УДЭТ-ын 85 жилийн ой энэ онд тохиож буй. Эл ойгоо угтан тус театрын хамт олон цуврал арга хэмжээ зохион байгуулж буйн нэг нь театрынхаа ууган зохиолч, их зохиолч Д.Нацагдоржийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Жаргаагүй нар” түүхэн, эмгэнэлт шинэ жүжиг үзэгчдэд хүргэх юм. Эл жүжгийн зохиолыг Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар бичжээ. Тэрбээр “Би 2016 оны нэгдүгээр сарын 9-нд Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал авсан. Сайхан зохиол бичих сэн гэж бодож байлаа. Уг нь УДЭТ-аас Д.Нацагдоржийн нэрэмжит жүжгийн уралдаан зарласан юм билээ. Харамсалтай нь, театрынхны санаанд хүрсэн зохиол гараагүй юм болов уу. Энэ оны тавдугаар сард УДЭТ-аас надад жүжгийн зохиолч бичих санал тавьсан юм.
Ингээд тэдний захиалгаар зохиолоо бичиж, өнгөрсөн есдүгээр сард дуусгалаа. Энэ бол түүхэн жүжиг. Болсон үйл явдал, үнэнийг үзэгчдэд харуулах ёстой. Тиймээс ийм тийм санаа өгүүлнэ, тэр өнцгөөс нь харуулна, өөрчилнө гэсэн бодлоо хойш тавьсан. Ер нь Д.Нацагдоржийн 26 наснаас нас барах хүртэлх амьдралд юу болсныг харуулъя л гэж бодсон юм. Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн гуайн “Саруул талын ерөөл” гэж кино байдаг. Үүнийг эс тооцвол Д.Нацагдоржийн талаар монголчууд дуугарч байгаагүй. Д.Нацагдоржийн амьдрал хэр баргийн зохиолч бодож олохооргүй тийм их зовлон жаргал, өгсөж уруудсан адал явдалтай. Агуу хүн гэдэг цаг хугацаа, богино наслахыг үл хамааран хэдэн зуунд яригдах бүтээл туурвидаг юм байна. Тийм болохоор нэмж хачирлах шаардлагагүй. Түүний амьдрал нь нар шингэсэн ч хөхөө донгоддог гэдгийг илэрхийлнэ” хэмээн жүжгийнхээ талаар сэтгэгдлээ хуваалцав.
“Жаргаагүй нар” жүжгийг энэ сарын 4-нөөс буюу ирэх баасан гаригаас үзэгчдэд хүргэнэ. Нээлтээ хийхийн өмнөхөн нь тус жүжгийн хамт олны сургуулилалтыг сонирхлоо. Биднийг УДЭТ-д очиход уран бүтээлчид хэдийнэ жүжгийн хувцсаа өмсөж, тайзан дээр бэлтгэлээ базааж байв. Найруулагч Ч.Түвшин үзэгчдийн суудалд тухалж, жүжигчдэдээ “Наад хөдөлгөөнөө гүйцэд хий. Үгээ жаахан тод хэл. Энэ хэсэгт нүүрний хувирал илүү гарга. Техникчид гэрлээ хаана унтраахаа тэмдэглэж аваарай. Дууны инженерүүд үг, аяа зөрүүлэхгүй шүү” гэхчилэн заавар өгнө.
Тэр бүү хэл жүжигчдийн өмссөн хувцсыг хараад “Наад хантаазны чинь өнгө зөрсөн байна. Зураачийн зурсан хувцас мөн үү. Өөр харагдаад байна даа” гэж санаа тавьж байв. Тэрбээр “Энэ бол түүхэн гэхээсээ илүү болсон явдлаас сэдэвчилсэн уран бүтээл юм. Бид хэлмэгдүүлэлт, дарангуйлал, харгислалыг жүжигт голчлохгүй. Харин хайр, эгэл амьдралыг харуулна. Хүн эгэл байх тусмаа ертөнцийн хэмжээнд илүү их бодож эхэлдэг.
Магадгүй үеийн үед дурсагдаж, цаашдаа мартагдахгүй байх санамжууд ч энэ жүжгэнд гарна. Д.Нацагдорж нь таван яаманд ажиллаж байсан төдийгүй хар багаасаа Судар бичгийн хүрээлэнгээс эхлээд төрийн бүх шатны болон олон нийт, эрдэм судалгааны байгууллагад ажиллаж байсан, тайж гаралтай хүн. Чингис хааны түүхээс эхлээд Дорно дахины бүх утга зохиол, урлаг, бичиг соёлыг судалж, Өрнийн боловсрол эзэмшсэн, шинэ цагийн Монголын утга зохиолыг хөгжүүлэх, үүсгэх, өрнүүлэх зорилготой байсан. Тиймээс энэ бүхнийг судалгааны үндсэн дээр, зоригтой харуулахыг хүслээ” хэмээв.
