“Найзууд” булан энэ удаа Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Л.Цогзолмаа, Г.Хайдав нарын нөхөрлөлийн түүхийг хуваалцаж байна. Монголын нэгэн цаг үеийн авьяас билгийн, гоо сайхны илэрхийлэл болж явсан хоёр эрхэм танилцан нөхөрлөөд 70 дахь жилтэйгээ золгох гэж буй.
Уулзахаар тохирсон өдрөө Г.Хайдав гуайг гэрээс нь авахаар очиж буйгаа хэлэхээр утас цохитол өөдөөс “Бид хоёр уулзалгүй нэлээд удсан. Насаар ахмад хүнтэй уулзах гэж байгаа юм чинь дээл өмссөн нь дээр байх, тийм үү охин минь” хэмээв. Товлосон цагтаа гэрийнх нь үүдэнд очиход аль хэдийнэ гарч ирээд зогсчихож. Дуурийн урлагийн “загалмайлсан эцэг” энэ уулзалтад хэрхэн догдолж, бэлдсэн нь байгаа байдлаас нь илэрхий. Болзсон газартаа ирэхэд Л.Цогзолмаа гуай ч ирчихсэн, хүлээж байв.
-Та хоёр маань хэзээ, хэрхэн танилцаж байв даа?
Г.Хайдав (Г.Х): -Би Цооцоог бүр эртнээс, 14 настай байхаас нь мэддэг юм. Гэхдээ яг нүүр тулж танилцаагүй, эчнээ танил байлаа. Би морьтой давхиж яваад гэр рүү чинь чулуу шидэж, чамайг гэрээс чинь гаргадаг байсан тухайгаа ярьж байсныг санаж байна уу.
Л.Цогзолмаа (Л.Ц): -(Инээв) Тийм, тийм. Би чамайг тэр хавийн сахилгагүй хөвгүүдийн нэг л гэж боддог байлаа.
-Та хоёр чинь өөр нутгийн улс биз дээ. Хаана тэгж морь унаж, чулуу шидэж явсан хэрэг вэ?
Г.Х: -Би Дундговийнх, Цооцоо Төв аймгийн хүн. Бид багадаа Нийслэл хүрээнд ирж, энд өсөж торнисон. Аав минь хотын захиргааны мал маллаж, манайх Дамбадаржаад нутагладаг байлаа. Би аавдаа тусалж, хэдэн морийг нь адгуулна. Тэгж явахдаа Цогзолмааг анх харсан юм.
Сэлбийн голын баруун эрэгт их таван ханаттай айл байх. Хэдэн морио хөөгөөд давхиж явтал тэднийхээс нэг өндөр охин гарч ирж харагдсан юм. Дараа нь гэрийнх нь хаяагаар хоёр, гурван удаа өнгөрлөө. Нөгөө охин гараад ирж магадгүй гээд ойролцоо нь морьтойгоо жаахан зогслоо. Гарч ирдэггүй. Юу гэж дандаа гарч, ороод байв гэж дээ.
Тэгээд нэг өдөр “Чамайг заавал гэрээс нь гаргах юм хуна” гэсэн шүү юм бодож, хэдэн чулуу өвөртлөөд мордлоо. Би багаасаа хулгана, зурам руу чулуу шидэж өссөн, миний шидсэн чулуу ихэнхдээ л байндаа тусдаг байсан юм чинь. Гэрт нь нэлээд дөхөж, холхон айлын дайтай очоод чулуу шидлээ. Гэрийг нь оносон бололтой, нөгөө охин гараад ирэв.
Туранхай, гозгор бор охин харагдана. Тэгээд би мориндоо ташуур өгөөд зугтаачихсан. Айж байгаа юм уу, бишүүрхэж байгаа юм уу, бүү мэд. 13 настай л байсан юм чинь, нохой долоо. Цооцоо надаас нэг эгч юм. Түүнээс хойш байсхийгээд л гэр рүү нь чулуу шиддэг, гарч ирэхээр нь зугтдаг боллоо.
Тэр намар нь нэг мэдсэн чинь эднийх нүүгээд явчихсан байв. Би чинь нэг хэсэг сэтгэл хачин болоод, үерхдэг хүндээ хаягдсан юм шиг болсон.
