Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

Хамгийн үнэтэй цэцэг нь диваажингийн шувуу

Иргэдэд экологийн боловсрол олгох, цэцгийн соёлыг таниулах зорилготой “Цэцгийн фестиваль-2024” арга хэмжээ өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. “Misheel walking street”-ийн үүдээр дөнгөж орвол “Цэцгийн фестиваль-2024” гэсэн цайвар ягаан өнгийн хаяг бий. Энэ даруухан хэрнээ өнгө өнгийн цэцэгсээр хүрээлэгдсэн хаягийн цаана цэцэгт дурлагсдын ертөнц байна уу гэлтэй. Монголд анх удаа зохион байгуулсан эл фестивальд иргэд өргөнөөр оролцож буй нь илт. Үүднээсээ эхлээд л шинэхэн ургамал, анхилам цэцэгсийн үнэр ханхална. Тэнд олон төрлийн баглаа, таримал, тасалгааны болон бүх төрлийн ургамлын тохижилтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын 1500 гаруй нэр, төрлийн бүтээгдэхүүн байв. Ихэнх нь дахин давтагдахгүй, өөр өөрийн онцлогтой ургамал аж. 
2024-06-10

“Монполимет” группийн харилцах дансыг хаасан нь хууль бус гэв

“Монполимет” группийн “Тосон” үйлдвэрийн үйл ажиллагааг энэ сарын 5-наас зогсоожээ. Үүнээс үүдэн ажилчид нь цалингаа авах боломжгүйд хүрсэн байгаа. Тиймээс үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхийг нийслэлийн Прокурорын газар (НПГ)-ынхнаас шаардлаа. Уг үйлдвэр Булган аймгийн Бүрэгхангай, Төв аймгийн Заамар сумын нутагт олборлолт явуулдаг. Хөгжлийн банкнаас авсан зээлийг нь хянан шалгаж буйтай холбоотойгоор үйл ажиллагааг зогсоосон гэж НПГ-аас мэдэгджээ. Үүнээс шалтгаалан компанийн харилцах дансыг хааж, үйл ажиллагааг нь зогсоосон гэнэ. 
2024-06-10

Мотоциклтой зорчиж явсан иргэн аянгад цохиулж нас баржээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи хүчтэй салхилж буй. Өнгөрсөн пүрэв гарагт 17.00 цагийн үед Налайх дүүргийн нутагт нэг иргэн аянгад цохиулж нас барсан мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Мотоциклтой зорчиж явсан эхнэр, нөхөр хоёр аянгад цохиулснаас эхнэр нь газар дээрээ нас барсан байна. Харин нөхөр нь түлэгдэж, эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж буй аж. Мөн тус дүүргийн VI хороонд байрлах хиймэл нууранд хүн живсэн дуудлага онцгой байдлын газарт өчигдөр 14.02 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бүрэлдэхүүнийг очиход 16 настай эрэгтэй усанд осолдсон байжээ. Алба хаагчид хоёр метр гүнтэй хиймэл нууранд 20 удаа шумбаж байж, цогцсыг нь олжээ. 
2024-06-10

Америк эмч нартай хамтран тархи, нурууны мэдрэлийн мэс засал хийж байна

АНУ-ын Гэгээн Барнабасын гэмтлийн төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч тэргүүтэй, тархи, нуруу нугасны мэс заслын эмч нарын баг Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-т ажиллаж байна. Тэд гадаад улсад эмчлүүлэх шаардлагатай иргэдийг нарийн үзлэг, оношилгоонд хамруулжээ. Эпилепсийн эмгэг голомт авах болон тархи, нурууны мэдрэлийн мэс заслыг УГТЭ-ийнхэн америк эмч нартай хамтран хийж буй аж. Мөн эпилепси судлаач, сэтгэл зүйч нар энэ төрлийн эмчилгээ хийлгэж буй үйлчлүүлэгч, тэдгээрийн ар гэрийнхэнд сэтгэл зүйн тусламж үзүүлэх чиглэлээр эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах гэнэ. 
2024-06-10

