Шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой энэ өдрүүдэд тохиож буй. Эл ойд зориулан түүхийн ухааны доктор Х.Мэндсайхан их зохиолчийн гэргий Д.Пагмадуламын амьдрал, хувь заяаны ээдрээт эмгэнэлт түүхийг архивын баримт түшиглэн бичсэн номоо хэвлүүлжээ.
Тэрбээр Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивт хадгалагдаж буй Д.Пагмадуламын байцаалтын тэмдэглэл болон Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж буй Д.Пагмадуламыг МАХН-аас хассан баримт,Санкт-Петербургийн төв архивт буй Пагмадуламын анкет зэрэг архивын ховор сонин баримт олныг дэлгэсэн байна.
Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын анхны дарга Д.Пагмадулам нь “ноёны хатан бөгөөд хамжлагатай тайж тул”1931 онд сонгох, сонгогдох эрхээ хасуулж, “тайж хүний эхнэр” хэмээгдэн 1932 онд МАХН-аас хөөгдөж, эрхэлж байсан ажил албанаасаа халагдаж байжээ.
Зохиогч энэхүү бүтээлдээ Д.Пагмадуламын МАХН-аас хөөгдсөн, сонгох сонгогдох эрхээ хасуулж, хүний эрх, эрх чөлөөгөө хязгаарлуулж, улмаар эрхэлсэн албан тушаалгүй болж байсныгархивын баримт түшин өгүүлээд түүний нэр төрийг сэргээн цагаатгах санал дэвшүүлсэн байна.
Уг номыг ариутган шүүсэн Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Ж.Саруулбуян “Доктор Х.Мэндсайханы уйгагүй шаргуу цуглуулсан баримт материал түүнийг түшиж боссон “Пагмадулам” түүхэн баримтат хөрөг ном бол хойчийн хойчид Монголын түүхэн эмэгтэйчүүдийн үнэн амьдралыг тодлон судлахад үндэс хөл болсон ном болжээ гэж редакторлана хэмээн хэдэнтээ уншиж санаа оноогоо олонтаа зөвлөлдөж явсан бичгийн боол хүний хувьд бахдалтай хэлье” хэмээн үнэлжээ.