-Танилцаж амжаагүй хэрэг үү?
Г.Х: -Танилцах бүү хэл, үг ч сольж үзээгүй. Нүүр царайг нь ч ойроос тухтай хараагүй шүү дээ. Бүр хожим Цогзолмааг Циркт саксофон үлээж байхад нэг танил маань “Чиний яриад байдаг охин тэр шүү дээ” гэж зааж өгсөн.
Хот цөөхөн хүнтэй, бие биенээ мэддэг байж. Нөгөө гозгор бор охин маань жигтэйхэн гоё, махир гаанс шиг хөгжим барьчихсан, сүрхий хөгжимчин болчихсон байв даа, базарваани хум пад.
-Нүүр тулан танилцсан үе нь хэзээ вэ. Анх ямар хүү харагдаж байв?
Л.Ц: -1947 онд Монголын дуучдын анхны уралдаан болж, хэвлэх үйлдвэрийн үсэг өрөгч шоволзсон цагаан хүү
“Энх талдаа дураараа өссөн
Тарган зээрд морь чинь
Эзэн болсон чамайгаа хүлээж
Эмээлтэйгээ зогсож байна” (аялав) гэдэг дууг дуулж түрүүлсэн нь Хайдав байлаа. Тэр үеэс бид танилцаж, нөхөрлөж эхэлсэн.
Г.Х: -Тээр, миний дуулсан дууг хүртэл санаж байгаа биз. Энэ нөхөр тэгэхэд “Бөмбөгөр ногоон”-ы “том” хүн болсон байлаа. Дуучдын анхны уралдааныг “Бөмбөгөр ногоон”-ыхон зохион байгуулсан. Ерөнхий шүүгч нь Цогзолмаа. Би түрүүлэх нь бүү хэл, байранд орно ч гэсэн бодолгүй очоод тэргүүлж, 1800 төгрөгөөр шагнуулж байлаа. 1800 төгрөг чинь их мөнгө шүү дээ. Тэр үeд би Эвлэлийн төв хорооны товчооны гишүүн болчихсон байсан. Чи Чeхэд болсон урлагийн наадамд 1947 онд яваа биз дээ.
Л.Ц: -Тэгсэн санагдаж байна.
Г.Х: -Тийм шүү дээ. Тэнд чех хэлээр дуулаагүй юу. Гадаадын тайзан дээр гадаад хэлээр дуулсан анхны монгол хүн шүү дээ, Цооцоо. Би бол Монголынхоо тайзан дээр анх орос хэлээр дуулсан хүн байх. Найман настайдаа Ленин клубт орос дуу дуулж байлаа.
-Хамтарч олон уран бүтээл хийсэн үү?
Л.Ц: -Зөндөө, зөндөө. Гадаад, дотоодод байнга л хамт дуулдаг байлаа. Дуучид ч цөөхөн байж. Юмны түрүүнд л Хайдав, Цогзолмаа гэдэг байв.
Г.Х: -Дэлхийн залуучууд, оюутны их наадмаас эхлээд хаана л урлагаар эх орноо сурталчлах хэрэг гарна, тэнд л явж байлаа. Тэр бүхнийг тоочихын аргагүй. Одоо хүртэл дуулсаар л явна. Бидний хэдэн ахмад нийлж байгуулсан “Эртний сайхан” гэдэг чуулга бий шүү дээ.
Би “Эндээс урилаа, тэндээс ч дуудлаа. Хамт очиж дуулъя” гэж Цооцоогоо зовоогоод л байх нь тэр. Хамгийн сүүлд Багануур дүүрэгт тоглоход үзэгчид дундаас нэг хүн босож, “Та хоёр маань жинхэнэ алтан авьяастнууд шүү” гэж хашгирч, тоглолтын дараа хамт зураг авахуулах гэж баахан хүн шавж, их урам өгсөн. Хүн гэдэг чинь урмаар амьдардаг сэтгэлийн амьтан шүү дээ.
-Уран бүтээлчид тоглолтын үеэр будилж, хөглөх тохиолдол олон. Тэр нь хожим хамгийн хөгжилтэй дурсамж болж үлддэг. Та хоёрт тийм дурсамж бий биз?