Азийн физикийн олимпиадаас хос хүрэл медаль хүртжээ

Малайз улсад зохион байгуулж буй Азийн физикийн 24 дүгээр олимпиадаас манай улсын сурагчид хос хүрэл медаль хүртжээ. Мөн хоёр сурагч шагналт байрт шалгарсан байна. Тодруулбал, нийслэлийн нэгдүгээр сургуулийн сурагч М.Мөнх-Оргил, “Сант” сургуулийн Г.Азжаргал нар хүрэл медалийн эзэн болжээ. Тэгвэл “Сант” сургуулийн сурагч С.Атархүү, Дархан-Уул аймгийн “Од” сургуулийн сурагч Г.Амармэнд нар шагналт байр эзэлсэн аж.
2024-06-10

Зэвсэгт хүчний эмэгтэй офицер нэгэн гэр бүлийг галаас аварлаа

Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн холбоочин офицер, дэслэгч Б.Лхамсүрэн өчигдөр нэгэн гэр бүлийг галд өртөхөөс аварлаа. Хан-Уул дүүргийн 25 дугаар хорооны нутаг, Нисэхийн дэнжийн орчимд өчигдөр 05.00 цагийн үед явж байхдаа нэгэн айлын байшин, гэрээс утаа ихээр гарч буйг анзаарч хүрч очсон гэнэ. Гэтэл тухайн айлын байшингийн үүдний хэсэг, монгол гэрт нь гал гарч байсан тул гэр бүлийнхнийг сэрээн галын голомтоос холдуулж, онцгой байдлын болон эрүүл мэндийн байгууллагад дуудлага өгчээ.
2024-06-10

Нийслэл, 10 аймагт 300 гаруй сайн дурын ажиглагч ажиллана 

УИХ-ын ээлжит сонгуулийн үйл явцын ажиглалт, мониторингийн талаар “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээнээс өнгөрсөн баасан гарагт мэдээлэл хийв. Уг сүлжээг “Нээлттэй нийгэм” форумын санаачилгаар 2008 онд байгуулж, ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудыг сайн дурын үндсэн дээр нэгтгэн ажиллаж ирсэн юм. Тэд 2008-2020 оны УИХ, 2009-2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиудад хараат бусаар хяналт тавьж, ажиглалт хийсэн туршлагатай. 
2024-06-10

Нийслэлийн хэмжээнд гамшгийн шар түвшин тогтоолоо

Нийслэлийн Онцгой комиссын V хурал өнгөрсөн баасан гарагт болж, Улаанбаатар хотод гамшгийн шар түвшин тогтоохоор шийдвэрлэлээ. Нийслэлд ирэх долоодугаар сард олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй гэнэ. Тэр дундаа дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор гэнэтийн, ус ихтэй, аадар бороо орох төлөвтэй учир гамшгийн түвшин зарласан аж. Үүний хүрээнд үерийн хамгаалалтын барилга, байгууламж, борооны ус зайлуулах шугамыг шинэчилж, засварлахаар төлөвлөсөн байна.
2024-06-10

Лаосын Ерөнхийлөгч айлчилна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит энэ сарын 11-12-нд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцох аж.
2024-06-10

 Богдхан уулыг булаацалдах шалтгаан

Тусгай хамгаалалттай газар нутгийг хуулийн дагуу дархан цаазат, байгалийн цогцолборт, дурсгалт, байгалийн нөөц газар гэдэг дөрвөн ангилалд хуваадаг. Үүн дээр хот, суурин газрын хязгаарлалтын бүс гэдэг тав дахь ангилал нэмэх төслийг БОАЖЯ-ныхан боловсруулж буй гэнэ.
2024-06-10

“Нийслэлийн ойн санд өнгөрсөн хавар түймэр гараагүй”

Хотын ойн санд өнгөрсөн хавар түймэр гараагүйг нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв. Тус байгууллага, нийслэлийн ОБЕГ болон Цагдаагийн удирдах газрынхан хамтран хотын ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл хийжээ. Ингэхдээ нийслэлийн таван дүүргийн ногоон бүсэд хуурайшилтын хугацаанд тогтмол хяналт шалгалт явуулсан аж. Энэхүү хөдөлгөөнт эргүүлийн үйл ажиллагаагаа уржигдраас хаажээ. Өнжмөл өвсний түймэр хаврын улиралд 124 бүртгэгдсэнээс хөдөлгөөнт эргүүлийнхэн 41-ийг газар дээр нь илрүүлэн, унтраасан байна. Тухайн бүсийн 60 иргэнтэй гэрээ байгуулан эргүүлээр ажиллуулжээ. Нийслэлийн ногоон бүсэд зорчсон 2175 автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж, 11 852 иргэнд гарын авлага, санамж сэрэмжлүүлэг өгчээ.
2024-06-07

