд сөрөг нөлөөгүй өнгөтэй байхыг хүртэл MNS 6392:2013-т тусгасан байх юм.
Цаашлаад эмнэлгийн гадна болон дотор талын шалыг халтиргаа гулгаа үүсгэхгүй, өнгө үзэмжтэй, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан, зориулалтын хавтангаар хийх ёстой. Яаралтай, эрчимт эмчилгээний тасаг нь орж, гарахад саад (босгогүй)-гүй, эмнэлгийн барилгын дээвэр, хананы гадна тал нь ус нэвтэрдэггүй, дотор тал нь агаар, чийгийн нөлөөнөөс хамгаалагдсан байх ёстой. Эмнэлэг нь тасаг, нэгжийн ариун цэврийн өрөөнүүдэд гар угаах халуун, хүйтэн ус бүхий угаалтуур, нянгийн эсрэг үйлчилгээтэй шингэн саван, нэг удаагийн хэрэглээний алчуур, гар халдваргүйжүүлэх бодисоор хангасан, үйлчлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийн аюулгүй байдал, тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангасан төрөлжсөн цахилгаан шаттай, ердийн болон тусгай зориулалтын агааржуулалтын системтэй байна гэх мэтчилэн магадгүй бидний хэзээ ч үзэж харж байгаагүй гэмээр нарийн зүйлсийг стандартад тусгасан байдаг ажээ.
Үйлчлүүлэгчид стандарт хангасан үйлчилгээ авах ёстой
Улсын эмнэлгүүдийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг ерөнхийд нь Төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа MNS 6330:2017 стандартаар зохицуулж иржээ. Эмнэлгийн хүртээмжийн асуудал нь тоног төхөөрөмж, хүний нөөцөөр хязгаарлагдахгүй бөгөөд иргэн бүр хаана байгаагаасаа үл хамааран тусламж, үйлчилгээг тэгш авах эрхтэйг тус стандартад заасан байна. Гэтэл бодит байдалд орон нутгийн битгий хэл, нийслэлчүүд хүртэл чанартай үйлчилгээ авахад хүндрэлтэй болсон. Стандартаар бол үйлчлүүлэгчид хүлээн авах тасгаас эхлээд үзүүлж оношлуулах, хэвтэн эмчлүүлэх, эмнэлгээс гарах хүртлээ стандартын шаардлага хангасан үйлчилгээ авах ёстой аж. Харин бид үүнийг мэдрэлгүйгээр эмчлүүлсэн “болоод” эмнэлгээс гардаг шүү дээ. MNS 6330:2017-д энэ талаар юу гэж заасан байдгийг товчхон сийрүүлье.
Тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангахын тулд эмнэлэг нь ачааллаа зохицуулж, үйлчилгээний орчин бүрдүүлэн өвчтөн хүлээн авах, шилжүүлэх, эмнэлгээс гаргах үйл ажиллагааг зохицуулна. Эмнэлэг нь эмч, үйлчлүүлэгчийн сэтгэлд нийцсэн ээлтэй орчныг бүрдүүлж, тусламж, үйлчилгээний лавлагаа мэдээллийг шуурхай хүргэх, санал, хүсэлтийг хүлээн авах, урсгалыг зохицуулах хөтөч, туслагч ажиллуулах үүрэгтэй. Амбулаторийн хүлээлгийн хэсэгт эмч, үйлчлүүлэгчийн эрх, үүрэг, үзүүлэх тусламж, эмчилгээний багц, төлбөр, хөнгөлөлтийн талаарх мэдээлэл, эмнэлгийн зохион байгуулалт, үйлчилгээний талаарх мэдээлэл, тэмдэг, тэмдэглэгээг ил тод ойлгомжтойгоор байршуулна. Хөгжлийн бэрхшээлтэй үйлчүүлэгч, хүүхэд, өндөр настантай харилцах, үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна. Яаралтай журмаар ирсэн үйлчлүүлэгч бүрийг хүлээн авч, эрэмбэлэн ангилж, дараалал, цаг товлолт харгалзахгүйгээр холбогдох журмын дагуу үйлчилгээ үзүүлнэ гэжээ.
Хэвтүүлэн эмчлэх тохиолдолд эмнэлгийн ээлж солигдох, тасаг хооронд шилжүүлэх үед үйлчлүүлэгчийг биечлэн заавал хүлээлцэх үүрэг хүлээдэг аж. Нэг ёсондоо үйлчлүүлэгчийг хүлээн авснаас эхлэн гэрт нь гаргах буюу шилжүүлэх хүртэлх тусламж, үйлчилгээний үйл явц ил тод, шуурхай, ойлгомжтой байна. Үйлчлүүлэгчийг эмнэлгээс гаргахдаа хийсэн шинжилгээ, эмчилгээ, цаашид авбал зохих тусламж, үйлчилгээний талаар хэлж, зөвлөгөө өгнө. Эмчлүүлэгчийг эмнэлгээс аюулгүй байдлыг нь хангасан нөхцөл бүхий тээврийн хэрэгслээр гаргана гэж ч заасан байх.
