Азийн шилдэг загвар зохион бүтээгч Д.Отгонжаргалын “O couture” тансаг зэрэглэлийн шоуг үзэхээр өнгөрсөн бямба гаригт “Корпорэйт” зочид буудлыг зорилоо. Тус зочид буудлын арга хэмжээний танхимд дэгжин бүсгүй, ганган залуус цуглажээ. Олны танил эрхмүүд загварын чиг хандлага, уран бүтээлийнхээ талаар ярилцана.
Сонгодог хөгжмийн ая эгшиглэсэн энэ танхимаас гарч, тайзны ар дахь байдлыг тандав. Түрүүчийнхээс тэнгэр газар шиг өөр. “За алив алхааарай. Үүнийг энд нь хатгачихвал зүгээр юм. Хээ нь яг болжээ” гэсээр загвар зохион бүтээгч Д.Отгонжаргал их л завгүй ийш тийш гүйнэ. Тэрбээр эл шоугаа гурав дахь жилдээ зохион байгуулж, уран бүтээлээ тайлагнаж буй нь энэ байв.
Шувуудын жиргээ, горхины урсгалын чимээ чих баясгаж шоу эхэллээ. Байгалийн гоо үзэсгэлэнг илэрхийлэх гоёмсог тайзан дээр зуны цэцэг, эрвээхэйг санагдуулам өнгө өнгө даашинзыг топ модель Г.Уранцэцэг, Э.Сэлэнгэ, С.Сарнай, О.Ариунзул, мисс Т.Батцэцэг тэрбүүтэй загвар өмсөгч амилуулав.
Жил бүрийн Шинэ жилийн баярын өмнөхөн уг шоугаа зохион байгуулдаг Д.Отгонжаргал энэ үдэш 60 гаруй чамин, тансаг бүтээлээ дэлгэсэн нь олны харааг булаан байлаа. Хувцас загварт хоёр чиглэл бий. Тодруулбал, олон нийтэд зориулсан, их хэмжээгээр үйлдвэрлэдэг прет портер чиглэл.
Харин нөгөөх нь хаут кутюр чиглэл буюу дахин давтагдашгүй, цорын ганц, гар ажиллагатай бүтээл. Манайд энэ чиглэлээр дагнан уран бүтээл туурвидаг цөөхөн загвар зохион бүтээгч байдгийн нэг нь Д.Отгонжаргал юм.
П.АНУЖИН: УДАХГҮЙ ЗАГВАРЫН ШОУГАА ХИЙНЭ
“O couture” загварын шоунд “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн санаачлагч, редактор, загвар зохион бүтээгч П.Анужин хүндэт зочноор уригджээ. Тэрбээр “Anu couture” брэндийг бий болгоод буй юм. Түүнээс эл шоуны талаарх сэтгэгдлийг нь сонслоо.
-“O couture” загварын шоуны талаарх сэтгэгдлээсээ хуваалцахгүй юү?
-Аливаа зүйлийг бүтээх амаргүй. Тэр дундаа тухайн зах зээл дээрээ удаан оршин тогтнож, өнгөлж явна гэдэг бүр амаргүй. Эл шоунд маш сайхан бүтээлүүдийг үзлээ. Би бүтээгч хүмүүст хайртай. Тиймээс бүтээгчдийн бүтээлийг аль болох цаг заваа гаргаж үзэхийг хичээдэг.
-Танд эдгээр загварын юу нь илүү таалагдав. Онцлох, худалдаж авмаар санагдсан бүтээл бий юү?
-Би гар урлал оруулсан бүтээлд дуртай. Тийм чимхлүүр ажиллагаа ихтэй бүтээлүүдэд илүү их хөдөлмөр шингэсэн. Надад эл шоуны толгойн чимэглэлүүд маш их таалагдсан. Авна ч гэж бодож байна. Дараа ямар нэгэн үйл ажиллагаан дээр намайг тийм толгойн чимэглэлтэй харж магадгүй шүү.
-Энэ шоуг цөөн үгээр дүгнээч?