Хэзээ, хаана болох нь тодорхойгүй тоглолт

Реппер Big Gee бие даасан дөрөв дэх тоглолтоо хийхээр зарлаад байна. “The legacy” нэртэй уг тоглолт хэзээ, хаана, хэдэн цагт болох нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, товоо зарлаагүй ч тоглолтынхоо тасалбарыг хэдийн борлуулж эхлээд байгаа юм. “Тоглолт хэзээ, хаана болох нь тодорхойгүй ч түүнээс үл хамааран заавал зорин ирэх үнэнч дэмжигчдэдээ зориулсан хамгийн эхний, хамгийн хямд, цөөн тоогоор худалдах тасалбар юм” гэж уран бүтээлч тодотгожээ. Тасалбарынх нь үнэ 80 мянган төгрөг бөгөөд энэ сарыг дуустал борлуулах гэнэ. 
2024-06-07

Өмнөговь аймагт сарлагийн баяр зохион байгуулна

“Сайханы сарлаг-2024” баярыг Өмнөговь аймагт орших Говь гурван сайхан уулын Ёлын аманд маргааш зохион байгуулна. Сарлагийн баярын үеэр сарлаг бүрд мөнгөн урамшуулал олгох аж. Гэхдээ тугалд нь олгохгүй гэнэ. Энэ үеэр сарлагийн шилмэл бух, үнээг шалгаруулах нь. Мөн хамгийн сайхан тоноглож, гаршуулсныг нь ч тодруулна. Сарлагийн уралдаан, булгиулах зэрэг тэмцээн зохион байгуулах бөгөөд цагаан идээ, гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэнг ч баярын хөтөлбөрт багтаажээ. Баярыг зорин ирсэн зочдод зориулан тус аймгийн Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид тоглолтоо толилуулах нь. Тус аймгийнхан уг баяраа 2014 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй юм.
2024-06-07

Монголын хамгийн том задгай талбайн фестиваль энэ долоо хоногийг дуустал үргэлжилнэ

“Ulaanbaatar urban festival-2024”-ийн нээлт өчигдөр боллоо. Уг фестиваль энэ долоо хоногийг дуустал үргэлжилнэ. Эдгээр өдөр өглөөнөөс орой болтол спортын олон төрлийн нөхөрсөг тэмцээнийг нийслэлийн төв талбайд зохион байгуулах аж. Тус фестиваль нь Монголд анх удаа болж буй, задгай талбайн хамгийн том арга хэмжээ юм. “Ulaanbaatar urban festi¬val-2024”-ийг 3х3 сагсан бөмбөг, скэйтбоард, роллер скэйт, унадаг дугуй, крикет, модон барилдаан, кронхол, лазер гүйлт, фанкшел фитнес, фризби, пикл болл зэрэг спортын 11 төрлөөр зохион байгуулж буй. Эдгээр нь хотын спорт гэдгээрээ онцлогтой. Фестивалийн үеэр хотын спортын төрлүүдийг олон нийтэд сурталчлан таниулахаас гадна хүүхэд, залуучуудад спортоор хичээллэхийг уриалах юм. 
2024-06-07

Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлэв

Жендерийн үндэсний хорооныхон “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө 2024-2027”-г гаргаж, өчигдрөөс хэрэгжүүлж эхэллээ. Засгийн газраас өнгөрсөн оны гуравдугаар сарын 7-нд хүн амыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд эрэгтэйчүүдийг бүрэн хамруулж, тэдний амьдралын хэв маягийг зөв хандлагад чиглүүлэх, тусгайлсан төлөвлөгөө боловсруулах чиглэл өгсөн. Үүний дагуу Жендерийн үндэсний хорооноос дээрх төлөвлөгөөний төслийг боловсруулжээ.
2024-06-07

