Богд хаант Монгол, Барон Унгерны Монгол, Хувьсгалт Монгол гээд тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн таван засаглалын үед үйл явдал нь өрнөх "Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжиг арваннэгдүгээр сарын 4-нд нээлтээ хийх гэж байна. 31-хэн наслахдаа Монголын орчин үеийн уран зохиолын түүхэнд тодоор бичигдэх бүтээлүүдийг туурвисан их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн уг жүжгийн зохиолыг соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт зохиолч Ш.Гүрбазар бичиж, найруулагчаар соёлын тэргүүний ажилтан Ч.Түвшин ажиллаж, гол дүрд Б.Шинэбаяр, Н.Баярмаа нар тогложээ.
Гучин нэгхэн насыг насласан хэдий ч сэтгэл оюундаа байсан хязгааргүй их суу билэгт оюуны гайхамшигт их өв сангаа ирээдүй хойчдоо өвлүүлсэн өгсөн түүнийг өнөө цагт бахархан мөнхжүүлэхэд энэхүү жүжгийн гол агуулга оршиж буй аж.
Зорьж тэмүүлсэн хүсэл тэмүүлэл нь үл гүйцэлдсэн хийгээд хэрийн хүнд тохиохгүй хүнд амьдралыг туулсан нэгэн авч мартаж үл болох гайхамшигт бүтээлүүдийг бүтээн туурвисан аугаа их авьяас билиг түүнд оршиж байсны өргөн утга учрыг цаг үе хийгээд хүний хүсэл тэмүүлэл, бодит байдал хийгээд оюунт хүмүүний чинадад зорихын их тэмүүлэл зэргийг харьцуулснаар уул жүжгийн бадрангуй төгс агуулга илэрхийлэгдэх юм.
"Жаргаагүй нар” тайзны уран бүтээлийн нээлтийн үеэр их зохиолчийн амьдрал, уран бүтээл хийгээд түүнийг кино урлаг, дүрслэх урлагт хэрхэн мөнхжүүлсэн талаарх эх сурвалж бүхий “Монгол ардын суут" гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэн үзүүлэх юм.