Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин, өдгөө Хөгжим бүжгийн коллежийн захирлын алба хашиж буй Г.Эрдэнэбат “Өнөөдөр” сонины уншигч-сурвалжлагчаар ажиллаж, Монголын хөгжмийн урлагт “бурантаглуулж”, энэ салбарын нэвтэрхий толь болсон нэгэн эрхэм хүнтэй хөөрөлдлөө.
Сонины “зараал” маань зочноо “Монголын хөгжмийн урлагийн амьд түүх” хэмээн тодорхойлсон. Тэр бол Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжим судлаач Ч.Буянхишиг. Зочин, сурвалжлагч хоёр маань ажил хэргийн холбоотой эртний түншээс гадна эгч дүүс болсон хүмүүс.
Монголын урлагийн ертөнцийн цусыг сэлбэж, мэргэжлийн хөгжимчин, бүжигчин, дуучин, циркчин бэлтгэдэг уурхай, С.Гончигсумлаагийн нэрэмжит хөгжим бүжгийн коллежийн 80 жилийн ойн босгон дээр хийснээрээ энэ ярилцлага онцлогтой.
-Би барилгын инженер нэг найзтайгаа явж байхдаа Буянхишиг эгчтэй утсаар ярьж таарсан юм. Утасны дуу нэлээд чанга байсан бололтой найз маань дуу хоолойных нь өнгөөр Буяа эгчийг таньсан. Энэ хүн олон нийтэд ингэтлээ танигджээ.
Тэгэхээр Буянхишиг эгч маань Монголын хөгжмийн урлагийн үүсэл, хөгжлийн түүхийг мэдэх цөөхөн хүний нэг. Өмнөх нийгмийн үед урлагийн шүүмжлэгч, судлаач мэргэжилтнүүдийг төр, засгийн бодлогоор бэлтгэдэг байлаа. Тэдний олонх хорвоогоос явж, зарим нь замын голоос буцаж, өөр чиглэлээр ажиллах болсон.
Тиймээс би “Өнөөдөр”-ийн зочноо Монголын хөгжмийн урлагийн амьд түүх гэж хэлнэ. Ер нь, хөгжмийн урлагийн ажлыг чинхүү сэтгэлтэй, мэдрэмж, мэдлэгтэй, зовлон, жаргалыг нь мэдэрсэн хүн л хийдэг.
Энэ утгаараа Буяа эгч ажлаа хариуцлагатай, ухамсартай, өндөр түвшинд авч яваад талархах ёстой. За ингээд, таны амьдрал хэдийнээс хөгжмийн урлагтай холбогдов гэсэн асуултаар ярилцлагаа эхэлье.
-Өдгөөгийн ХБК-ийн суурь нь 1937 онд тавигдаж, Уран сайхны сургууль нэртэй байгуулагдсан юм. Нэг хэсэг Урлагийн сургууль гэж байгаад, 1959 онд Хөгжим бүжгийн дунд сургууль болсон жил нь би элссэн. Тэр үед захирал нь Лувсандагва, хичээлийн эрхлэгч Агваанчимэд гэж хүн байсан.
Өнөөх алдарт “Үхэрчин хүү” буюу шанзчин, лимбэчин Лувсандоржийн Цэрэндорж, Банзрагч гэж гайхалтай хуучир хөгжимчин, Гавьяат жүжигчин С.Цэвэлмаа нарт шалгуулаад ёочингийн ангид орсон доо. Анхны багш Чулуунбат маань нэг жил хичээл заасан. Дараа нь Гавьяат багш Г.Дашдаваагийнхаа удирдлага дор хичээллэж, төгссөн. Тэр үед манай сургуулийн байр ХААЯ-ны ард байлаа.
Мөн нэг хэсэг нь одоогийн СЭЗДС-ийн нэг жигүүрт хичээллэдэг байсан шүү дээ. 1962 онд Хөдөлмөрийн баатар Цогоогийн бригадынхан Хөгжим бүжгийн дунд сургуулийн байр болон сурагчдын дотуур байрыг барьж, дуусгаснаар эндээ төвлөрсөн түүхтэй. Энэ хавийн сайхан моднуудыг тэр үед тарьсан юм.
