“Хар багаасаа л оюуны хөдөлмөр эрхэлсэн учраас миний ой ухаан их сэргэг, залуугийнхаараа байгаа гэж боддог” хэмээсэн С.Лочин гуай өдгөө 78 настай, хөл муутай ч Кино урлагийн дээд сургуульд багшилж буй. Хальтхан харахад Санжийн Пүрэв гуайг санагдуулам төрхтэй тэрбээр түүнтэй Говь-Алтайд нэг ангид сурч байжээ.
Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Л.Түдэв гуай дунд сургуулийнх нь багш байсан нь ч тэднийг зохиолч болоход нөлөөлсөн гэдэг. Зохиолч, сэтгүүлч, судлаач, орчуулагч гэсэн дөрвөн морьтой, Д.Нацагдорж судлалын гол төлөөлөгч, Соёлын гавьяат зүтгэлтэн энэ эрхэмтэй ярилцсанаа хүргэе.
-УДЭТ-ынхан ирэх сард Д.Нацагдоржийн тухай жүжиг тавих гэж буй. Энэ хүрээнд жүжгийн зохиолын уралдаан зарлахад нь та Д.Нацагдорж судлаач, зохиолч хүний хувьд оролцсон уу?
-Уралдаан зарласныг мэдээгүй өнгөрсөн. Гэхдээ энэ жүжгийн зөвлөхөөр ажиллахаар болж, саяхан найруулагч, жүжигчидтэй нь уулзан, Д.Нацагдоржийн талаар ярьж өгсөн. Ш.Гүрбазар аятайхан зохиол бичсэн байна лээ.
Д.Нацагдоржийн “Их авхай” жүжгээс өөрийг УДЭТ-т тавьж байгаагүй учраас нэрэмжит театрынх нь хувьд түүний тухай жүжиг урын сандаа оруулах нь их зүйтэй. Би нэг хүний захиалгаар түүний талаар кино зохиол бичиж өгсөн. Мэндэлснийх нь 110 жилийн ойгоос өмнө гаргана гэсэн ч сураг чимээгүй байна.
-Та түүний тухай зохиол олныг бичсэн үү?
-Би 1981 оноос Д.Нацагдоржийг судалж, дэд эрдэмтэн цол хамгаалсныхаа дараа 1984 онд “Сарны гэрэл” эсээ роман хэвлүүлсэн. Баабарын гаргаж буй “Түүхэн эрхмүүдийн цадиг” цувралын хүрээнд би Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн нарын талаар бичсэн. Өдгөө Жамсрангийн Цэвээний тухай бичээд дуусаж байна.
Манайхан буриад Цэвээн гээд нэг их тоодоггүй ч Монгол Улсын иргэн, МАХН-ыг байгуулалцсан гэж болохоор, эрдэмтэй хүн шүү дээ. 1930-аад онд Орост хилс хэргээр алагдахдаа байцаагчид “Би буриад гаралтай, Монгол Улсын иргэн” гэж хариулсан байдаг.
Жавгарал гуайг өвс хадах морин станцын сэдвээрээ 1945 онд зэрэг хамгаалсан, анхны монгол эрдэмтэн гэж үздэг ч 1932 онд Зөвлөлтийн ШУА-иас Ж.Цэвээний бүтээлүүдийг үнэлж, ШУ-ы докторын зэрэг олгож, 1936 онд сурвалжлагч гишүүн болгосон. Б.Ринчен, Ц.Дамдинсүрэнгээс эхлээд манай бүх том эрдэмтэн түүнийг багш гэж хүндэлдэг. МАХН-ын анхдугаар их хуралд гэргий Бадамжавтайгаа төлөөлөгчөөр оролцож байсан юм билээ.
-Тэгвэл түүний тухай зохиол бичих бодол төрсөн үү?
-Үгүй ээ. Нас өндөр болсон тул төлөвлөсөн гол зүйлүүдээ хийж амжих хэрэгтэй байна. XIII-XX зууны Монголын утга зохиол, дурсгалт бичгийн гол баатрын дүрийн хувьсал буюу Чингис хааны тухай 320 хуудас ном бичээд бараг дууслаа. Түүний талаар “Монголын нууц товчоо”, “Эрдэнийн эрхи”, “Шар тууж”-аас эхлээд өнөө шивэгчин Патимагийнх нь тухай хүртэл бичжээ.
