Говь-Алтай аймгийн төв Алтай хотноо "Соёл урлагийн ажилтны баяр"-2020 үйл ажиллагаа боллоо. Үйл ажиллагааны хүрээнд тус аймгийн соёл, урлагийн ажилтнууд Монгол Улсын баатар М.Жанчивын талбайд Алтай нутгийн сүлд дуу болох “Зулай цагаан Алтай” дууны хөшөөнд цэцэг өргөсөн юм.
Нээлтэд тус орон нутгийн соёл, урлагийн байгууллагын үе үеийн ахмад уран бүтээлчид, удирдлагууд, алдартан гавьяатнууд, хамт олон, сумдын соёлын төвийн эрхлэгч, ажилчид, номын санч, сургууль цэцэрлэгийн дуу хөгжмийн багш нар оролцов. Мөн энэ үеэр Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын уран бүтээлчид, сумдын соёлын төвийн ахмад уран бүтээлчид ая дуугаа өргөсөн бөгөөд салбартаа манлайлан ажилласан уран бүтээлчдийг төрийн одон медаль болон жуух бичгээр шагналаа.
Тухайлбал, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр “Миний нутаг” телевизийн гүйцэтгэх захирал Р.Төмөрчөдөр, Нийтийн номын сангийн эрхлэгч Э.Оюунгэрэл нарыг шагнасан. Харин аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын нягтлан М.Нандинцэцэг, дуучин Д.Гантулга нарыг шагнасан бол Соёлын түшиг холбооны “Соёлын алдар” медалиар Нийтийн номын сангийн ажилтан н.Оюун, байгууллагын “Хүндэт өргөмжлөл”-өөр дуучин Т.Мөнхдалай, хөгжимчин О.Жанчивдорж, бүжигчин Д.Сүхчулуун, тайзны зураач Ц.Батдэлгэр нар шагнуулсан байна.
Ташрамд дурдахад, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр жил бүрийн есдүгээр сарын хоёр дахь ням гарагт “Соёл, урлагийн ажилтны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай юм.