Г.Х: -“Жаргалын зам”-ыг дуурь болохоос өмнө Бор, Халиуны хоршил гарсан юм. Түүнийг бид дуулдаг байлаа. Унгарт дуулахаар явахад Сувд нялх байсан тул Цогзолмаа охиноо шар ижийтэйгээ (Н.Сувдын өрлөг ээжийг ийн авгайлдаг аж) авч явсан юм.
Тоглолтын үeэр шар ижий “Эгч нь ойрхон явчихаад ирьe” гээд Сувдыг надад тэврүүлчихэв. Гэтэл миний гарах ээлж болж, хөтлөгч намайг зарлачихлаа. Хүүхэд тэврээд гаралтай биш, гадаадад яваа хүн чинь хэндээ өгөх вэ дээ. Ингээд хожигдож гарсан гэж бангадуулж явлаа. Түүнээс бусдаар нэг их хөглөж сүйд болсон юм санагдахгүй байна.
Бид тайзан дээр гарахаараа хэн, юу хийх ёстойгоо мэддэг, маш хариуцлагатай бэлддэг байсан болохоор алдаж, хөглөж явсангүй. Цогзолмаа шавь нартаа “Дуугаа ойлгож дуул, сэтгэлдээ хийж ав, өөрийнхөөрөө дуул, бүү хүн дуурай” гэдэг. Үүнийгээ өөрөө мөрдлөг болгодог хүн шүү дээ.
-Та хоёрыг нэгэн цаг үеийн гоо сайхны, авьяас билгийн илэрхийлэл болсон хүмүүс гэдэгтэй маргах хүн үгүй. Үүнийгээ мэдэрдэг байв уу?
Г.Х: -Энэ эгч чинь жаахан байхдаа монгол охидын, айлын гэргий болоод гэргий нарын үлгэр жишээ байсан. Одоо эмээ болоод эмээ нарын үлгэр жишээ болж яваа гайхалтай эмэгтэй. Үнэн биз.
Л.Ц: -Пээ базарваани, мөн айхтар магтав аа. Бидний үeийнхэн, сайн муугаа мэдэх нөхөд минь бүгд бурхны орондоо буцаж, хоёулаа торойж үлдлээ. Одоо тэгээд хоёр биeнээ л магтаж суух юм даа.
-Магтахаас яах билээ. Магтах, магтуулах эрхтэй хүмүүс шүү дээ, та хоёр.
Г.Х: -Би нэг цочтолоо баярлаж билээ. Сурвалжлагч Цооцоогоос “Өөрийн чинь үeийн аятайхан, сайхан санагддаг эрчүүдээс нэрлээч” гэхэд академич Б.Ширэндэв гуай нарын гайхалтай хүмүүсийн хамт миний нэрийг хэлсэн байсан. Тийм юм унших, намайг тэгж үнэлдэг хүн байдаг гэж бодох ч бас сайхан л юм билээ.
Л.Ц: -Энэ маань тухайн үeийнхээ Монголын сайхан эрчүүдийн нэг байлаа л даа.
-Орос Хайдав гэгддэг байсан гэсэн. Их ганган залуу байв уу?
Л.Ц: -Дууны тэмцээнд оролцохоор ирэхдээ хийморьтой, золбоотой, ёстой гялалзсан нөхөр харагдсан. Тэгээд удалгүй Орос руу сургуульд явж, төгсөөд ирэхдээ бүр ч гялалзалгүй яах вэ. 1954 онд сургуулиа төгсөж ирээд “Манай аялгуу” кинонд тоглосон юм шүү дээ. Тэр киноноос Хайдавын ямар залуу байсныг хараарай.
Г.Х: -“Манай аялгуу” гэснээс намайг музeйд тавих юм өг гэж байна. Миний Лeвскийд тоглохдоо өмссөн фрак, “Манай аялгуу”-д өмссөн дээл хоёр шинээрээ авдрын ёроолд хэвтэж байдаг юм. Тэр хоёроо өгөхөөр бэлдчихээд байгаа.
Л.Ц: -Үгүй мөн нямбай хүн шүү. Биднийг яваад өгөхөөр тэр чинь сонин болох байх даа.