Диализын нэг аппаратад 12 ам метр талбай шаардлагатай
Эмнэлгийн орчинд хүний эрх хамгийн их зөрчигдөж буй талаар манай сонин өмнө нь хөндөж байсан билээ. Тэгвэл Төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа MNS 6330:2017 стандартад яаралтай болон хүлээн авах тасагт үйлчлүүлэгчид ямар орчинд, хэчнээн ам метр талбайд, хэдэн эмч, мэргэжилтэн тусламж, үйлчилгээ үзүүлэх ёстойг хүртэл нарийн тусгасан байдаг аж. Тодруулбал, хүүхдийн яаралтай тусламжийн хэсэгт дөрвөн ор тутамд нэг эмч, нэг сувилагч, эрчимт эмчилгээний тасагт бол хоёр ор тутамд ийм тооны хүний нөөц ажиллуулах ёстойг хуульчилжээ. Мөн эх барихын тусламж, үйлчилгээнд хоёр ор тутамд нэг эмч, нэг сувилагч ажиллуулах стандарттай. Ингэж гэмээнэ эмнэлгийн тусламж, үйлчилгээний хэвийн байдлыг хангана гэж үздэг. Харин манай амаржих газрууд бодит байдалд нэг ээлждээ л нэг эмч, нэг сувилагч ажилуулах хүний нөөцийн чадамжтай нь хөөрхийлөлтэй.
Түүнчлэн улсын эмнэлгүүдийн хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт үзлэгийн, мэс заслын болон бактерцидны гэрэл, даралтын, амьсгалын, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, эмчлүүлэгчийн ор, хяналтын монитор, сорогч цахилгаан аппарат, дефибриллятор, тариа, дуслын автомат шахуурга ЭХО, рентген, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, пульсоксиметр бүгд заавал байх шаардлагатай гэнэ. Энэ мэтчилэн эрчимт эмчилгээ, дотор, мэдрэл, шүд, нүд, чих, хамар, хоолой, мэс засал, дуран, дүрс, рентген, хэт авиан оношилгоо, арьс, гэмтэл, сэтгэц, сэргээн засах, хөнгөвчлөх эмчилгээний тасаг, хоол үйлдвэрлэл, цэвэрлэгээ, ариутгал, хог хаягдал зайлуулах хэсэгт хүртэл заавал байх ёстой тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, хүний нөөцийн тоог стандартаар зааж өгснөөс гадна эмчлүүлэгчийн үйлчилгээ авах, хэвтэн эмчлүүлбэл зохих өрөөний талбайн хэмжээг ч тусгасан байна. Тухайлбал, лавлагаа, хүлээлгийн өрөө 10 ам метрээс багагүй талбайтай байх бөгөөд нэг хүнд 0.38, хувцасны өлгүүр нэг хүнд 1.2, эмчийн үзлэгийн өрөөнүүд 12, мэс засал, эмэгтэйчүүдийнх 18-24, диализын нэг аппаратад 12, утлагын хэсэгт нэг хүнд 3-4, шээсний шинжилгээний сорьц авах хэсэг гурван ам метр талбайтай байна гэх зэргээр нарийн хуульчилж.
Эрүүл мэндийн салбарт өөрөөр хэлбэл, Зонхилон тохиолдох өвчний үеийн хоол эмчилгээ, Яаралтай тусламжийн биксэнд байх эм, эмнэлгийн хэрэгсэл, Эм, эмнэлгийн хэрэгслийн хадгалалт, түгээлтэд тавих ерөнхий шаардлага, Байгалийн голомтот халдварт өвчний халдвартай ба сэжигтэй материалыг халдваргүйтгэх техникийн шаардлага, Цогцсын шинжилгээний арга, эмгэг судлалын оношийн бүтэц, Амаржих газрын бүтэц, үйл ажиллагаа, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, Эмнэлгийн барилгын дүрэм ба зөвлөмж зэрэг 1000 орчим стандарт, дүрэм манай улсад үйлчилж байна. Гэвч дээр дурдсанчлан эмнэлгүүдийн тусламж, үйлчилгээний чанар өнөө хэр нь хангалтгүй, хүртээмж муу, аюулгүй орчин хомс, ариун цэврийн өрөө хүрэлцээгүй, хог хаягдлын менежмент дутмаг, гадаад орчны тохижилт байхгүй, дотоод агааржуулалт, ариутгал сайнгүй, зай талбай давчуу хэвээрээ. Салбар нь хэдийгээр 1000 стандарттай байлаа ч мөрдүүлэхгүй бол “хог”. Товчхон хэлбэл, эдгээр стандартыг хангуулж чадахгүй бол монгол хүний эрүүл мэндийг ч хамгаалж дөнгөхгүй гэсэн үг. Үгүй бол энэ олон хууль, дүрэм журмаар яах ч билээ.