Үндэсний их баяр наадам болон аливаа онцлох үйл ажиллагааны өмнө эгшиглэдэг “Баярын жавхаа”-г сонсоогүй монгол хүн ховор байх. Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Намсрайжавын зохиосон энэ аялгууг уржигдар Улсын филармонийн симфони найрал хөгжим, “Баянмонгол” чуулга, Морин хуурын чуулга хамтран тоглосноор “New season 2017” тоглолт эхэлсэн юм. Монголын хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг Ц.Намсрайжав агсан энэ бүтээл болон “Халуун элгэн нутаг” дуу, “Говь гурван сайхан” симфони найраглал зохиосны учир 1971 онд Төрийн шагнал хүртсэн байдаг. Эрин зууны өртөөнд бүдгэрч мартагдахгүй чансаатай бүтээлүүд ийнхүү шинэ хөгжмийн тоглолтын хөтөлбөрт багтан үзэгч түмэнд хүрсэн нь энэ.
Ирэх жилийн 60 жилийн ойн баяраа хийх Симфони найрал хөгжим, 25 “нас” хүрэх Морин хуурын чуулга, 45 дахь жилдээ Улсын филармонийн бүрэлдэхүүнд үзэгчидтэйгээ мэндчилж буй “Баянмонгол” чуулгын бүрэлдэхүүн нэлээд залуужсаныг энэ тоглолтоос харж болох байх. Шинэ өнгө аяс, онцолмоор санаачилга нь огт өөр мэдрэмж төрүүлж, залуусын туурвилыг тодруулах аж. Морин хуурын чуулгын дуучин Б.Мөнхбаатар, Б.Номин-Эрдэнэ нарын уртын дууны түрлэг, симфони найрал хөгжмийн уянгалаг аялгуу, “Баянмонгол” жааз чуулгын хөгжилтэй эгшиглэн хоорондоо найрсан зохицож, үзэгчдийн алга ташилтыг “цадтал” хүртсэнийг дуулгая. АНУ-д мэдлэгээ дээшлүүлээд ирсэн морин хуурч Н.Жигжиддоржийн тоглосон “Морин хуур симфони найрал хөгжмийн концерт”, таван ятгачин бүсгүйн амилуулсан “Асури”, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Нямдоржийн удирдан тоглуулсан “Адуучин” ардын дууны найруулга, уртын дуучин Б.Мөнхбаатарын дуулсан “Лоолой” үзэгчдийг жинхэнэ утгаар нь баярлуулж, “хөгжмийн цангааг” нь тайлсан юм. Монголын хөгжмийн урлагийн хамгийн том байгууллагын шинэ улирлын тоглолт ийн эхэллээ. Үргэлжлүүлэн тэд энэ сарын 27-29-нд “Алтан намар” дан хөгжмийн наадмыг хамтран зохион байгуулж, алдарт суут болон залуу хөгжмийн зохиолчдынхоо бүтэн жилийн турш туурвисан сор бүтээлийг хүргэх болно. Түүнчлэн идэр залуусаар бүрэлдэхүүндээ “цус сэлбэсэн” “Баянмонгол” чуулгынхан ирэх сарын 18-нд “City swing” тоглолтоо хүргэх юм.