Хуучны уран сайхны киноны хийц, дүрслэл, жүжигчдийн тоглолт гээд бүх зүйл нь сэтгэл татам сайхан. Төсөөлснөө хэдхэн сарын дотор кино зохиол болгож, зураг авчихдаг өнөө цагтай харицуулах юм биш. Арга ч үгүй биз, мэргэжлийн уран бүтээлчид цаг хугацаа хангалттай зориулж, хөрөнгө мөнгөнд санаа зовохгүйгээр бүтээлээ туурвидаг байсан цаг шүү дээ. Тэр дундаа хуучны киноны хөгжмүүд сэтгэл эзэмдэж, дуу нь одоогийнхоор бол хит болсон байна.
“Хормойгоо чирсэн хочтой
Намайг татах хүчтэй
Хайрыг ундраах шидтэй
Халуун янаг бүсгүй...” гээд л “Нийслэл хүү” киноны дуу санаанд орно.
“Баянбулгийн саальчин хүүхнүүд
Бялхсан сүүгээ савланхан байна аа...” гээд эхлэхэд “Баянбулгийнхан” киноны хөгжим чихэнд сонсогдож, үйл явдал нь нүдэнд харагдана.
Юуны учир энэ бүхнийг нуршиж байна гэхээр, XX зууны Монголын сор болсон хөгжмийн зохиолч Гончигийн Бирваа хэмээх эрхэм эдгээр киноны хөгжмийг бичсэн юм. “Хөдөөгийн баясгалан”, “Улаан дарцаг”, “Хөхөө гэрлэх дөхлөө”, “Тууврын замд” гээд жагсааж бичвэл 18 бүрэн хэмжээний уран сайхны киноны хөгжим түүний урын санд бий. Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Гончигийн Бирваагийн мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа учраас энэ эрхэм хүнийг нэхэн дурсаж байна.
“Лувсанбазарбирваа гэдэг бол эсэргүү нэр. Өөрчил”
Хөгжим урлаг, соёл, нийгмийн салбарт хувь нэмрээ оруулж гавьяа шагнал, ял зэмийн аль алийг нь хүртэж асан энэ хүний сахилын нэр нь Лувсанбазарбирваа. 6-12 настайдаа Ламын гэгээний хүрээ хийдэд шавилан сууж байсан түүнд Жигжид бурхны тарнийн нэрийг оноон өгсөн түүхтэй. 22 настайдаа цэргийн албанд татагдан очсоных дараа “эсэргүү” нэрийг нь эерүүлж Бирваа болгон өөрчилжээ.
“Аав минь өөрөө Ламын гэгээний хийдэд банди байсан болохоор тэр тухайгаа номондоо нүдэнд харагдтал бичсэн байдаг юм. Бас 80 настайдаа “Дамдинчойжилын дором” симфони зураглал бичсэн ч бага насных нь тэр гүн ухаанаас эхтэй. Өмнө нь 1974 онд “Улаан дарцаг” кинонд шашны хөгжим дуугаргасан ч тухайн үедээ бүрэн дүүрэн эгшиглүүлэх боломжгүй байсан” хэмээн түүний хүү, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Мөнхболд ярьсан.
Үнэхээр Г.Бирваа гуайн бусдад тусалж, аливаа зүйлээс өө хайдаггүй, үр хүүхдээ дэгтэй, номтой болгож өсгөхөд нь өөрийнх нь үзэж сурсан шашны номлол чухал үүрэг гүйцэтгэсэн буюу. Нэгэн цагт сайн нөхрөөрөө гүтгүүлж, хэлмэгдэж явсан хэрнээ “Яг хэн гэдэг хүн байсан юм бэ” гэж хүүхдүүдээ асуухад нь “Нэрийг нь битгий асуу. Би хэлэхгүй. Хүний мууд дурлаж яах гэсэн юм бэ. Хүний мууд дурласан хүн сайн явдаггүй юм” гэж хориглож байсан гэсэн. 90 гаруй насалж, хорвоогийн сайн, мууг хослуулж туулсан хэрнээ урвасан андаа ч илчлээгүй, Төр засагтаа ч гомдоогүй гэдэг. Түүний хэлмэгдэж явсан цаг үеийг дурсан сонгуулийн сурталчилгаандаа ашиглах гэсэн нэгэнд ч “Үгүй ээ Монгол ардын хувьсгалт нам намайг хэлмэгдүүлээгүй. Тэр цаг үед ийм шуурга олон тохиосон. Би нэгэнд л өртсөн хэрэг. Намын гишүүн болгонд л ийм зүйл тохиолдсон” гэж хариу барьсан гэсэн. Ёс жудаг, хүн чанар, зөв амьдрах ухааныг гойд эзэмшсэн хүн юм болов уу хэмээн хожим нь тааж сууна даа. Үр хүүхдүүд нь бол энэ тухай ам бардам ярьдаг. Ар гэрийнхээ ажилд гавьтай их оролцдоггүй байсан ч ухаантай үгс, үйлдлээрээ тэднийгээ хүмүүжүүлжээ. Ардын жүжигчин Б.Мөнхдорж, төгөлдөр хуурч Б.Мөнхшүр, Б.Мөнхцэцэг, бүрээчин Б.Мөнхбаяр, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Мөнхболд гээд зургаан хүүхдийнх нь урлагийн мэргэжил эзэмшиж, аавынхаа замналыг үргэлжлүүлж явна.
