15 дахь удаагийн “Гэгээн Муза” олон улсын театрын наадам өнгөрсөн ням гарагт “АСЕМ вилла”-д байрлах “Хүн” театрт болж, урлагт шимтдэг үзэгчдэд цахимаар шууд дамжуулан хүргэлээ. Наадмын эхний шалгаруулалтад гадаад, дотоодын уран бүтээлчид 50 гаруй бүтээл бүртгүүлснээс шүүгчид хоёрдугаар шатанд 30 орчмыг нь шигшсэн юм. Энэ удаагийн наадамд Монгол, ОХУ, ОХУ-ын Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО, Арабын Нэгдсэн Эмират Улс, Бразил, ХБНГУ, Испани, Украин, Умард Македон, Энэтхэг, Австри, Швейцар зэрэг 17 улсын 90 гаруй уран бүтээлч драмын, хөгжимт, хүүхдийн, нэг болон хоёр хүний жүжгийн төрөлд өрсөлдөв. СУИС-ийн хүндэт профессор, жүжгийн зохиолч, “Глоб интэрнэшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал, “Гэгээн Муза” академийн ерөнхийлөгч, Ардын жүжигчин С.Сарантуяа, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Найдандорж, урлаг судлаач, Дэлхийн соёл, урлагийн академийн гишүүн Д.Мягмарсүрэн, зураач Ц.Эрдэнэцог, урлаг судлаач Ц.Батсайхан, утга зохиол судлаач Х.Чойдогжамц, хөгжим судлаач Э.Зулцэцэг, ОХУ-ын жүжгийн зохиолч, театр судлаач Валентин Красногоров, Грекийн театрын найруулагч, жүжигчин Ольга Позелли, ОХУ-ын найруулагч, жүжигчин Валерий Зиновьев, Хонконгийн жүжгийн зохиолч Жанис Пун, Шведийн театр судлаач, найруулагч Анна Мэри Энгель, Словак улсын жүжгийн зохиолч, театр судлаач Татъяна Азман, Швейцарын жүжгийн зохиолч Урсула Верденберг шүүгчээр ажиллажээ.
“Гэгээн Муза” наадам улаан хивсний ёслолоор эхэлж, хүүхдийн жүжгийн төрөлд шилдгүүдийг шалгаруулснаар үргэлжлэв. Энэ төрөлд Улсын хүүхэлдэйн театр “Нууцын эрэлд”, Дорнод аймгийн Хөгжимт драмын театр “Мангасуудын хаан”, Говьсүмбэр аймгийн дуу, бүжгийн “Боржигон” чуулга “Эрэлхэг эльф Маранта” бүтээлээр өрсөлдлөө. Дорнод аймгийн Хөгжимт драмын театрынхан таван төрөлд нэр дэвшсэнээс шилдэг найруулагчаар Б.Мөнх-Амьдрал, зураачаар Н.Энхбаяр, С.Чулуунзаяа, хөгжмийн зохиолчоор Ө.Ариунбаатар, эмэгтэй гол дүрийн эзнээр Т.Халиунсор, туслах дүрийн шагналыг Г.Энхболор хүртэв.
Говьсүмбэр аймгийн дуу, бүжгийн “Борэльф Маранта” жүжгийн Марантагаар шилдэг эрэгтэй гол дүрийн эзнээр тодорлоо. Шилдэг найруулагчаар шалгарсан Б.Мөнх-Амьдрал 2018 онд “Гэгээн Муза” наадмын хүүхдийн жүжгийн төрөлд “Ярьдаг мод” бүтээлээрээ өрсөлдөн, шилдэг зохиолч, найруулагчийн шагнал гардаж байв. Тэрбээр “Эл жүжгээрээ Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудад байгаль дэлхий амьтай, хайрлах хэрэгтэйг ойлгуулахыг хүссэн бол “Мангасуудын хаан” бүтээлдээ гар утас, цахим тоглоомын буруу хэрэглээ, хор уршгийг уран сайхны аргаар хүргэхээр хичээсэн” гэв. Б.Мөнх-Амьдрал дөрвөн хүүхэдтэй аж. Тэднийхээ ертөнцөөс “ургасан” санаануудыг уран бүтээл болгож, бусад хүүхдэд түгээн, хүмүүжүүлэхийг хүсэж буйгаа тэрбээр ярив.