-Цэцэг гэдэг үг л хамгийн түрүүнд орж ирж байна. Өвлийн эхэн сард цэцэг шиг загварууд үзэж нүдээ баясгалаа.
-Та өөрийн нэрийн брэндтэй. Өөрийнхөө загварын шоуг хийх сэн гэх цагаан атаархал төрөв үү?
-Ойрын хугацаанд загварын шоугаа хийнэ. 30-40 загвар үзүүлнэ гэдэг тийм амар биш. Үндэсний хувцасны намба, дэгийг алдагдуулахгүйгээр орчин үед хэрхэн өмсөж болох вэ гэдгийг эл шоундаа үзүүлэхээр төлөвлөж байна.
Д.ПҮРЭВСҮРЭН: ЗАГВАРЫН ТАЙЗАН ДЭЭР ДАХИН АЛХАХГҮЙ
Жүжигчин, загвар өмсөгч Д.Пүрэвсүрэн “O couture” загварын шоуны нүүр царай болон ажиллажээ. Түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Та загварын тайзнаа гаралгүй удлаа. Яагаад эл шоуг сонгон хамтарч ажиллах болов?
-Загвар зохион бүтээгч Д.Отгонжаргалтай анх удаа хамтран ажиллалаа. Түүний нөхөр Э.Энхболд бид хоёр “Говь” компанийн нүүр царай болон ажиллаж буй. Уг шоунд ажиллах саналыг маш таатайгаар хүлээн авсан.
-Энэ удаагийн загварын цуглуулгын онцлог юу байв. Танд ямар даашинз нь хамгийн их таалагдсан бэ?
-Энд маш тансаг, дээд зэрэглэлийн гоёлын даашинзуудыг дэлгэн харууллаа. Үдшийн даашинзууд нь гайхалтай юм.
-Тун удахгүй “Гоёл” наадам болохоор товоо зарлаад буй. Та эл наадмын тайзнаа алхах уу?
-Би загварын тайзан дээр дахин алхахгүй. Гэхдээ фото модель чиглэлээр ажиллана.
-Жүжигчин хүнээс уран бүтээлийн тухай асуулгүй өнгөрч болохгүй. Саяхан найруулагч Б.Ганболдын бүтээлд тоглосон гэв үү?
-Тийм ээ, уянгын кино. Ирэх онд үзэгчдийн хүртээл болно. Эл киноны гол дүрд жүжигчин С.Болд-Эрдэнэ ахтай хамтран тоглосон. Туршлагатай найруулагч, хамт олноос их зүйл сурлаа. Өмнө тоглосон дүрүүдээс огт өөр, намайг өөр өнцгөөс харуулах учраас их хичээсэн. Кинонд тоглуулах санал их ирдэг ч өмнө тоглосноос минь өөр байгаасай гэж боддог. Тийм ч болохоор аль болох шинэ дүр эрэлхийлж энэ кинонд тоглосон юм.
Д.ОТГОНЖАРГАЛ: ХАУТ КУТЮР ЧИГЛЭЛИЙГ ӨДӨР ТУТМЫН ХУВЦСАНД ШИНГЭЭХИЙГ ОРОЛДСОН
“O couture” загварын шоу дуусаж, амьсгаагаа дөнгөж дарж байх үед нь Д.Отгонжаргалтай ярилцлаа. Барууны загварын шоу, босоо хүлээн авалттай дүйцэхүйц арга хэмжээг тэр зохион байгуулж чадлаа. Тэрбээр “Дэлхийн хэмжээний загварын шоуг хүмүүст мэдрүүлж, бүсгүйчүүдээ гоёход нь жаахан ч гэсэн тус нэмэр болъё гэдэг үүднээс энэхүү шоугаа зохиодог” хэмээв.
-Та энэ удаагийн шоуныхаа нүүр царайгаар топ модель Д.Пүрэвсүрэнг сонгосон. Яагаад түүнийг онцолсон юм бэ?
