Зөөлөн сэвшээ салхитай, нар "буулгаж" налайсан Баянхонгор аймаг хөгжмийн уянгаар "амьсгалж" байна. Хол ойроос цугласан "алтан гургалдайнууд" авьяасаа сорьж, хоолойны цараагаа үнэлүүлэхээр хоёр өдрийн турш дуу хуурын түрлэг өргөх юм. Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Гончигийн Бирваагийн мэндэлсний 100 жилийн ойг төрсөн нутагт нь өргөн дэлгэр тэмдэглэж, "Нарны дуулал" улсын уралдаан зохион байгуулж, амьдрал уран бүтээлийнх нь тухай үзэсгэлэн дэлгэж, түүний хөгжмийг нь бичсэн кинонуудыг аймгийнхаа телевизээр гаргаж байна.
Ойн арга хэмжээний нээлт ням гаригт Баянхонгор аймгийн төв талбайд болж, "Баганат" цэцэрлэгт Г.Бирваа гуайн хөшөөний шавыг тавилаа. Удахгүй хөгжмийн суутны хөшөө энд сүндэрлэх юм билээ. Нээлтийн арга хэмжээнд оролцсон, үр хүүхэд, гэр бүлийнхнээ төлөөлөн үг хэлэхдээ Ардын жүжигчин Б.Мөнхдорж "Энэ бүрээний дуудлагаар аав минь дуу, хуураа бидэн рүү илгээж байгаа байх аа" хэмээн онцолсон юм. Учир юу гэвээс, Халхын голын байлдааны бүрээч байсан Г.Бирваа гуайг дурсахдаа түүний бүрээний дуудлагыг энэ талбайд сануулан дуугаргасан нь хүүд нь ийн таатай санагджээ. Мөн Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Мөнхболд аавынхаа нутагт ирж, ойг нь тэмдэглэж байгаа энэ өдрүүдэд сэтгэлээ барьж дийлэхгүй их догдлолтой байгаагаа ярьсан. Хүүхэд ахуй насных нь дурсамж, аавтайгаа байсан цаг үе нь нүдэнд нь харагдаад, түүнийг баярлуулж бас догдлуулжээ. Монголын хөгжмийн урлагийн ноён оргилуудын нэг, эрхэм хүмүүнийг нутгийн ард олон нь дурсан санаж, түүний зохиосон 200 гаад дуунаас мэргэжлийн дуучид, ардын авьяастнууд болон хүүхдүүд дуулж "Нарны дуулал" уралдаанд оролцож байгаа юм. Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон, Сүхбаатар, Увс, Ховд, Говь-Алтай, Дорнод, Дундговь, Булган, Архангай зэрэг аймгийн 43 мэргэжлийн дуучин, 48 ардын авьяастан, 35 хүүхэд энэ уралдаанд оролцож буй юм. Нэгдүгээр шатны шалгаруулалт өчигдөр болсон бол өнөөдөр шагналтнууд тодорно.
Баянхонгор аймгийн Баянговь сумын Цагаанголын нутаг Баянтолгой гэдэг газар Жадамбын 15 дахь хүү болж төрсөн Монголын хөгжмийн суутнуудын нэг Бирваа гуай ой хүрээгүй байхдаа “гайхамшигт” Гончигийн хүү болон өргөгдсөн юм билээ. Нутаг хошууных нь хүмүүс түүнийг "манай сумынх" гэж өмчлөх их дуртай. Өссөн, төрсөн сумаараа зэрэг овоглон, миний нутаг хэмээн өөриймсдөг байсан тул ингэх нь ч аргагүй.
Энэ өдрүүдэд түүний "Гоёхон чимэг ч юм уу даа", "Зандан шоо", "Дайчин нөхрийн дурсгалд" болон "Баянбулагийнхан", "Хөхөө гэрлэх дөхлөө", "Нийслэл хүү" киноны дуу хэдэнтээ давтагдан дуулагдлаа. 13 жүжиг, 18 хүүхдийн жүжгийн хөгжим болон найрал хөгжимд зориулсан 150 гаруй найруулга, симфони чуулбар, дууль, марш зохиож, гоцлол аяз 30 шахмыг туурвисан түүний уран бүтээл дуусашгүй баялаг. Бүгдийг эгшиглүүлж, тасралтгүй түгээвэл хэдэн сарын ажил болох биз ээ.
Г.Бирваа гуайн мэндэлсний ойг тохиолдуулан Улсын драмын эрдмийн театрт "Харц хатан" жүжгийг тоглосныг уншигчид санаж буй биз ээ.
