Монголын урлагийн хамгийн том гурван найрал хөгжмийг нэгтгэсэн Улсын филармонийн шинэ улирлын нээлтийн тоглолт болоход ганцхан хоног үлджээ. Ард түмэндээ хөгжмийн боловсрол олгож, сайхан аялгуугаар сонороо мялаа хэмээн жил бүр 120 гаруй хүн “New season” тоглолтод нэгддэг.
Дэлхийн сонгодгуудаас дээжлэн хүргэх симфони найрал хөгжим, хөнгөн хөгжмийн хэмнэл мэдрүүлэх “Баянмонгол” чуулга, үндэсний урлагийн толь болсон Морин хуурын чуулгын түгээх яруу тансаг аялгууг сонордон, хөгжмийн ертөнцөөр хамтдаа аялахыг хүсвэл аравдугаар сарын 15-ны бямба гаригийн 15.00 цагт Соёлын төв өргөөг зориорой.
Нэгэн жарны өмнө тулгын чулуугаа тавьж, Төрийн шагналт, Ардын жүжигчин Цэгмидийн Намсрайжавын санаачилгаар байгуулагдсан энэ хамт олон 1972 онд Улсын филармони хэмээх алдраа авч, 45 дахь жилдээ үзэгчидтэйгээ мэндчилэх гэж байна.
Анх симфони найрал хөгжимчдөөс бүрдэж байсан мэргэжлийн концертын байгууллагад Ардын дуу бүжгийн чуулгын “Соёл эрдэнэ” хамтлаг, Монголын радио хорооны дэргэдэх “Баянмонгол” чуулгыг нэгтгэн хөгжмийн урлагийн хамгийн том “айл”-ыг бий болгосон түүхтэй. Харин хамгийн отгон гишүүн нь Морин хуурын чуулга бөгөөд 25 жилийн өмнөөс тэдэнтэй мөр зэрэгцэн алхаж буй.
Энэ удаа “New season 2017” тоглолтын хөтөлбөрт Б.Чинбатын “Аравт” киноны хөгжмийг Морин хуурын чуулга, жааз хөгжмийн алдарт зохиолч Армандо Энтони буюу Гориа Чикийн “Испани” бүтээлийг “Баянмонгол” чуулга, Камиль Сенсансын “Danse Macabre” зохиолыг симфони найрал хөгжим тоглохоор багтжээ.
Түүнчлэн Мексикийн алдарт хөгжмийн зохиолч Артур Маркүйзийн “Danzon ¹ 2”-ыг гурван найрал хөгжим хамтран тоглох юм. Хамгийн сонирхолтой нэгэн мэдээг хүргэхэд энэ тоглолтыг эхлүүлэх зохиол нь Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Намсрайжавын “Баярын жавхаа” симфони удиртгал байх аж.
НЭГЭН ЖАРНЫ ТҮҮХТЭЙ СИМФОНИ НАЙРАЛ ХӨГЖИМ
Улсын филармони бол Монголдоо байгаа хамгийн том мэргэжлийн хөгжмийн байгууллага юм.
Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Даваасүрэн
1957 оны зургадугаар сарын 5-нд Соёлын сайдын тушаалаар Улсын радио хорооны дэргэд симфони найрал хөгжим байгуулагдаж, анхны удирдаачаар нь Төрийн шагналт Ц.Намсрайжав, туслах удирдаачаар Г.Бирваа нар ажиллаж эхэлжээ. Кино үйлдвэр, радио, телевиз зэрэг хөгжим эгшиглэх ёстой газар бүртэй л энэ найрал хөгжим хамтран ажиллаж, хөгжимчдийнхөө ур чадварыг дээшлүүлсээр И.Гайдн, В.Моцарт, Л.Бетховен, Ф.Шуберт, Б.Сметан, Ф.Лист, А.Лваржак, М.Равель, Б.Барток нарын дэлхийн шилдэг хөгжмийн зохиолчдын бүтээлийг урын сандаа багтаажээ.