-Тухайн үед жирийн сургуулийн хэддүгээр ангиас ирсэн юм бэ?
-Үндэсний хөгжмийн ангид дөрөвдүгээр анги төгссөн хүүхдүүд шалгуулж байсан. Тэгээд долоон жил сураад төгссөн. Тухайн үед манай сургууль 11 жилийн сургалттай, ерөнхий боловсролын үнэмлэх болон мэргэжлийн дипломтой төгсгөдөг байсан. Намайг энэ сургуульд анх ороход бүжгийн, циркийн, зургийн, хөгжмийн гэх зэргээр бүх анги нийлээд 200-гаад л хүүхэдтэй байлаа.
Тэр үеийн урлагийн сор болсон Ц.Дашдулам, С.Цэвэлмаа, Г.Жамъян нарын алдар суутнууд багшилж байсан. Дээд сургууль төгсөж, эрдэм номыг нь үзээгүй ч гэсэн тэд гайхамшигтай авьяас чадвартайн дээр мэдлэгтэй уран бүтээлчид байсан. Хүн мэдлэгийн хүрээ өргөнтэй байж гэмээнэ ажлаа гайгүй хийнэ шүү дээ.
Тиймээс манай багш нар бүх талын мэдлэг, мэдээллийг бидэнд өгч, сургаж ирсэн. Ер нь тэр үед их нарийн, чанга байжээ. Жишээ нь, бүх улс орныг газрын зураг дээр заагаад, нийслэл болон Төрийн тэргүүнийх нь нэртэй нь цээжлүүлдэг. Мөн том хэмжээний найраглал, бүтээлийг нэгбүрчлэн уншуулж, ойлгуулж, цээжлүүлнэ. Одоо бол шал хэрэггүй мэт сонсогдох байх л даа. Тэгж цээжлэх нь хүний оюуныг сайн хөгжүүлдэг.
Ер нь хэн, яаж сурахаас их зүйл шалтгаалдаг юм. Бидний үеийнхэн ёстой уйгагүй хичээж, уралдаж сурдаг байлаа. Өглөө эрт таван цагт сургуульдаа ирж, хичээлээ давтана шүү дээ. Тухайн үеийнхээр бол идэвхтэй, одоогийнхоор бол хэнхэгтэй хүүхдүүд байжээ. Манай сургуулийн өөр нэг гайхамшигтай зүйл нь зургадугаар ангиасаа цалин авдаг байсан. Оюутны тэтгэлэг гэсэн үг л дээ.
-Ер нь Монголын сургалтын онцлог нь тэр байсан шүү. Европ, Америк зэрэг бусад орнуудад тухайн чиглэлээр нь дагнан сургадаг.
-Миний бодлоор дагнан сургах нь мэргэжилдээ ахицтай боловч ерөнхий мэдлэгийн хүрээ нь хумигдмал санагддаг. Тэгэхээр манай сургалт зөв. Хүнд маш их мэдлэг мэдээлэл өгдөг. Тэр дундаа Хөгжим бүжгийн коллеж бол Монголын урлагийн ертөнцөд гайхалтай гавьяатай сургууль шүү.
80 жилийн хугацаанд энэ сургуулийн бүтээгдэхүүнүүд эх орныхоо өнцөг булан бүрт соёл, урлагийг мэргэжлийн түвшинд түгээж ирлээ. Цаашлаад дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж байна. Зүгээр нэг ажиллах биш, тэргүүлэх эгнээнд явж байгаа шүү.
-Та Хөгжим бүжгийн дунд сургуулиа төгсөөд Орос руу сурахаар явсан уу?
-ЗХУ руу их сургуульд сурахаар явсан. Тэгээд хөгжмийн онолын багш мэргэжлээр дүүргэж, ирээд эндээ багшилсан. Тэгэхээр 80 жилийн түүхтэй энэ сургуультай миний амьдралын 58 жил тасралтгүй холбогджээ. Би нэг зүйлд жаахан харамсдаг шүү дээ. Г.Дашдаваа хэмээх гайхалтай багшаар хичээл заалгаж, эрдмийг нь авчихаад нэг ч жил мэргэжлийн байгууллагад ажиллаагүйдээ харамсаад явдаг.