Хувь заяагаа өөрөө сонгосон нь
Баянхонгор аймгийн Баянговь сумын Цагаанголын нутаг Баянтолгой гэдэг газар Жадамбын 15 дахь хүү болж төрсөн Бирвааг ой хүрээгүй байхад Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын “Гайхамшигт” Гончиг хэмээх хүн өргөн авч, өсгөн хүмүүжүүлсэн болохоор тэрбээр өссөн, төрсөн хоёр нутгаа дурдан, намтар түүхээ бичүүлдэг байсан гэдэг.
Өргөж авсан эцэг, эхийнхээ буянаар өдий зэрэгтэй яваа гэж өөрийнхөө хувь заяанд залбирдаг байсан говийн хүү хангайн хүн болсон түүх үнэхээр сонирхолтой.
“Гайхамшигт” нэрээр алдаршсан Гончиг хэмээх тэр хүн нутаг хошуундаа алдартай дуучин байсан төдийгүй, хагас цаг шахуй үргэлжилдэг айзам уртын дууг аятай сайхан дуулдаг байсан нь ирээдүйн хөгжмийн зохиолчийн чихийг онгойлгож, урлагийн мэдрэмж өгсөн гэдэг. Нутаг хошуундаа шагшигдсан авьяаслаг дуучин маань уран үйлчин Дуламтай гэр бүл болсон ч үрийн зулай үнэрлэх хувьгүй байж таарчээ. Жадамбынхаас өмнө нь нэг хүү өргөж авсан ч хүн болоогүй тулд хамаг эд хөрөнгөө хийдэд хандивлан, буян үйлдээд буцахдаа Жадамбынд дахиад хүүхдээ өргүүлээч гэж гуйхаар очсон гэнэ. Энэ удаа гэрийн эзэн байхгүй, эхнэр Цэрэнпагма нь байж таарав. Үртэй болох гэж байдгаа зориулж яваа хоёрыг өрөвдсөн үү, эсэргүүцэл илэрхийлж чадалгүй хүүгээ булаалгах шахуу өгч явуулсандаа харамсан ах нарыг нь араас нь давхиулсан ч хос хоёр зам буруулан алга болчихсон байсан гэнэ. Тэр ч бүү хэл аавыг нь хүүгээ авахаар ирнэ гэдгийг Гончиг мэдэж байсан болохоор угтуул зогсоож, хүлээлгээд Жадамбааг ирэхэд нь нутгийнхаа хүмүүсийг гэртээ цуглуулж “Хүүгээ үлдээж хайрла” гэж олноороо гуйсан гэдэг. Хувь заяа, тэнгэр бурхан тэднийг харсан уу, хүү өргүүлсэн ээж, аавдаа дассан уу “Миний хүү нааш ир” гэж төрсөн эцгээ дуудахад нь очилгүй, өргөж авсан аав, ээжийнхээ араар нуугдаад хувь тавилангаа өөрөө сонгосон гэдэг. Энэ түүхийг хөгжмийн зохиолч амьд, сэрүүн ахуйдаа ярьж байсан удаатай.