Нэг хүний жүжгийн төрөлд “Хайрт минь, энэ бол ердөө л эхлэл”, “Хоридын сарнаар”, “Цуст хурим”, “Хатагтай Капулет”, “Аль Мамлук”, “Шорон”, “Рудольф Нуреев: 48 цаг”, “Галзуугийн өдрийн тэмдэглэл” жүжиг өрсөлдлөө. Тэдгээрээс жүжгийн энэ төрлийн шилдэг найруулагчаар Инна Соколова Гордон “Рудольф Нуреев: 48 цаг” бүтээлээрээ тодорсон. Шилдэг эрэгтэй жүжигчнээр ХБНГУ-ын Берлин хот дахь Орос театрын жүжигчин Андре Мошой “Рудольф Нуреев: 48 цаг” жүжгийн Рудольф дүрээр, Украины жүжигчин Анна Ярамчук “Хатагтай Капулет” жүжигт Капулетыг “амилуулснаар” шилдэг эмэгтэй жүжигчнээр тус тус шалгарлаа.
Хөгжимт жүжгийн төрөлд энэ жил Дархан-Уул аймгийн “Залуучууд” театр “Ромео, Жульетта”, Завхан аймгийн Хөгжимт драмын театр “Гарын таван хуруу”, ӨМӨЗО-ы Алшаа аймгийн “Улаан мөчир” чуулга “Бөх Шалбин” бүтээлээр оролцсон. Шилдэг найруулагчаар С.Баярсайхан, зураачаар С.Ариунболд, хөгжмийн зохиолчоор Э.Хүрэлбаатар нар шалгарсан. Шилдэг эрэгтэй, эмэгтэй гол болон туслах дүрийн шагналыг “Улаан мөчир” чуулгын “Бөх Шалбин” жүжгийн Шалбингийн дүрээр Э.Идэрболд, Ёндонгийнхоор Д.Хосбаяр, Цэцэнгийн дүрээр А.Тогосоо гардлаа. Жүжигчин, найруулагч Э.Идэрболд өдгөө Дорноговь аймгийн Д.Данзанравжаагийн нэрэмжит “Саран хөхөө” хөгжимт жүжгийн театрын даргаар ажиллаж байна. Энэ онд тус театрынхан 40 жилийн ойдоо зориулсан шинэ уран бүтээлийг Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазартай хамтран туурвиж буйгаа дуулгасан.
“Гэгээн Муза” наадам өнөө жилээс хоёр хүний жүжгийн төрөлд шилдгүүдийг тодруулах болсон юм. Эл төрөлд УДЭТ-ын уран бүтээлчид В.Красногоровын “Хувь заяаны хүлээс”, “Торгон дэнлүү”, “Блэк бокс” театр “Хоёр хүний дэмийрэл”, ХБНГУ-ын Берлиний Орос театр “Хайрын тухай бүүр түүрхэн”, Грек, Украины хамтарсан Киевийн залуучуудын үндэсний академик театр, “Арт синдикат” театр хамтран “Инсенсо”, Энэтхэгийн “Нандик” театр “Би Гамлет” бүтээлээрээ оролцсон. Хоёр хүний жүжгийн шилдэг найруулагчаар “Торгон дэнлүү” бүтээлээр О.Майдарравжаа, эмэгтэй, эрэгтэй шилдэг дүрийн шагналыг тус жүжигт тоглосон УДЭТ-ын жүжигчин Ц.Цэлмүүн, Г.Ганбат нар хүртсэн. Нэр нь үл мэдэгдэх япон зохиолчийн бүтээлээс сэдэвлэсэн, уянгын, эмгэнэлт эл жүжигт Синзабүро гэх идэр залуу, О Цүю хэмээх үзэсгэлэнт бүсгүйн хайр сэтгэлийн тухай өгүүлдэг. Найруулагч, жүжигчин О.Майдарравжаа “Зохиогч болоод бичигдсэн цаг хугацаа нь тодорхойгүй эл зохиолыг хоёр хүний жүжигт хувиргалаа. Хайр бол мөнхийн сэдэв. Гэхдээ хайрыг хэрхэн үзүүлэх нь чухал. Амьдын болон үхэгсдийн ертөнцийн хоёр залуу дурлалцаж буйг маш сонирхолтойгоор үзүүлэхийг хичээсэн. Хайр дурлалынхаа төлөө хэрхэн золиос гаргаж байгааг харуулсан” гэлээ. Энэ жүжгийн хөгжмийн зохиолчоор А.Анужин ажиллаж, дүрүүдийн сэтгэл хөдлөл, үйлдлийг тодруулах хөгжмийг мэргэжлийн хөгжимчид тогложээ. Тэрбээр “Тайзнаа үйл явдал өрнөхийн зэрэгцээ хөгжим уянгалах нь үзэгчдэд сонирхолтой санагдана хэмээн бодож ийнхүү шийдсэн” гэв.