-Таны үеийн төгсөгчдөөс төрсөн алдартан хэн, хэн байна вэ?
-Миний дээд төгсөлтөөс Дуурийн театрын хөгжимчин (вальторн), Гавьяат жүжигчин Б.Батчулуун байна. Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Г.Алтанхуяг болон Ш.Аюуш, сурган хүмүүжүүлэх ухааны доктор Ш.Доржпагма бид дөрөв нэг ангийнх.
Мөн М.Баасанхүү, Д.Чалхаасүрэн, Г.Ширчинбаатар гээд алдар цолыг нь аваагүй ч тэр хэмжээний сайхан уран бүтээлч, багш нарыг дурдвал дуусахгүй дээ. Би энэ сургуульдаа 11 жил хөгжмийн онол, сонсголын багшаар ажиллахдаа хоёр анги төгсгөснөөс Гавьяат багш Б.Зоригоо, Гавьяат жүжигчин Б.Энхбат, хөөмийч Г.Алимаа, Д.Дорждагва гээд олон сайхан уран бүтээлч төрсөн байна.
-Та өөрийгөө хөгжмийн урлагт бүрэн зориулсан, энэ л салбарын төлөө амьсгалдаг хүн. Тэгвэл гэр бүлийнхэн дунд тань хөгжимтэй холбоотой ажилладаг хүн байна уу?
-Манай гэрт надаас өөр хөгжмийн талын хүн байхгүй дээ. Гурван хүүхэд маань бүгд өөр чиглэлээр явж байна. Уг нь хоёр охин маань ХБК-д шалгуулаад тэнцсэн ч ороогүй. Зээ охин маань төгөлдөр хуур заалгаж байгаад, нэг л болохгүй орхичихлоо. Манай нөхөр дуурь, симфони, балет бүгдийг нь үздэг, дуулах дуртай хүн байсан.
-Хүүхдийн хүмүүжил, төлөвшилд хөгжим ямар нөлөөтэйг бүгд л ярьдаг. Та энэ талаар юу гэж боддог вэ?
-Хөгжим бол хүүхдийг хүн болгодог гэж ярьдаг. Ялангуяа сонгодог урлаг хүүхдийг маш сайн төлөвшүүлж, зөв хүн болгодог. Анхаарлаа төвлөрүүлэх чадвар суулгаж, аливаад ухаалаг хандахад чиглүүлдэг, бас уярааж зөөллөдөг. Ер нь хүний амьдралд хөгжимгүй цаг мөч гэж байдаг юм уу. Хүн бүрт дуу хөгжим ус, агаар шиг зайлшгүй хэрэгтэй зүйл.
-Хүн төрөлхтөн хөгжимгүй гурав хоновол яах бол?
-Төсөөлөх аргагүй. Тийм байтал МҮОНРТ-ийн хөгжмийн редакцыг саяхан тараачихсан шүү дээ. Би эртүүд нэвтрүүлгээрээ “Радиогийн нэвтрүүлгийг өдрийн турш нэг ч хөгжимгүйгээр, зөвхөн яриагаар цацвал яах вэ. Ямар уйтгартай байх бол оо” гэж ярьсан. Би МҮОНР хэмээх том айлтай 1981 онд холбогдсон. Амьдралын минь 30 гаруй жил энэ байгууллагатай холбоотой болохоор энэ асуудалд сэтгэл зовж, харамсаж сууна.
-Тийм чухал редакцыг тараасан нь тун харамсалтай. Ер нь манайд хөгжмийн боловсролыг тоохгүй байх шиг.
Япон, БНСУ-ын ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн хөтөлбөр маш нарийн агуулгатай, тогтсон хуваарийн дагуу явагддаг юм билээ. Тэглээ гээд хүүхэд бүрийг хөгжимчин болгох зорилготой биш. Хүмүүжил, төлөвшилд хэрэгтэй учраас тэр шүү дээ.