"Нарны дуулал" уралдааны оролцогчид өнгөтэй байна
"Нарны дуулал" улсын уралдааны мэргэжлийн дуучдын болон ардын авьяастнуудын ангиллын ерөнхий шүүгчээр Зууны манлай дуурийн дуучин, Ардын жүжигчин Х.Уртнасан, шүүгчээр Монголын хөгжмийн зохиолчдын холбооны тэргүүн Х.Алтангэрэл, Гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгс, СУИС-ийн Соёлын сургуулийн багш С.Юндэнбат, Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрын дарга Б.Пүрэвдагва нар шүүсэн юм. Харин хүүхдүүдийн авьяасыг дэнсэлсэн хүмүүс нь Ардын жүжигчин П.Хаянхярваа, Ардын жүжигчин Д.Самбуу, Урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Энхбазар нар байлаа. Багшийнхаа 100 насныг ойг тэмдэглэж байгаа энэ том арга хэмжээнд оролцохгүй бол хүндэтгэл нимгэлнэ хэмээн үзээд 600 гаруй км замыг туулан ирсэн П.Хаянхярваа гуайг хараад эрхгүй бишрэл төрсөн. Багш шавийн барилдлага гэдэг ийм агуу ажээ. Хөлөө арай ядан зөөж байгаа хэрнээ л сэтгэл, зүрх нь хөөрөн баярлаж, чухамдаа энэ дунд заавал өөрөө байх ёстой гэж үзэж, хүрэлцэн ирсэн нь аймаг орон нутгийнханд ч том завшаан болсон биз ээ.
Энэ уралдаанд оролцохоор ДБЭТ-ын гоцлооч Э.Гомбо-Очир, Ч.Энхтайван, ҮДБЭЧ-ын дуучин П.Баярмагнай, "Сүлд" чуулгын дуучин Б.Жавхлантөгс нар ирсэн байв. Мэргэжлийн дуучдын ангилалд төгөлдөр хууртай дуулж өрсөлдсөн тэдний хувьд бусдадаа үлгэр дуурайл болохоор чадварлаг байв. Байнгын бэлтгэлтэй байдаг дуучидтай өөрсдийгөө жишин орон нутгийн дуучид багагүй сандарсан ч авьяас байвал амжилт дагадаг болохоор бүгд л чадвараа харуулж байлаа.
“Хормойгоо чирсэн хочтой
Намайг татах хүчтэй
Хайрыг ундраах шидтэй
Халуун янаг бүсгүй...”
“Баянбулгийн саальчин хүүхнүүд
Бялхсан сүүгээ савланхан байна аа...” гэсэн мөртүүд тоглолтын танхимаас хэдэнтээ сонсогдсон. Г.Бирваа гуайн зохиосон аялгуунууд уртай, чихэнд наалдацтай байдаг болохоор бүгд л танил дотно санагдана.
Намтар баян түүх
Г.Бирваа гуайн амьдрал кино шиг эсвэл адал явдалт зохиол шиг өрнүүн ажээ. Хөгжим урлаг, соёл, нийгмийн салбарт хувь нэмрээ оруулж гавьяа шагнал, ял зэмийн аль алийг нь хүртэж асан энэ хүний сахилын нэр нь Лувсанбазарбирваа. Зургаан жил Ламын гэгээний хүрээ хийдэд шавилан сууж байсан түүнд Жигжид бурхны тарнийн нэрийг оноон өгсөн түүхтэй. 22 настайдаа цэргийн албанд татагдан очсоных дараа “эсэргүү” нэрийг нь эерүүлж Бирваа болгон өөрчилжээ. Багадаа "гайхамшигт" Гончигийн хүү болон өргөгдөж, хийдэд шавилан, хожим нь цэргийн хөгжмийн хүн бол Монголын урлаг, соёлын салбарт тод мөрөө үлдээсэн энэ эрхэм 90 настайдаа намтар түүхээ эмхлэн хоёр боть бүтээл болгосон байдаг. Түүнчлэн 80 настайдаа “Дамдинчойжилын дором” симфони бичиж Төрийн шагнал хүртсэн байна.
1937 онд Халх голын дайнд оролцсон анхны гурван бүрээчний нэг юм. Цэргийн хөгжмийн жирийн бүрээчнээс Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн анхны дарга болтлоо 17 жил ажилласан гээд бичвэл сонирхолтой дурсамж олон бий. Г.Бирваа гуай “Би зарласан, зарлаагүй гурван дайнд орсон хүн” гэж ярьдаг байсан тухай хүү нь дурссан. Эхнийх нь Халх голын дайн, хоёр дахь нь Чөлөөлөх дайн, гурав дахь нь Байтаг богдын хилийн мөргөлдөөн аж. Хамгийн сүүлд тэрбээр хилийн мөргөлдөөний үеэр 2000 км морин цэргийн марш алхаж Хэнтийгээс Ховд хүртэл явсан гэдэг. Тэр үед мөн ард олноо соён гэгээрүүлэх үүргийг тэд давхар хүлээж байсан учраас энэ үйлсээрээ их бахархдаг байжээ.