Түүнчлэн Оросын М.Глинк, А.Бородин, Н.Римский-Корсаков, П.И.Чайковский, Д.Кабалевский, С.Прокофьев, Д.Шостакович, Т.Хренников болон Төрийн шагналт Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, С.Гончигсумлаа, Ц.Намсрайжав, Э.Чойдог, Ж.Чулуун, З.Хангал нарын зохиолыг өдий хүртэл тоглож байна.
Энэ найрал хөгжмийн хөгжлийн оргил үе нь 1970-1980 онд тохиосон гэж үздэг. Эдүгээ тус найрал хөгжмийн бүрэлдэхүүн дэлхийн болон Монголын алдартай хөгжмийн зохиолчдын уран бүтээлийг эгшиглүүлж, мэргэжлийн уран бүтээлчдээр багаа бүрдүүлэн ажиллаж байна.
Энэ удаа “New season 2017” тоглолтод П.И.Чайковскийн “Полонез”, З.Хангалын “Морин хуур симфони найрал хөгжимд зориулсан концерт”-ыг тоглох юм.
Түүнчлэн энэ сарын 27-29-нд болох “Алтан намар” наадмын үеэр хөгжмийн зохиолчдын шинэ бүтээлүүдийг эгшиглүүлэн үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байна.
Филармони гэдэг нь хөгжмийн хүрээлэл гэсэн утгатай үг юм.
Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр
МОНГОЛЫН ЖААЗ ХӨГЖМИЙН ХААД
Улсын филармонийн нээлтийн тоглолт бүр нь сайхан. Давтагдахгүй, шинэ бүтээлийг хүргэж чаддаг менежмент сайтай хамт олны нэг хэсэг байснаараа бахархдаг.
Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа
Манай улсад 1940-өөд онд циркийн урлагаар дамжин нэвтэрсэн хөгжмийн төрөл бол жааз. Улмаар нийтийн бүжиг, аливаа тоглолтын хэлбэрээр хөгжиж хүчээ авсан энэ урсгалыг хүмүүст танилцуулж, алдаршуулсан чуулга нь “Баянмонгол”.
1968 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Чимиддоржийн санаачилгаар Мэдээлэл радио, телевизийн улсын хорооны дэргэд цахилгаан хөгжмийн чуулга байгуулж, есөн хөгжимчин Польш руу сургалтад явуулсан нь түүхийн эхлэл байсан юм.
Тэд төгсөж ирээд 1969 оны долдугаар сарын 10-нд анхны тоглотоо хийжээ. 1972 онд Улсын филармони байгуулагдахад ч “Баянмонгол” жааз найрал хөгжимчид анхны бүрэлдэхүүнд багтаж, эгнээнээс нь Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Т.Чимиддорж, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа, Гавьяат жүжигчин Ц.Өлзий-Орших, Х.Төмөрбаатар нарын алдартан төрүүлжээ.
Жааз хөгжимтэй монголчууд хожуу танилцсан хэдий ч манай уран бүтээлчдийн чадвар хоцролгүй явааг 2000 онд ОХУ-д болсон олон улсын хөгжмийн наадмын үеэр баталсан юм.
Тухайн үед “Баянмонгол” чуулгынхан дэд байр эзэлсний зэрэгцээ мөн ондоо 39 оны уран бүтээлчид оролцсон “Хаврын баяр” наадмын тэргүүн шагналыг хүртсэн юм. Эдүгээ “Баянмонгол” чуулгад долоо дахь үеийн залуу хөгжимчид нь “цус сэлбэн” ажиллаж П.Өнөржаргал, Л.Насанбуян, Ц.Хулан, Н.Наранбаатар, Т.Амина, Б.Солонго нарын авьяаслаг дуучид бүрэлдэхүүнд нь багтан уран бүтээлээ туурвиж байна.
Хөгжмийн зохиолчийн хувьд уран бүтээлээ толилуулна, тоглуулна гэдэг том баяр юм. Олон хөгжимчин тоглох тусмаа илүү бадрангуй болно.
Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав
ӨВ СОЁЛЫН ТОЛЬ МОРИН ХУУРЫН ЧУУЛГА
Урлаг нийгмийнхээ түүчээ нь байх ёстой. Тэр утгаараа шинэ цагийн хөгжмийг тодорхойлох бүтээлүүдийг бид хүргэнэ
Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач Д.Түвшинсайхан
Монгол Улсын Морин хуурын чуулгыг Ардын жүжигчин Ц.Батчулуун агсан санаачлан байгуулж, шавь нарынхаа хамт уйгагүй хичээг зүтгэж алдаршуулсан гэдгийг уншигчид мэдэх биз ээ. Монгол Улсын Ерөнхийлөгч морин хуураа дээдлэх зарлиг гаргаж, тус чуулга байгуулагдсан нь 1992 он.
Дэлхийд алдартай олон тайзнаа хуурын аялгуугаа түгээсэн энэ чуулгын 25 жилийн ой шинэ улирлын тоглолттой зэрэгцэж байна. Хайрыг хуураар уянгалуулж, ардын дуугаа шинэчлэн найруулж, шинэ хөгжмийн цуурайг түгээдэг нь энэ хамт олны онцлог.
Үргэлж шинэлэг, сонирхолтой тоглолтоор гэнэтийн бэлэг барьж чаддаг учраас Морин хуурын чуулга ийн алдаршсан юм. Залуу хөгжимчид нь өөрийгөө хөгжүүлж, ур чадвараа дээшлүүлэхээс гадна маркетинг, менежментээ бие даан хийж, тоглолтоо олны хүртээл болгодог давуу талтай.
Саяхан тэд Макаод олон улсын найрал хөгжимчидтэй мөр зэрэгцэн олон улсын хөгжмийн наадамд оролцоод ирсэн бол “New season 2017” тоглолтынхоо дараа Япон орноор аялан тоглох юм билээ.
Гурван том найрал хөгжим нэг уран бүтээлийг хамтран тоглоно гэдэг их ухаан шаардсан ажил. Хөгжмийн найруулга нь маш сайн болсон нь энэ удирдаач нар авьяастайнх юм.
Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Мөнхболд
Улсын филармонийн Симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга, “Баянмонгол” жааз найрал хөгжимчид хамтран маргааш 15.00 цагт үзэгчдэдээ шинэ хөгжим сонсгохын зэрэгцээ, танил дотно аялгуунуудыг тань шинэ найруулгатайгаар хүргэх болно. Энэ он дуустал тэд нийгмийн оюун санааг манлайлж, “Дэлхийн хөгжим” төслөөр дамжуулан иргэдийнхээ хөгжмийн боловсролд хувь нэмэр оруулах юм билээ. “Алтан намар” хөгжмийн наадам, “City swing”, “Movie swing” жааз тоглолт, Л.Гайдны 94 дүгээр симфони буюу “Сюрприз”, БНСУ-ын удирдаачтай хамтарсан сонгодог хөгжмийн болон шинэ жилийн баярт зориулсан “Snow melody” тоглолтыг өргөн барих аж.
Өнгөрсөн тоглолтын улиралд тэд Монголын үе үеийн хөгжмийн зохиолчдын дан хөгжмийн болон дууны уран бүтээлийн таван удаагийн тоглолтыг “Монгол уран бүтээл” төслийн хүрээнд хийж, телевизийн эфирээр шууд нэвтрүүлж, танхимдаа 650 гаруй хүнд үйлчилсэн байна. Түүнчлэн энэ удаа ч бас “Юнител”-ийн хэрэглэгчид 100 GG оноогоор тасалбараа 5000 төгрөгөөр хямдруулан авч болохоос гадна “New season 2017” тоглолтыг “Юнивишн”-ий 88, “Ddish” телевизийн 900 дугаар сувгаар шууд дамжуулан үзүүлэх юм.
Хөгжмөөр таныг хүмүүжүүлж, гэгээн бүхнийг бэлэглэж, нийгмийн оюун санааг манлайлна.
Улсын филармони