-Хувь хүний төлөвшлөөс гадна гоо зүйн хүмүүжил гэж асар том зүйл бий. Багаас нь хөгжмийн боловсрол олгож, энэ талын мэдээлэл түгээхгүй бол ирээдүй залуу үе маань дэндүү харамсмаар, хэцүүднэ гэдгийг би ганц жишээгээр хэлье. Гэхдээ үүнийг бичих хэрэг байгаа, эсэхийг мэдэхгүй юм.
Би нэг хэсэг Радио, телевизийн дээд сургуулийн оюутнуудад хөгжмийн боловсролын хичээл заадаг байлаа. Тэгэхэд С.Гончигсумлаа, Л.Мөрдорж нарын агуу хөгжмийн зохиолчийг мэдэхгүй залуу хүн олон байсан. Үнэхээр гомдмоор. Ерөнхий боловсролын сургуулиудад хөгжмийн хичээлийг ямар түвшинд, яаж явуулдаг болоод тийм байна аа.
-Та Монголын хөгжмийн урлагийн олон уралдаан, арга хэмжээнд шүүгчээр уригддаг. Ер нь шүүж, дэнслэх ажил хэр санагддаг вэ. Хэцүү юү?
-Би аливаа уралдаанд шударга байх зарчим баримтлан ажилладаг. Миний дүү ч бай, таньдаг, таньдаггүй хүн ч бай адилхан л ур чадвараа харуулахаар уралдаж байгаа. Оюун ухаан, бие, сэтгэлээрээ , хамаг хүчээрээ бэлтгэсэн хүмүүст шударга бус хандвал гомдолтой биз дээ.
-ХБК-ийн 80 жилийн ойг угтсан нэг том арга хэмжээ энэ сарын 15-23-ны хооронд болно. Тэр бол Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит мэргэжлийн залуу дуучид, ардын хөгжимчдийн олон улсын уралдаан.
Хөгжмийн зохиолч маань өөрөө санаачлан ийм сайхан уралдаан зохион байгуулахаар бидэнтэй хамтран ажиллаж байна. Б.Шаравын нэрэмжит гэхээр ганц түүнд холбоотой гэж ойлгож болохгүй.
Маш өргөн агуулгатай, алсын хараатай арга хэмжээ юм. БСШУСЯ тодорхой мөнгө төсөв гарган шийдэж байгаа тус уралдааны зохион байгуулах хорооны нэг гишүүн нь та шүү дээ. Энэ талаар тодруулна уу?
-Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлийг дэлхийд сурталчлах, залуу уран бүтээлчдийг нээж, дэмжихэд асар их түлхэц болох уралдаан гэж ойлгож байна. Олон улсын түвшинд явуулах учраас тэр хэмжээний шагнал урамшуулал, зохион байгуулалттай болно. Оролцогчид зөвхөн Б.Шаравын бүтээлүүдийг тоглохгүй шүү дээ.
Монголын болон дэлхийн сонгодог бүтээлүүдээс тоглох журамтай. Одоогийн байдлаар 4-5 орны 80 гаруй уран бүтээлч оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. Шагналын сангийн хувьд Монголдоо хамгийн өндөр гэж болно.
Гран при шагналын эзэн 10.000 ам.доллар, нэгдүгээр байрт тунах хөгжимчин болон дуулаач тус бүр 5000, хоёр, гуравдугаар байрт 3000, 1000 долларын шагналын сантай. Үнэ дагаж чанар гэдэг. Шагнал өндөр байх тусам оролцогчдын чанар чансаа сайжирна гэсэн үг.
-Би ингэж боддог юм. Монголын хөгжмийн урлагийн бүх сургууль, сургалт ХБК-иос үндэстэй гэж. Үүнтэй маргах хүн гарахгүй болов уу?