Жүжгийн эхний үзэгдлийн тайзыг их өвөрмөц засчээ. Энэ тайз яг л их Д.Нацагдоржийн тухай нэгэн түүхийг нууж буй мэт. 1922 оны Хүрээний эгэл амьдралаар жүжиг эхэллээ. Сайхан хүүхнүүд гунхалзаж, шинэ цагт яарсан гоёмсог этгээд хувцастай ганц нэг залуус алхан, энгийн ард, лам хуврагууд зөрөлдөнө. Эл жүжгийн гол дүр буюу их зохиолчийн дүрд УДЭТ-ын залуу жүжигчин Б.Шинэбаяр тоглох ажээ. Театрын урлагт дурлагчид энэ залуу жүжигчинг өнгөрсөн жил У.Шекспирийн “Ромео, Жульетта” жүжгийн Ромеогийн дүрийг бүтээснээр нь эчнээ таньж буй биз. Тэрбээр оноогдсон дүрийнхээ тухай “Энэ хүний амьдрал төсөөлж байснаас минь огт өөр.
Бид энэ хүний талаар мэддэг юм шиг атлаа юу ч мэддэггүй юм байна. Ийм суут хүмүүний дүрд тоглоно гэдэг миний хувьд маш их аз завшаан. Дүрээ судалж, ойлгохын тулд энэ хүний тухай судалдаг 20-иод эрдэмтэнтэй уулзсан. Энэ хүний уран бүтээл, хайр сэтгэл, зовлон гуниг гээд амьдралынх нь бүхий л мөчлөгийг харуулахаар зорьж буй. Суут, соён гэгээрүүлэгч гэсэн тодотгол яг л энэ хүнд тохирно. Бичсэн шүлгүүд нь өнөө ч тод байгаа нь яалт ч үгүй суут хүмүүн байсныг нь гэрчилнэ. Түүнийг хав харанхуй нийгэмд гэрэлтэж байсан ганц од гээд хэлчихвэл хилсдэхгүй биз” хэмээв.
Жүжгийн удаах үзэгдэл их зохиолчийн харь оронд суралцаж байх үеийн тухай өгүүлэх аж. Д.Нацагдорж, түүний гэргий Д.Пагмадулам, Д.Намдаг, Цагдор нар давжаахан өрөөнд ярилцана. Тэднийг Дотоод явдлын яамнаас нутагтаа яаралтай ирэхийг дууджээ. Гэхдээ энэ дуудлага золын бус, зовлонгийнх байлаа. Их зохиолчийн гэргий Д.Пагмадуламын дүрд УДЭТ-ын залуу жүжигчин, Г.Ибсений “Нора” жүжгийн Нора дүрээр хүмүүст танигдсан Н.Баярмаа тоглоно. Тэрбээр “Д.Пагмадуламтай холбоотой баримт, материалууд цөөнгүй.
Олонх нь түүнийг тайж гаралтай, олон хэл мэддэг, оюунлаг эмэгтэй байсныг гэрчилдэг. Эрчүүд шүлэг хэлэлцэж байхад эмэгтэйгээс ганцхан Д.Пагмадулам л тэдэнтэй эн тэнцүү ном, шүлэг хаялцдаг байсан тухай баримт ч бий. Д.Нацагдорж тэр хоёр оюунлаг байдлаараа биенээ илүү мэдэрч, нэг гэр бүл болсон байх. Дөнгөж 30 насыг элээсэн хүмүүс гэхэд насандаа ахдахаар их зовлон бэрхшээл туулсан өрөвдмөөр түүхтэй юм билээ. Нуугдсан, золиосолсон, хайрласан гэдэг үг энэ эмэгтэйн амьдралыг илэрхийлэх болов уу” хэмээн дүрээ өмөөрөв.
Үйл явдал цааш хөвөрч, Д.Нацагдоржийн төмрийн заводод ажиллан, эхнэртэйгээ гундуухан амьдарч асан үеийг харуулна. Тэр л тарчигхан үедээ их зохиолч алтан нутгаа санаж, амраг хүүхэнтэйгээ хөтлөлцөн явахаар төсөөлж “Шувуун саарал”-аа, ертөнцийн ёсонд сөхрөхийн үнэнийг учирласан “Ламбагуайн нулимс”-аа бичжээ. Харин энэ үед гэргий нь түүнээс холдож, тэрбээр
“Тэгвэл холдож байна гээд бодчихъё
Хоёр сэтгэл хагацаж байна гээд тайтгарчихъя!
Янаглал хэмээх чинь сүүний адил
Удахгүй бас гашлах нь буй
Сэтгэл гэгч нь усний урсгал адил
Харагдахгүйгээр алс газар жирэлзэн одох нь буй” хэмээн шүлэглэсэн нь бий.