ШУА-ийн их сургуульд магистр, докторын түвшнийхнийг элсүүлэхээр болжээ

Шинжлэх ухааны академи (ШУА)-ийн их сургуулийг өчигдөр нээлээ. Тус сургуульд палеонтологи, археологи зэрэг тэргүүлэх 5-6 чиглэлийн мэргэжилтнүүдийг бэлтгэх нь. Ингэхдээ магистр, докторын түвшний суралцагчдыг эгнээндээ нэгтгэх бөгөөд судалгаанд суурилсан хичээлийн төлөвлөгөөтэй. Өөрөөр хэлбэл, суралцагчид ШУА-ийн нарийн мэргэжлийн эрдэмтэдтэй хамтран судалгаа хийж, мэдлэг хуримтлуулна. Ингэснээр суралцагчид судалгаагаа эдийн засгийн эргэлтэд оруулах, бодлого боловсруулах түвшинд ч ашиглах боломж бүрдэх нь. 
2024-06-07

Дорнод аймагт 50 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц ашиглалтад орууллаа

Дорнод аймгийн төв Чойбалсанд улсын хэмжээнд гуравдугаарт орох буюу 50 МВт-ын хүчин чадал бүхий дулааны цахилгаан станцыг өчигдөр ашиглалтад орууллаа. Эрчим хүчний хэрэглээ сүүлийн үед огцом нэмэгдсэнээр 36 МВт-ын хүчин чадалтай “Дорнод бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компанийн станц ачааллаа дийлэхгүйд хүрчээ. Тиймээс эрчим хүчний дутагдлаа Сүхбаатар аймгийн станцаас нөхөж байжээ. Улмаар Монгол Улсын болон БНХАУ-ын Хөгжлийн банк хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Чойбалсангийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлж, шинэчлэхээр болсон аж. Уг төслийг хэрэгжүүлэгчээр БНХАУ-ын ТВЕА компани ажилласан юм байна. 
2024-06-07

Үндэсний бахархалт мазаалай баавгайн тухай баримтат киног “Apple TV” хийх нь

Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг дэлхий нийтэд таниулах баримтат киног “Apple TV”-гээс хийхээр болжээ. “Дэлхийд тэргүүлэгч “Apple” компанийн “Apple TV”-гийн хамт олон Монголын мазаалай баавгайн талаар баримтат кино хийж байна. Энэ нь дэлхий нийтэд Монгол Улсын бахархалт амьтныг сурталчлахад маш үнэтэй хувь нэмэр болно. Манай сан 2017 онд ХБНГУ-ын “Lookfilm” компанитай хамтарч “Мазаалай” хэмээх баримтат кино хийж байсан. Энэ нь Европын Холбооны улсуудад мазаалайг суртачлан таниулсан сайн жишээ болж байлаа” хэмээн Говийн мазаалай хамгаалах сангаас мэдээлэв. 
2024-06-07

Завьт эргүүлүүд ирэх долоо хоногоос ажиллаж эхэлнэ

Нийслэлийн Засаг даргын Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай А/656 тоот захирамжийн дагуу Онцгой байдлын, нийслэлийн Цагдаагийн удирдах, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хамтарсан бүрэлдэхүүн хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэх юм байна. Завьт эргүүлүүд Багануур дүүргийн Хэрлэн голын Дивизийн гармаас Хадан хошуу, Тэрэлж хүртэл, Баянзүрхийн Хар усан тохойгоос Хан-Уулын Хадан хясаа хүртэлх хэсэгт иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах нь. 
2024-06-07

 Автобусны зорчигчдыг бүртгэх төхөөрөмжийг ажиллуулж эхэлжээ

Зорчигчид жолоочид бэлэн мөнгө өгдөг байдлыг зогсоох нь уг төхөөрөмжийг ашиглах болсон үндсэн зорилго. Гэхдээ энэхүү төхөөрөмжийг одоогоор судалгааны зориулалтаар ашиглаж байгаа аж. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврээс төсөвт хэдэн төгрөг орж ирж байна гэх зэргээр төлбөрийн мэдээллийг нарийвчлан судлах гэнэ. Судалгааны үе шатанд яваа тул төлбөрийн мэдээлэл зорчигчдын тооноос зөрсөн тохиолдолд буруутай этгээдэд ямар хариуцлага хүлээлгэхийг одоохондоо шийдээгүй юм байна. Энэхүү төхөөрөмж нь хүнийг таних программ гэдгийг нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газраас хэллээ. 
2024-06-07