Нийслэлд “Шинэ тойрог авто зам”, “Шинэ Их тойруу” гэсэн авто замын хоёр төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөг албаныхан гаргажээ. Уг хоёр төсөл нь өдгөө ТЭЗҮ, зураг төсөв боловсруулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах шатандаа яваа аж. Энэ ажилд улсын төсвөөс буюу татвар төлөгчдийн мөнгөнөөс нийт 32 тэрбум төгрөг зарцуулахаар болоод буй юм. Өөрөөр хэлбэл, төсөл хэрэгжүүлэхэд бус, харин яаж хэрэгжүүлэхийг тодорхойлох бичиг цаасанд л дээрх хэмжээний мөнгийг зарлагадах гэж байна.
Эхний буюу “Шинэ тойрог авто зам” төслийн урьдчилсан ТЭЗҮ, зураг төсөв боловсруулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг одоогоор сонгон шалгаруулаад буй гэнэ. Уг ажлын санхүүжилт болох 16.9 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргахаар өнгөрсөн оны төсөвт тусгасан бөгөөд гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг нийслэлийн ЗДТГ-аас өнгөрсөн аравдугаар сард зарласан.
Энэхүү тендерт Монгол, ОХУ-ын тус бүр нэг, БНХАУ-ын хоёр аж ахуйн нэгж, байгууллага оролцжээ. Тэдгээрээс Хятадын “CSCEC AECOM consultant” компани дээрх ажлыг гүйцэтгэхээр шалгарсан аж. Тус компанийнхан “Шинэ тойрог авто зам” төслийн урьдчилсан ТЭЗҮ, зураг төсөв боловсруулах ажлыг 16 тэрбум төгрөгөөр гүйцэтгэхээр санал болгожээ. “CSCEC AECOM consultant”-ыг 1959 онд байгуулсан, 65 жилийн туршлагатай бөгөөд 2400 гаруй ажилтантай, зам, барилгын зураг төсөл, судалгаа, зөвлөх үйлчилгээ, хяналтын чиглэлээр ажилладаг гэж танилцуулгадаа дурдсан байна. Бас өнгөрсөн хугацаанд Зүүн Азийн бүс нутагт 20 мянга гаруй төсөл хэрэгжүүлсэн гэжээ.
“Шинэ тойрог авто зам” төслийн зөвлөх үйлчилгээний ажлын даалгаварт дурдсанаар бол дээрх компанийнхан Их тойруугийн гудамжны авто замыг дахин төлөвлөх ТЭЗҮ, зураг төсвийг боловсруулна. Тодруулбал, Зүүн дөрвөн зам, Сансарын аюулгүйн тойрог, Баянбүрд, Баруун дөрвөн зам, Нарны гүүр, “Атар өргөө”-гийн уулзвар, 120 мянгат, Нарны зам гэсэн чиглэлийг дахин төлөвлөх урьдчилсан ТЭЗҮ, зураг төсвийг гаргаж, хэрэгжүүлэхэд нь зөвлөхийн үүрэгтэй оролцох аж. Ингэхдээ нийтийн тээвэр, авто замын сүлжээний харилцан уялдааг хангахад дэмжлэг үзүүлэх үүрэгтэй юм байна. Төсөл хэрэгжүүлэх байршилд Баянголын тав, Баянзүрхийн 12, Хан-Уулын долоо, Чингэлтэйн дөрөв, Сүхбаатар дүүргийн зургаан хорооны нутаг дэвсгэр хамрагдах нь.
Үүнээс гадна “Шинэ Их тойруу” хурдны замын төслийн ТЭЗҮ, зураг төсөв боловсруулах тендерийг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас өнгөрсөн арваннэгдүгээр сарын 28-нд зарлажээ. Тендерийг он солигдохын өмнөхөн буюу арванхоёрдугаар сарын 27-нд нээжээ. Үүнд Монгол, БНХАУ, ОХУ-ын тус бүр нэг аж ахуйн нэгж, байгууллага оролцсон бөгөөд одоогоор гүйцэтгэгчийг эцсийн байдлаар сонгон шалгаруулаагүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24.1-т зааснаар бол захиалагч тал тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор шийдвэр гаргана. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэгчийг энэ сард сонгон шалгаруулах нь. Уг ажилд 16 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд улсын төсвөөс гаргана. Энэхүү төсөл нь өмнө дурдсан “Шинэ тойрог авто зам”-аас илүү өргөн хүрээг хамрахаараа онцлогтой. Тодруулбал, Тэрэлж, Налайх, Зуунмод, Хөшигийн хөндий, Эмээлт, Рашаантыг холбосон хурдны зам барих урьдчилсан төлөвлөгөөг албаныхан гаргажээ.
М.Оч