Эл жүжигт түүний алдарт бүтээлүүд ямархан нөхцөлд, түүний хүнд амьдрал дундаас төрснийг харуулжээ. Тухайлбал, цагаасаа өрсөн, үеийнхнээсээ түрүүлэн сэтгэж буй түүний үзэл бодол тухайн цаг үетэй хэрхэн зөрчилдөж, түүнийг ангалд унагаж буйг тод үзүүлнэ. Мөн түүний герман бүсгүйтэй сэтгэл сүжирч, Намнандоржийн орос эхнэр Нина Чистяковаг гэртээ орогнуулж, Намын төв хорооны нарийн бичгийн дарга явсныг ч эл жүжигт өгүүлэхээ мартаагүй аж.
Сэтгэлийн шаналлаа хар ундаагаар тайлж, Цэнгэлдэх хүрээлэнгийн гуанзанд хөлчүүхэн суух үедээ тэрлэсэн “Миний нутаг”, давчуухан гэртээ ганцаар өвдөн хэвтэхдээ эвлүүлсэн “Жаргалан” шүлгүүдийн түүх энэ жүжигт үргэлжилнэ.
30 гаруйхан наслахдаа өөртөө ахадсан зүдгүүр туулсан Нацагдоржийн амьдралын мөн л нэг харанхуй үеийг эл жүжигт үзүүлнэ. Гяндангийн камерт хэрэгтэн хэмээн дуудуулж шаналахдаа тэрбээр
“Өнгөт орчлонд явахад үерхэх нөхөд олон
Өмхий зооринд хэвтэхэд үтэр орхиодог нь үнэн
Нарны гэрэлд явахад янаг амраг олон
Хувхай царайг минь үзээд хуучин нөхөр минь зугтана
Хулгайч ялтанд тооцоод
Хялайн харах болно” гэж шүлэглэнэ.
Жүжигт түүхэн дүрүүдээс гадна уран сайхны дүр бий. Хүнзөн хэмээх дүр нь их зохиолчийн дотоод сэтгэлийн зөрчил, эмзэглэлийг илэрхийлэх дүр аж. Эл дүрийг зохиолч жүжигтээ заавал шигтгэхийг хүсчээ. Энэ дүрд УДЭТ-ын жүжигчин Э.Идэрболд тоглоно. Д.Нацагдоржтой хамт сурч, нэг үзэл санаатай амьдарч байсан нөхөд нь хүртэл түүнээс урвасан. Цагийн аясаар үзэл бодол нь хөлбөрдөг, ийм л тогтворгүй хүмүүсийг Цагдор дүрээр жүжигтээ оруулсан байна. Эл дүрд УДЭТ-ын жүжигчин Б.Золжаргал тоглох аж.
Д.Нацагдорж жаргаж үзээгүй наран байжээ. Хүн бүр их зохиолчийг 1937 оны долдугаар сарын 13-нд театрын хашаанд таалал төгссөнийг мэднэ. Гэхдээ эл жүжигт энэ орчлонд энэрэл хайр бараадаж л үгээ бодон, үзгээ элээсэн түүний түүх, үхлийн шалтгааныг тайлбарлаж төгсөхгүй. Бие нь өнгөрсөн ч, бүтээл нь мөнхрөх болохоор тэр. Учир нь мөнхийн суу билэг гэдэг цаг үргэлж сэтгэлд харагдахаас нүдэнд үзэгддэггүй гэдэг энэ аж.
“Гүн галуутайгаас эхэлсэн гучин хавар
Гүн нуураас анирласан гучин намар
Гүн усны дусал бүрт нэвчсэн гучин жил
Гүн бодлоос шүлэг тэрлэсэн гучин нас”
Продюсер: Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу
Зохиолч: Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар
Ерөнхий найруулагч: Ч.Түвшин
Хөгжмийн зохиолч: Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр
Тайзны зураач: Т.Алтан-Од
Хувцасны зураач: О.Баярмагнай
Конструктор зураач: Ч.Баярмагнай
Д.Нацагдорж: Б.Шинэбаяр
Д.Пагмадулам: Н.Баярмаа
Д.Намдаг: А.Чингүүн
Цагдор: Б.Золжаргал
Хүнзөн: Э.Идэрболд
Нина Чистякова: Б.Одгэрэл
Байцаагч: Г.Алтангэрэл
Цэвээн: Д.Баттөмөр
Галина: Г.Номуун
Харгалзагч: Р.Адъяабаатар
Борчулуун: Б.Золзаяа
Лэгцэгдорж: О.Итгэл
Содов: Ц.Төгсбилэгт
Үжийжаа: Ц.Жаргалсайхан
Пунцаг: О.Дөлгөөн
Юндэн: Г.Ганбат
Нансалмаа: Ц.Аззаяа
Хоролмаа: Б.Одончимэг
Людмила: Д.Асардарь