-Бид нэг үед загварын ертөнцөд хөл тавьсан хүмүүс. Гэтэл энэ шоуг хүртэл түүнтэй хамтарч ажиллаж үзээгүй. Загвар зохион бүтээгч хүн аль болох шинэлэг санаа гаргахын тулд ажилладаг. Аливаа нэг загвар бүтэхэд чимэглэлийн, оёдлын баг гээд олон хүний хөдөлмөр шаарддаг. Тэр удаан хугацааны ажлыг хүнд хүргэх гол ажил загвар өмсөгчид оногддог.
Тиймээс тэр загвар өмсөгч нь олонд хүлээн зөвшөөрөгдсөн, итгэл найдвартай хүн байх хэрэгтэй. Миний энэ удаагийн шоуны өнгө төрхөнд Д.Пүрэвсүрэн тохирсон. Хүмүүс ч түүнийг ямар чадварлаг гэдгийг мэднэ шүү дээ.
-Эл шоундаа та 60 гаруй чимхлүүр гар ажиллагаатай тансаг бүтээлээ танилцууллаа. Та загварын цуглуулгынхаа санааг хэрхэн олдог вэ?
-Загвар зохион бүтээгч үзэл бодол, оюун санаа, төсөөллөөрөө л загвараа гаргадаг. Түүнийг нь таалах хүн байхад шүүмжлэх нэг нь ч байна. Гэхдээ шүүмж, судалгааг сонсох, унших хэрэгтэй. Түүнээс авах зүйлээ авч болно. Уран бүтээлч хүн бүрт онгод бий. Тэр онгодоо хөглөх хэрэгтэй. Тэгж байж ямар нэгэн сайхан, мэргэн санаа төрдөг. Ингэж хөглөхийн тулд ажилдаа шунаж, дурлаж, бүр орох ёстой.
Ажлаа зогсолтгүй хийсээр л байвал ар араасаа загвар, бүтээл төрөөд л байдаг. Юм хийх тусам хүний оюун ухаан хөгжиж, сэтгэж байдаг шүү дээ. Би кутюр чиглэлээр бүтээл урладаг Elle, Valentino зэрэг мундаг загвар зохион бүтээгчийн бүтээлээс сэдэв, санаа, өнгөний шийдлийг нь харж судалдаг.
Өнгөрсөн жил би сонгодог стилиэр дагнаж загваруудаа урласан. Харин энэ жил романтик стилийг сонгосон нь энэ. Цагаан, ягаан, цэнхэр болон зөөлөн, ууссан өнгийг голчилсон. Энэ жил тренд болж торон материалыг мөн түлхүү ашиглалаа. Мөн хаут кутюр чиглэлийг дан ганц гоёлын даашинз биш, өдөр тутмын хувцсанд шингээхийг оролдсон.
-Шинэ жилийн баяр дөхөж байна. Энэ шинэ жилийн гоёлын даашинзны чиг хандлагын талаар ярихгүй юү?
-Гоёлын хувцас нь загвар гэхээсээ илүү материал, өнгө, хэлбэр гэсэн гурван үндсэн ойлголт дээр тулгуурладаг юм. Энэ жил баярынхаа өдөр гламур болон романтик даашинзаар гоёвол зохимжтой. Мөн Х болон шулуун хэлбэрийн даашинз тренд болж буй. 1930-1940 оны үеийн гламур юм уу романтик даашинз зонхилох шинжтэй.
-Та өөрийгөө болон гэр бүлийнхнээ бүтээлээрээ гоёдог уу. Дэлгүүрээс өөрт таалагдсан хувцас сонгож авах амаргүй байдаг байх.
-Сүүлийн таван жил өөртөө хувцас худалдаж аваагүй байх. Дэлгүүр хэснэ гэдэг мөнгө, цаг үрсэн ажил шиг санагддаг. Тэгээд ч санаанд таарсан хувцас олддоггүй. Тэгснээс өөрийнхөө биед, санаанд тохирсон хувцсыг урлаад өмссөн нь амар байдаг. Гэр бүлийнхэндээ зориулж хувцас урлалгүй яах вэ. Гэхдээ бүх хувцсыг нь оёод сууна гэвэл худлаа. Гоёлын хувцаснууд бол оёж өгдөг.