Энэ 800 жилийн хугацаанд Чингис хааны дүрийг хэрхэн дүрсэлж, өнөө цагт холион бантанг нь яаж хутгаж байгааг хүртэл бичсэн. Сонирхуулахад, шинэ цагийн Монголын анхны зохиол бол Д.Нацагдоржийн бичиж, 1922 онд тоглуулсан “Чингис хааны явдлаас” нэртэй жүжиг.
Мөн оны арванхоёрдугаар сард Д.Нацагдоржийг сайхан жүжиг бичсэн тул 50 лан мөнгөөр шагнасан тухай баримт бий. Яг ямар нэртэй жүжиг гэдэг нь тодорхойгүй байсан ч манай түүхчид архивын материал судалж “Чингис хааны явдлаас” жүжиг гэдгийг тогтоосон.
-Та яагаад түүнийг судлахаар болсон юм бэ. Хэрвээ тэр урт насалсан бол юу хийж бүтээх байсан тухай бодож байв уу?
-1973 онд “Учиртай гурван толгой” жүжгийг унштал их зохиолч бичсэн гэхэд замбараагүй, утгагүй зүйлс ажиглагдаж, гайхширсан. Тухайлбал, “Тайзны голд буй чулууг Юндэн налан сууж, Нансалмаа хажуулж, баруун гараараа зүүнээ, зүүн гараараа баруунаа барилцаж, их янаг байдалтай байна” гэж бичсэн байх юм.
Нансалмаа тэр дор хэвтчихээд гараа атгалцаж, янаг байдалтай сууна гэхээр нэг л ойлгомжгүй. Цааш уншихад энэ мэт ойлгомжгүй зүйл их гарсан тул Хэл зохиолын хүрээлэнд очиж гар бичмэлтэй нь тулгаж үзсэн юм. Тэгтэл “Нансалмаа налан хажуулж” гэж бичсэнийг үг хаяад хэвлүүлчихсэн байна лээ.
Угаасаа түүнд цааш амьдрах нөхцөл байгаагүй л дээ. 1932, 1936 онд шоронд ороод, гарахад нь албан тушаал, цалинг нь бууруулж, мөнгөн торгууль ногдуулсан. Пагмадулам охиныг нь авч явснаас хойш Норжмаа зэрэг хэд хэдэн бүсгүйтэй нийлсэн ч хань болчихоор хүн таараагүй. Архинд ч жаахан орсон. 1935-1936 онд шүлэг орчуулга зэрэг жаал зугаа юм бичсэнийг эс тооцвол хийсэн зүйл багатай.
Ер нь 1932-1934 онд хамаг гол бүтээлээ бичсэн. Ухаантай хүн учир шинээр эрч хүч авч, хийж бүтээж чадах л байсан биз. Даанч түүн шиг сод хүн тухайн үеийн Монголд цааш амьдрах нөхцөл байгаагүй. Ямар нэг байдлаар заавал үхэх байсан гэж бодож байна. Түүнд атаархагч, гүтгэгч олон байсан. Ямар сайндаа хамт Германд сурч байсан нөхөр нь Шинэ жил тэмдэглэхэд нь зураг дараад Дотоод явдлын яаманд илгээж байх вэ дээ.
-Үзэж туулсан амьдрал, сонин сайхан хувь тохиол сайн зохиолч болоход хэр нөлөөлдөг бол?
-Нарийн яривал ямар ч хүний амьдралын алхам тутамд адал явдал тохиолддог. Гол нь зохиолч түүнийг мэдэрч байх ёстой. Сайн ном уншихад амьдралыг гүнзгий таньж, аяндаа сэтгэлгээ тэлдэг.
Баатруудын сэтгэл зүрхийг ойлгож уншаад байвал зохиолчийн тархи, сэтгэлгээ тэр хэмжээгээр хөгжиж, сонин сонин зохиол бичихэд нөлөөлнө. Би баатраа ямар замаар явуулахаа олон хувилбараар боддог байсан. Тэгтэл өтлөөд ирэхээр хүний хэлснийг хүртэл янз бүрээр тайлж эргэцүүлдэг, нэг үгээр бол муу санаатай болчихдог юм уу даа.
-Бүтээлдээ өөрийнхөө талаар өгүүлээгүй байсан ч уншигчид зохиолч ингэдэг, тэгж боддог юм байна гэж сэтгэх нь бий. Энэ нь өөрийнхөөрөө туурвихад чөдөр болж байв уу?