-Тийм шүү. Тэгэхээр ийм түвшинд бэлтгэгдсэн боловсон хүчинтэй, 80 жилийн түүхтэй энэ сургууль консерватори болох бүрэн боломжтой гэж боддог. Туршлага, хөтөлбөр, боловсон хүчин, суурь бааз нь бүгд байна. Мэргэжлийн шаталсан сургалттай ийм том баазыг илүү өндөр статустай болгохгүй яагаад удаад байгааг ойлгохгүй юм.
-ХБК-ийг консерватори буюу хөгжмийн дээд сургууль болгох асуудлыг бараг 20 жил ярьж байгаа. Энэ сургуулиар бэлтгэгдсэн урлагийн мэргэжлийн боловсон хүчнүүдээ бид гадаад руу алдаж байна. Дээд сургууль нь манайд байхгүй учраас тэд яах юм бэ.
Нөгөөтэйгүүр гадаадын ижил төстэй сургуулиуд ХБК-той хамтран ажиллах болон багш нарыг урьж ажиллуулахын тулд статус шаарддаг. Өөрөөр хэлбэл, хамтрах хүсэл байвч танайх манайхаас шатлал доогуур, зэрэглэл таарахгүй учраас боломжгүй байна.
Энэ асуудлаа түргэн шийд гэдэг. ХБНГУ-ын Дортмундын их сургууль, Францын Лион хотын консерватори гээд биднийг эртнээс яг энэ асуудлаар хүлээгээд хариу нэхэж байгаа газар цөөнгүй.
-Энэ бол ердөө сургуулийн нэр томъёо, зэрэглэлийн асуудал. Тэрнээс биш манай багш, боловсон хүчнүүд, сургалтын чанар бол хаана ч гологдохгүй. Тиймээс л энэ сургуулийг зорьж ирдэг гадаадын сурагч, оюутнууд бий. Төр, засаг энэ асуудлыг нэг мөр болгож шийдмээр юм. Хууль боловсруулдаг хүмүүс нь энэ талаар хэр мэдлэгтэй байдаг бол.
Манай хоёрын яриа энэ хүрээд өндөрлөлөө.
“Хүн мэддэг, чаддаг зүйлээ олон түмэнд түгээн, мэдээлэхийн тулд зөв, цэгцтэй ярьж сурах хэрэгтэй. Энэ бол маш чухал чадвар. Үүний тулд их уншиж, хүмүүстэй харилцах соёлд суралцаж, хэл ярианы баялгаа нэмэгдүүлэх ёстой. Бас аливаад сониуч байж, мэдэхгүй зүйлээ нэрэлхэж, ичилгүй асуудаг байх хэрэгтэй. “Мэдэхгүйгээ мэддэг хүн байдаг. Мэдэхгүйгээ мэддэггүй хүн байдаг” гэсэн үг бий.
Мэдэхгүй хэрнээ мэддэг царайлах нь хамгийн ичмээр, аюултай. Манай хэвлэл мэдээллийнхэн энэ тал дээр илүү анхаараасай. Нэг л үсэг, өргөлтийг буруу хэлэхэд үгийн утга алдагдаж, эндүү ташаа ойлголт төрүүлэх нигууртайг үргэлж санаж яваасай.
Ганцхан жишээ хэлэхэд, нэг сонинд Төрийн шагналт, зууны манлай дуучин Х.Уртнасан гуайг “Тромблюрээс чанга дуугардаг” гэж бичсэн байсан. Тэр нэг гадаад үгийг нягтлаагүйгээс, ямар учиртай зүйл болохыг нь мэдэхгүйгээс ийм том алдаа гарчээ.
Тэгэхээр аливааг судалж, мэдээд, түгээх хэрэгтэй” хэмээсэн “Өнөөдөр”-ийн зочин Ч.Буянхишиг эгч хүлхээд л баймаар чихэр шиг хүн аж. Түүнтэй ахин дахин уулзаад, сургамж үгийг нь сонсож, мэдэж авмаар.
“Өнөөдөр”-ийн уншигч-сурвалжлагч Г.Эрдэнэбат “Монголын хөгжмийн урлагийн төлөө зүтгэх өөр шигээ олон шавьтай болоорой. Таныг дараа дахин дахин “уудална” хэмээгээд зочноо үдлээ.