-Цогзолмаа гуайн залуу нас бас “Цогт тайж” кинонд мөнхөрсөн шүү дээ. Тэр киног тухайн үеийнхэн яаж хүлээж авч байсан бол?
Г.Х: -Монголын ард түмэн Цогзолмааг “Цогт тайж” киноны дагинын дүрээр л боддог шүү дээ. Би ч бас тэгж боддог. “Цогт тайж” ер нь сайхан кино. Оросууд ч их хичээж хийсэн, манайхан ч сайн, сайхан тоглосон.
Тэр кино дотоодод бүү хэл, гадаадад магтагдаж байлаа. “Монголд ийм сайхан хүүхэн байдаг юм уу” гэж асуух хүн ч байсан юм шүү дээ. Цооцоогийн араас шөнийн зүүд, өдрийн эрэл болсон эрчүүд Монголоор дүүрсэн. Сайхан хүүхний зовлон тэр юм даа.
Л.Ц: -Завхарсан юм ярих юм. (инээв)
Г.Х: -Кино урлаг шинэ, монголчууд дөнгөж л кинотой танилцаж байлаа. Цооцоогийн “Амнаас чинь ууя” гэдэг хэсэг дээр үзэгчид амьсгаагаа даран, нүдээ бүлтийлгэж, амаа ангайгаад хөшиж байлаа шүү дээ.
-Найзаасаа хувь хүнийх нь зан чанар талаас нь олж хардаг зүйлээ хуваалцаач?
Л.Ц: -Их зарчимч, шударга хүн дээ. Элдэв бусын урваж хөрвөсөн зангүй, түс тас, өөрийнхөөрөө. Залуугийн л тийм байсан, одоо ч хэвээрээ.
Г.Х: -Намайг зэмлэдэг ганц хүн нь Цогзолмаа. Бусад хүн үг хэлээд ч нэмэргүй, тоохгүй. Би муухай зөрүүд золиг байгаа юм. Ямар сайндаа дарга нарын үгэнд ордоггүй гээд намайг намд элсүүлэхгүй нэг жилээр хойшлуулж, энэ зангаа засах үүрэг өгч байх вэ. Тэглээ гээд төрөлх зан маань өөрчлөгдөөгүй. Одоо ч хэвээрээ.
Үүнийг маань засаж, дарж байдаг хүн маань энэ. Цооцоогийн хэлэх үг л надад сургаал болж байна даа. Чи тэгээд байна шүү, нөхөөр гэхэд нь би “Нээрэн юу билээ” гэж бодно. Ганц надад ч биш, олон хүнд үг сургаалаа хэлдэг юм. Цогзолмаа багш гэж дуудах хүн олон шүү дээ.
Бид олон орноор хамт явлаа. Олон газарт хамт дууллаа. Урлагийнхан чинь чөлөөтэй, нүүрэмгий, харьцангуй ичих зовох нь бага улс шүү дээ. Тоглолтоор явж байхад хүүхнүүд хувцас хунараа солихдоо дотуур өмдтэйгөө “давхиж” л явдаг. Харин Цооцоо тэгнэ гэж байхгүй.
Би л лав дотуур хувцастайгаа явж байхыг нь хараагүй. Энэ бол хүний хувийн соёлтой холбоотой асуудал л даа. Ингэж ярихаар хүмүүс “Худлаа яриад” гэдэг юм. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс зүгээр сайхан нөхөрлөж болдог гэдэгт итгэдэггүй хүмүүс байдаг. Бид эрэгтэй, эмэгтэй хүмүүс хэрхэн сайхан нөхөрлөж болдгийг харуулсан улс.
Л.Ц: -Урлагийнхан дотор хамгийн зарчимч хүн нь манай Хайдав гэж боддог юм. Амьдралдаа ч, урлагт ч хязгааргүй зарчимч. Хоёрдугаарт, авьяас, чадвар бүх зүйл нь тэгширсэн уран бүтээлч. Хэл ус, хөгжмийн сонсгол, ерөнхий соёл гээд бүх зүйл нь тэгш хүн ховор байдаг юм шүү дээ.