-Баатрын хувь заяаг хөтлөхдөө зохионо л доо. Гэхдээ цаана нь зохиолчийн хувийн туршлага, үзэл бодол ямар нэг хэмжээгээр шингэдэг. Сайн, муу ямар ч баатарт зохиолч хүн үзэл баримтлал, таашаал, эгдүүцэл бүгдээ оруулдаг. Хийсвэр, пост модернист зохиол ч гэсэн бодит үндэстэй. Оргүй хоосноос бий болсон дүр гэж байхгүй.
-Бичих явцад зохиол, дүр танд захирагдахаа болих тохиолдол бий юү?
-Би захираад л явчихдаг. Ер нь бодож төлөвлөснөөс өөрөөр эргэсэн дүр байхгүй. Дүрийн хувь заяа өөрчлөгдөх тохиолдол байдаг ч зохиолын ерөнхий бүтцэд нэг их нөлөөлдөггүй. Зохиол эхлэхээс төгсгөлийн өгүүлбэрийг хүртэл тархиндаа бичдэг учир цаасан дээр буухдаа их хурдан.
Би “Үргэлжлэлтэй долоон өдөр” романаа 12 өдрийн дотор бичиж байсан. Урьд нь тархиндаа сайн боловсруулчихвал баллаж сохлох нь бага. Үүнийг би Түдэв багшаасаа сурсан.
-Ажиглах нь ээ зохиолчдын амьдралын үнэн мөнийг таньсан үедээ бичсэн зохиолоос илүү залуудаа туурвисан нь амжилт олдог юм шиг ээ. Энэ ямар учиртай юм бол?
-Туршлага суусан үед юмыг олон талаас нь нягталж, сайхан зохиол бичдэг л дээ. Гэхдээ галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй үедээ цэвэр ариун онгодоор хөглөгдөж бичсэн зохиол заавал сайн болдог гэж би боддог. Амьдралын туршлагатай болсноор муу санаа суудаг. Аливаа юмнаас хулчийж, ая тал засаж, болгоомжилж бичвэл зохиол үлбэгэр болно.
-Түймрээс нэг бүтээлээ аврах хэрэг гарвал алийг нь сонгох вэ?
Манайхан улс төрийн сэдвээр бичсэн “Сүйрэл”-ийг маань их муу зохиол, мэдэхгүй
юмаа бичлээ гэж их шүүмжилдэг л юм. Гэхдээ зохиолчид өөрийн үзсэн юмыг бичих нь 100-гаас 20 хувь. Язгууртан зохиолч ч ядуус, янхнуудын амьдралыг бичиж л байсан шүү дээ. Яг үзэж туулснаа, мэддэгээ бичнэ гэвэл хүний амьдрал маш хязгаарлагдмал хүрээнд багтдаг.
Үзээгүй юмыг бичихдээ үзэл бодлоо шингээж, уран сайхнаар “буйлж” чаддаг байх ёстой. Ер нь зохиолч гэдэг үнэндээ хүн үнэмштэл худал хэлж чаддаг хүмүүс шүү дээ.
-Өөрийгөө давтахаас яаж сэргийлдэг вэ?
-Би аль эртнээс өөрийгөө давтахгүйг хичээж ирсэн. Зохиол бүрээ өөрөөр зохиомжилдог. Ингэснээр өөрийгөө давтахаас сэргийлж чаддаг. Хоёрдугаарт, олон талын мэдлэгтэй болох тусам давтах шаардлага гардаггүй. Өмнөх зохиолуудаараа хэлж амжаагүйгээ дараагийнхдаа бичдэг учраас мэдлэг сайтай хүн өөрийгөө давтахаас зугтаж чаддаг.
Явцуу сэтгэлгээтэй бол аргамжаатай морь л гэсэн үг. Би өөрийнхөө зохиолыг эргэж унших сонирхолгүй. Хэлэх гэснээ хэлсэн бол дараагийнхаа юмыг бодох хэрэгтэй. Нэгэнт хэвлүүлчихвэл олон түмний өмч болдог.
-“Эргэж бодох бодол”-оос өөр зохиол тань кино болж байв уу?
-Кино гэдэг найруулагч, жүжигчид зэрэг олон хүнээс хамаардаг. Тийм дээ ч миний юмыг минийх биш болгочихдог учраас кино зохиол бичих дургүй. Би өөрөө бие даасан зохиолч байхыг хүсдэг.
-Та “Хааны сүүлчийн хатан” кинонд оролцон тоглож байсан бил үү?
-Санаандгүй явдал болсон юм. Кино багийнхныг эргэж очтол “Та улаач болж тоглооч” гэсэн.