Урлаг соёлын байгууллагын үйл ажиллагааг үе шаттай нээж байгаатай холбогдуулан Хүүхэлдэйн театраас хийж хэрэгжүүлэх ажлын талаар Хүүхэлдэйн театрын найруулагч М.Ариунтуяагаас тодрууллаа.
-Хүүхэлдэйн театрын хувьд ямар тоглолт ажлуудыг төлөвлөж байна вэ?
-Бид хамгийн сүүлд 2019 оны 12 сард Чайковскийн "Хунт нуур" бүжгэн жүжгийг хүүхэлдэйн жүжиг болгож тавьсан. Үүнээс хойш цар тахлын улмаас тодорхой ажлууд зогссон хэдий ч телевиз болон пэйж хуудсаар дамжуулан "Бүлтээхэй, дэlдээхэй хоёр" нэртэй 48 ангит нэвтрүүлэг бэлдлээ.
Мөн монгол ардын үлгэрүүдийг МҮОНТ-д хүүхэлдэйн хэлбэрээр бичүүлсэн. Удахгүй цацахаар бэлтгэж байна. Уг нь энэ оны төлөвлөгөөнд хараагүй хүүхдүүдэд зориулж Оскар Уайльдийн "Аз жаргалтай ханхүү" зохиолыг тоглох гэж байсан. Гэвч цар тахлын улмаас хойшилж ирэх 12 сард тоглуулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-Нийт хэчнээн үлгэрийг хүүхэлдэйн хэлбэрт оруулсан бэ?
-10 гаруй бүтээлийг цацхаар бэлтгэсэн. МҮОНТ-ээр есөн сараас гарч эхэлнэ. Тухайлбал, үнэг чоно хоёр, худгийн мэлхий, нугасны муухай дэгдээхэй
-Үлгэрүүдийг хүүхэлдэйн хэлбэрт оруулсан нь ямар ач холбогдолтой вэ?
-Бага насны хүүхдүүдийн хүмүүжлийн тал дээр Монгол ардын үлгэрүүдийг илүү таниулж, үзүүлэхийг зорьдог. Монгол уламжлал, зан соёлыг багаас нь ойлгуулахыг хичээдэг.
-"Хунт нуур" жүжгийг хүүхдүүдэд хүргэсэн гэлээ. Цаашид өөр сонгодог бүтээлүүдээс хүүхдүүдэд хүргэх төлөвлөгөө бий юу?
-Хүүхэлдэйн театрын хувьд өнгөрсөн 70 жилийн хугацаанд дэлхийн сонгодог бүтээлүүдийг хүүхдүүдэд тоглож ирсэн. Тухайлбал, В.Хауфын "Том хамарт одой", О.Уайльдийн "Одноос төрсөн ханхүү", Х.Андерсон "Нугасны муухай дэгдээрэй" гэх мэт бүтээлүүдийг тоглож ирсэн.