Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг дэлхий нийтэд таниулах баримтат киног “Apple TV”-гээс хийхээр болжээ. “Дэлхийд тэргүүлэгч “Apple” компанийн “Apple TV”-гийн хамт олон Монголын мазаалай баавгайн талаар баримтат кино хийж байна. Энэ нь дэлхий нийтэд Монгол Улсын бахархалт амьтныг сурталчлахад маш үнэтэй хувь нэмэр болно. Манай сан 2017 онд ХБНГУ-ын “Lookfilm” компанитай хамтарч “Мазаалай” хэмээх баримтат кино хийж байсан. Энэ нь Европын Холбооны улсуудад мазаалайг суртачлан таниулсан сайн жишээ болж байлаа” хэмээн Говийн мазаалай хамгаалах сангаас мэдээлэв.
2022 онд Монголд 52 мазаалай баавгай байгааг тогтоожээ. Тархац нутаг нь 1960-аад оныхоос тав дахин хумигдаад буйг холбогдох байгууллагуудаас мэдээлж байв. Мазаалай нь холимог идэштэй, нэн ховор амьтан бөгөөд цаг уурын эрс тэс нөхцөлд, хүний хөлөөс ихээхэн хол, дархан цаазат газрын гүнд нутагладаг онцлогтой. Зөвхөн Монголд нутагладаг эл амьтныг хамгаалахаар Мазаалай хамгаалах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж буй билээ.
Бэлтгэсэн: А.Үүл