Говь-Алтай аймгийн Бугат сумын нутагт газар 3.8 магнитудын хүчтэй хөдөлжээ. Тодруулбал, Бугат сумын төвөөс баруун урагш 38, Төгрөгөөс 84, Алтайн төвөөс баруун хойд зүгт 107 км зайд уржигдар 15.26 цагийн орчимд газар хөдөлснийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийнхэн мэдээллээ. Чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн ч учирсан хохиролгүй гэнэ.
Газар хөдлөлтийн хүчийг хоёр үзүүлэлтээр хэмждэг. Магнитуд нь хөрсөн доор, газар хөдөлж байгаа төв хэсгийг хэмждэг үзүүлэлт юм. Харин газрын хөрсөн дээр, хүнд болон барилга, байгууламжид мэдрэгдэж байгааг нь баллаар хэмждэг. Шаталбар нь 12 хүртэл байдаг бөгөөд газар гурваас бага магнитудын хүчтэй хөдлөхөд хүмүүст онцгой мэдрэгддэггүй бол долоогоос дээш магнитудад хүрэхэд том талбайг хамарсан сүйрэл болдог юм байна. Тухайлбал, 6-7 балл хүртэл чичирхийлэхэд хүн хөл дээрээ зогсоход хэцүү болж, хаалга онгойхгүй, ханын хавтан цуурч, цонхны шил хагарч, гэрийн тавилга, эд юмс байрнаасаа хөдөлдөг аж.
У.Сүрэн