Ес хоногийн зайтай хоёр удаа Алтангадас одонгоор шагнуулжээ
Цэргийн хөгжимд орохгүй гэж шүд, нүдээ нууж, шалгалтаар явсан хүмүүс рүү харахгүй, амаа нээхгүй хулмайн зогссон тухай нь сонсоод их л гайхав. Аав , ээж нь цэргийн үлээвэр хөгжимд битгий ороорой гэж захьсан байж л дээ. Гэсэн ч тэр цэргийн хөгжимд орсон, тэр ч бүү хэл 1937 онд Халх голын дайнд оролцсон анхны гурван бүрээчний нэг юм. Цэргийн хөгжмийн жирийн бүрээчнээс Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн анхны дарга болтлоо 17 жил ажилласан түүнийг есхөн хоногийн зайтай хоёр удаа Алтангадас одон хүртсэн гэдгийг олон хүн мэдэхгүй байх. Байгууллагадаа олон жил тасралтгүй, тууштай ажилласан гавьяаг нь үнэлээд удаагүй байтал ах дүү найрамдалт орнуудын төрийн тэргүүнүүдийг ирэхэд Төрийн дууллыг нь ямар ч нот харалгүй эмх цэгцтэй, чадварлаг удирдан тоглуулсан учраас ийн шагнасан юм билээ.
1936 онд Цэргийн албанд татагдахад аав, ээж нь “Төрийнхөө сүлдэнд мөргөж, засгийнхаа зарлигт залбирч яваарай, миний хүү” гэж үнсэж захисныг нь яриад хүүхдүүдээ ч тийм байхыг шаарддаг байсан нь саяхных. Засгийн зардлаар сураад ирсэн бол ажил албаа сайн гүйцэтгэж хариуг нь барь гэдэг байж.
Г.Бирваа гуай “Би зарласан, зарлаагүй гурван дайнд орсон хүн” гэж ярьдаг байжээ. Эхнийх нь халх голын дайн, хоёр дахь нь Чөлөөлөх дайн, гурав дахь нь Байтаг богдын хилийн мөргөлдөөн аж. Хамгийн сүүлд тэрбээр хилийн мөргөлдөөний үеэр 2000 км морин цэргийн марш алхаж Хэнтийгээс Ховд хүртэл явсан гэдэг. Тэр үед мөн ард олноо соён гэгээрүүлэх үүргийг тэд давхар хүлээж байсан учраас энэ үйлсээрээ их бахархдаг байжээ.
“Коммунизм гэдэг чинь Америкт байдаг юм”
Хошигнон ярьсан үг нь өөрийг нь хорлоно чинээ бодоогүй нь цайлган хүний л зан байх даа. Дотнын найзтайгаа ам халан ярилцаж байхдаа “Коммунизм гэдэг чинь Америкт байдаг юм” гэж ярьснаасаа болж долоон жилийн хорих ялаар шийтгүүлж, гэр бүлийнхээ хүнийг “Амьдралаа бодоорой” гэж захихад хүргэжээ. Гэхдээ ажилсаг хүн болохоор хөдөлмөрийнхөө үр шимээр ялаа хоёр жил есөн сар болгон багасгаад гарч ирсэн гэдэг. Соёлын сайд Ч.Лодойдамба гуай түүнийг гарч ирсэн даруйд Улсын хүүхэлдэйн театрт хуваарилж уран бүтээлээ үргэлжлүүлэх боломжоор хангажээ. Хэцүү нэртэй газраас гарч ирснийхээ дараа “Маршийн хаан” Н.Цэрэнпил гуайнд хэсэг амьдарч байсан тухай СУИС-ийн багш Ц.Ерөө ярьж байсан. Харин Н.Цэрэнпил гуай бурхан болохдоо охиноо Г.Бирваа гуайд захиж, харж хандаж байгаарай гэж хүссэн гэхээр тэдний дунд ах, дүүгийн, анд нөхдийн асар том итгэлцэл байсан нь ойлгомжтой. Тиймдээ ч Г.Бирваа гуайн зохиосон олон сайхан дууг Ц.Ерөө дуулж, өдгөө түүнээс өөр хүн дуулаагүй байх юм.
Ханьдаа зориулсан “Намрын шөнө”
Амьдралаа хоёр дахиа эхлэх боломж тохиосон нь Улсын филармонийн хөгжимчин Б.Буянтогтохтой танилцал учрал юм. Хөгжмөө давтахгүй яриа өрнүүлэн инээлдэж суугаад хөгжмийн зохиолчийг орж ирэхэд худлаа дүр эсгэн хөгжмөө шүүрэн авсан гурван бүсгүйг загнаж байсан тухайгаа Г.Бирваа гуай дурсаад тэдний нэг нь эхнэр нь болсон тухай хуучилсан. Симфони найрал хөгжмийн анхдагчдын нэг, авьяаслаг хөгжимчин Б.Буянтогтох хань, үр хүүхдийнхээ төлөө өөрийнхөө ажил, уран бүтээлийг орхиж, өөрийгөө “золиосолсон” гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу. Амжилттай яваа эрчүүдийн ард маш сайн ханийн нөмөр нөөлөг байдаг гэдгийг ч Г.Бирваа гуай ярьдаг байсан.