Зарим нь сайхан хоолойтой ч хэллэг, дуудлага нь болхи. Энэ хоёр нь сайхан ч тайзны соёл тааруухан байх нь бий. Ер нь бүх юм нь тэгширнэ гэдэг ховор. Харин миний найз бол тэр бүхэн нь тэгширсэн ховорхон заяах уран бүтээлч.
Г.Х: -Хэтэрхий магтаж байна шүү, Цооцоо минь. Энэ хоёр зөнөглөөд гэх вий дээ, бурхан минь.
Л.Ц: -Гайгүй байлгүй дээ. Энэ ганц миний бодол ч биш. Олон түмэн, төр засаг ч хүлээн зөвшөөрч, үнэлээд байгаа юм чинь. Манай үүнд бас нэг онцолмоор зан бий. Ханилсан ханьдаа жигтэйхэн үнэнч. Тэр гоё дуулдаг, сайхан залуугийн үлгэр жишээ болсон, олон түмний хүрээлэл дунд байдгаараа бол тэрэнтэй ч, энэнтэй ч сэмбэгнээд байж болохоор.
Хүмүүс бол энэ ер нь тиймэрхүү нөхөр байх гэж боддог шиг байгаа юм. Үнэндээ Хайдавт тийм зан байхгүй. Насны багад бол охид “Хайдав, Хайдав” гээд л гүйлддэг байлаа.
Жаахан нас ахихад “Хайдав гуай, Хайдав гуай” гэцгээгээд зүгээр байлгахгүй. Охид, хүүхнүүд тойрч гүйлдээд байхад энэ ер хөдлөхгүй. Их зарчимтай, үнэнч хүн дээ.
-Өндөр наслах сайхан, жаргал зовлонгоо ярих, санаа нийлдэг найзтайгаа хамт өндөр наслах бүр сайхан юм аа.
Л.Ц: -Тийм шүү дээ. Сайхан найзалж нөхөрлөж явсан, амьдралыг хамт туулсан нөхдөөс маань ганц үлдсэн нь энэ маань. Хүн чинь залуу цагтаа мөрөөдлөөр, нас өндөр болохоор дурсамжаар амьдардаг юм байна.
Хааяа Хайдавтайгаа уулзаж, сайхан явсан үеэ дурсахад сэтгэл сэргээд явчихдаг. Ярьж дурсах юм нь нэг, санаж үгүйлэх хүмүүс нь ижил болохоор яриа хөөрөө нийлээд сайхан байдаг юм. Настайчуудын “Эртний сайхан” гэж чуулгадаа бид хэд хааяа цугларч, нүүр нүүрээ хардаг сан. Одоо цуглаж ч чадахаа байж.
Г.Х: -Утсаар их ярьдаг байлаа. Одоо харин ярих нь цөөрөөд байна. Өдөр хааяа залгах гэхээр “Утаснаасаа хол байгаа болов уу, хөл гар муутай хүн утас руугаа явах хэцүү байх болов уу” гэж боддог болоод байна шүү дээ.
Л.Ц: -Бие биенийхээ зовлонг ойлгодог үеийн нөхөд гэдэг чинь энэ шүү дээ. Нас өндөр болохоор төвөгшөөхгүй юм ч алга болдог юм байна. Залуус үүнийг ойлгохгүй ээ.
-Одоо хоёр биендээ юу гэж хэлж, захиж байна вэ?
Г.Х: -Би бол урт насалж удаан жаргаарай, мөрөөдөхөд мөнгө төлөхгүй, 200 насална гэж бодож яваарай гэдэг юм.
Л.Ц: -Хааяа энэ маань юу болж байгаа бол гээд утас цохино. Бие тэнхээ нь данги, дуу хоолой нь гайгүй байвал “За яамай” гэж боддог болоод байна шүү. Эрүүл, өвчингүй байгаасай л гэж бодох юм.
Хоёр найзад ярих, дурсах зүйл олон байлаа. Сонины зай хэмжээтэй тул зочдынхоо хөөрөлдөөнийг ийн товчлоё. Хоёр буурлын 70 жилийн түүхтэй нөхөрлөл улам олон жил үргэлжлэхийн ерөөл өргөе.