Драмын жүжгийн төрөлд УДЭТ “Бүсгүйн зурвас”, “Блэк бокс” театр “Заратустра”, “Мөрөөдлийн театр”-ынхан “Галзуу хот”, Дорноговь аймгийн “Саран хөхөө” театр “Лир ван”, ОХУ-ын Буриадын драмын театр “Дүүлэн нис, бэлчир нутгийн түүх”, Австри, ХБНГУ, Итали, Швейцар улсын уран бүтээлчид “Аргонавтуудын нутаг” хамтарсан бүтээлээр өрсөлдөв. Энэ төрөлд шилдэг найруулагчаар Сойжин Жамбалова, зураачаар Ольга Богатищева нарыг тодрууллаа. “Бүсгүйн зурвас”-ын Архай сайдын дүрээр Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Итгэлийн дүрээр Б.Золзаяа нар шилдэг эрэгтэй, эмэгтэй гол дүр төрөлд тэргүүлсэн юм. Түүнчлэн “Заратустра” жүжгийн Вагнерын дүрээр Г.Мөнхжаргал, “Бүсгүйн зурвас” жүжгийн Туяагийн дүрээр Гавьяат жүжигчин Г.Урнаа нар шилдэг эрэгтэй, эмэгтэй туслах дүрийн шагнал хүртэв. “Гэгээн Муза” наадмын шилдэг уран бүтээлчээр хоёр дахь удаагаа тодорсон Г.Мөнхжаргал “Өмнө нь Ирландын жүжгийн зохиолч Самуэл Беккетийн “Краппын сүүлчийн бичлэг”-ээр “Гэгээн Муза” шагнал хүртэж байлаа. 2013 онд “Black box”-т жүжигчнээр орсон. Дэлхийн шилмэл, сонгомол зохиолуудыг үзэгчдэд хүргэхийг эрмэлздэг тус театрын урын сангийн бодлого юуны түрүүнд таалагддаг. Анхны уран бүтээлээс нь авхуулаад өнөөдрийг хүртэл театраараа овоглож явна” гэсэн.
Тус наадмын үеэр ахмад уран бүтээлчдээ алдаршуулан, шагнадаг уламжлалтай. Өнөө жил 1971 онд Улсын багшийн дээд сургуулийн кино драмын анги төгсөөд л Хүүхэд, залуучуудын театрт хуваарилагдан, 1998 онд татан буугдтал нь ажиллаж, гурван үеийн жүжигчин, найруулагч нартай хамтарч, “Нарны унага”, “Мөнгөн буйл”, “Хэцүү даалгавар”, “Бурхан мартсан заяа” зэрэг кинонд дүр бүтээсэн ахмад жүжигчин Ц.Цолмон, “Төмөр хүүхэн”, “Нүгэл”, “Бурхан өршөө” тэргүүтэй драмын 40 гаруй жүжиг, 60 шахам концерт найруулсан, Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын найруулагч М.Цогт нарт “Хүндэт Муза” гардуулав. Түүнчлэн шүүгчдийн нэрэмжит шагналыг Грек, Украин улсын хамтарсан Киевийн залуучуудын үндэсний академик театр, “Арт синдикат” театрын бүтээл “Инсенсо” жүжигт олгож, шилдэг залуу уран бүтээлчээр Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын жүжигчин Ч.Дунгаамааг онцолсон. Мөн хүүхдийн оролцоотой шилдэг бүтээлээр Дундговь аймгийн “Тэнгэрийн тэмдэг” театрын бүтээл “Тэнгэрийн тэмдэг” жүжгийг нэрлэж, шагнав. Түүнчлэн наадамд оролцох гадаадын уран бүтээлчид, зочин шүүгчдийн бүрэлдэхүүнийг нэмэх, илүү олон уран бүтээл хамруулах, залуу уран бүтээлчдийг дэмжихэд чиглэсэн арга хэмжээнүүд зохион байгуулж буйгаа “Гэгээн Муза” академийн ерөнхийлөгч С.Сарантуяа онцолсон. Уран бүтээлчдийн урам зоригийг бадраан, “ташуурдах”, мэргэжлийн уран бүтээлчдэд чансаагаа тодорхойлох боломж олгодог “Гэгээн Муза” наадмын шилдгийн шилдэг бүтээлээр Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын “Мангасуудын хаан” жүжиг шалгарлаа. Ингэснээр тус театрын уран бүтээлчид хоёр наадамд дараалан шилдгээр тодорсон юм.
Б.Жаргалсайхан
Г.Урнаа
Э.Идэрболд
Г.Хосбаяр
Ц.Энхбаяр
Ц.Цэлмүүн
Б.Мөнх-Амьдрал
Г.Ганбат