“Намын шөнө” хэмээх дуугаа тэрбээр ханьдаа зориулан бичсэн түүхтэй. Дурласан бүсгүйгээ болзоонд урьчихаад, намрын орой Шар дэлгүүрийн гадаа хүлээсэн ч ирсэнгүй. Бүсгүй хүний ихэмсэг, эрхэмсэг зан тийн илэрсэн биз. Удтал хүлээгээд буцахдаа Г.Бирваа гуай “Намрын шөнө”-ийн аяыг зохиож, Ж.Бадраа гуайд хэлснээр шүлэг нь бүтжээ.
Тэрбээр “Гоёхон чимэг ч юм уу даа”, “Зандан шоо”, “Дайчин нөхрийн дурсгалд” зэрэг 200-гаад дуу, “Эрдэнэ тээлийн уянга”, “Арван танхил, гурван хашир”, “Шинэ байшинд”, “Их хурим”, “Их говийн зоригтон”, “Амьдралын улаан шугам”, “Харц хатан” зэрэг 13 жүжиг, “Аргат бяцхан баатар”, “Ишиг хөөрхөн нэр”, “Цурхай загасны тушаалаар” зэрэг 18 хүүхдийн жүжгийн хөгжим, найрал хөгжимд зориулсан 150 гаруй найруулга, симфони чуулбар, дууль, марш, гоцлол аяз 30 шахмыг туурвисан гэдэг. Хамгийн сүүлд 83 настайдаа бичсэн “Дамдинчойжилын дором” бүтээлээрээ Төрийн шагнал хүртсэн байгаа юм.
Урт удаан, дурсамж түүхтэй амьдрал
Цэргийн байгууллагад 17 жил, Монголын хөгжмийн зохиолчдын холбоонд 17 жил ажиллаж, Монголын орчин үеийн хөгжмийн зохиолчдыг боловсрол эзэмших үндсийг тавьсан гавьяатай. Тэдний дунд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров багтдаг бөгөөд “Гэгээн Муза” ёслолын үеэр Б.Мөнхболдод шагнуулахдаа “Аав нь миний багш, хүү нь миний шавь” гэж онцолж байсныг санаж байна.
Тэтгэвэртээ гарсныхаа дараа ч орон нутгийн театруудын захиалгаар хөгжмийн зохиолч бичиж, соёл гэгээрлийн салбарт хөрөнгө оруулсаар байсан тэрбээр 90 хүрчихээд дурсамжийн номоо бичсэн байдаг. Ухаан саруул, бие эрүүл, сайхан хүн байсныг нь хүмүүс мартаагүй байх. 83 тайдаа симфони бичиж, түүгээрээ Төрийн шагнал хүртсэн зохиолч байхгүй шүү дээ.
Шүтлэгтэй хүн байсныг нь хүүхдүүд нь онцлон ярьдаг юм билээ. Тэр дундаа бага залуу насандаа нутгийнхаа мэргэн хүнээс “Чи буянтай сайхан хүүхэд байна. Гэхдээ эргээд нутагтаа ирэхгүй юм байна. Амьдралдаа нэг том тотгортой учирна” гэснийг нь хожим хэлмэгдүүлэлтэд өртсөн он цагтайгаа холбон тайлбарлаж байсан гэсэн. Гончигийн Бирваа гуайн алдрыг хүртсэн нэгэн залуу хөгжмийн зохиолч ҮДБЭЧ-д бий. Аав Мягмар нь нутгийн авьяаслаг хөгжмийн зохиолчийн алдрыг хүүдээ хайрлачихаад, хөгжмийн зохиолчийг гэртээ ирэхэд нь энэ тухай хэлжээ. Тэгэхэд нь Г.Бирваа гуай жижиг Бирваагийн духад бугуйн дахь эрхиэрээ адис өгч, авьяаслаг хөгжмийн зохиолч болохыг ерөөсөн гэдэг. Олон сайхан бүжиг, дуулалт жүжгийн хөгжим бичиж яваа энэ хөгжмийн зохиолч ч тэр ерөөлийг их л бэлгэшээдэг юм билээ.