Сангийн яам өөрийн данснаас ЗХУ-ын ардын комиссар И.В.Сталины нэр дээр 2.500.000 төгрөгийг Хувьсгалт Монголын нэрэмжит танкийн цувааг байгуулахад зориулан гуйвуулсныг Монгол банкны ерөнхий хороонд мэдэгдсэн бичиг. 1942.1.27
“Россотрудничество” агентлаг Архивын ерөнхий газартай хамтарч Оросын шинжлэх ухаан, соёлын төвд Чөлөөлөх дайны 75 жилийн ой, дэлхийн II дайны төгсгөлийг тэмдэглэх хүрээнд урьд өмнө нь нийтэд дэлгэж байгаагүй архивын хосгүй үнэт, нэн ховор баримт, кино, гэрэл зураг, дүрс бичлэг, эд өлгийн зүйлс бүхий “Тусгаар тогтголын үнэ цэн” үзэсгэлэнг нээв. Зорилго нь чөлөөлөх дайны үеийн Зөвлөлт, Монголын хамтын ажиллагаа, эх орны дайны жилүүдэд манай ард түмнээс Улаан армид үзүүлсэн тусламж, сэтгэл санааны дэмийг дахин сануулах аж.
Улаан армид туслах, бэлэг хүргэх “Бэлэглэлийн төв комисс” байгуулсан БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоол, фронтод бэлэг хүргэсэн Увс аймгийн малчин ард Бадамд холбогдох баримтууд, ЗХУ-ын ардын комиссар И.В.Сталинд бичсэн БНМАУ-ын Ерөнхий сайд, Бүх цэргийн жанжин Х.Чойбалсангийн илэрхийлэлт бичиг, түүний хувийн баримт бичиг, БНМАУ-ын Засгийн газраас милитарист Японд дайн зарласан ноот бичиг, Японы цэргийн зохион байгуулалтын бүдүүвч зураг, Чөлөөлөх дайнд оролцож байсан ахмад дайчдын хувцас хэрэглэл, буу зэвсэг, холбогдох гэрэл зургийн цомог зэрэгтэй энд танилцаж болно.
Маршал Х.Чойбалсангийн дүрэмт хувцас